| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00504/И |
| Дугаар | 130/ШШ2016/00544 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00544
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, С овогт Бы Аы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Б.Аыг томилох тухай" Б/354 тоот захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р бага сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй тогтвортой сайн ажиллаж ирсэн билээ. Тэрээр 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогчид гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Ажлаас түр чөлөөлөх тухай" тухай Б/277 тоот захирамжаар үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаартай захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гнь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжаар намайг урдах ажилд эгүүлэн томилсон Б/387 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосон тул уг Б/440 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд;
1. Аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно." Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт "... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй," гэж тодорхой заасан байх бөгөөд миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" 60 дугаар тогтоолд зааснаар төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуулийн дагуу томилогдон ажиллаж байна. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн намайг ажилд эгүүлэн томилсон Б/387 дугаартай захирамжийг хүчин болгосон аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж нь хуульд нийцээгүй байна.
2. Аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан байна. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино." гэж заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг даргад намайг тус сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг үндэслэн түр чөлөөлснөөр миний бие нэр дэвшүүлэгчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүнд гаргах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу хэвээр хадгалагдсан ба сонгуулийн үр дүн гарсны дараа ажил олгогч намайг урьдах ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно." 37.1.4 "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж тус тус хуульчилж өгсөн байна. Гэтэл Аймгийн Засаг даргын "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар байгууллага хэзээ, хэрхэн шаардлага хүргүүлсэн нь тодорхой бус байна. Мөн сургуулийн захирлаар ажиллаж байгаа Б.А би тухайн үед гадаадад томилолтоор ажиллаж байгаа боловч үүнийг харгалзан үзээгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг ноцтой зөрчиж илт хууль бус захирамж гаргасан байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжийн "аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын 1-р бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч Б.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжийг эс зөвшөөрч байгаа үндэслэлийг тодорхой зааж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Түүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бичгээр тайлбар гаргаж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн. Эдгээр нэхэмжлэл, тайлбаруудад нэмж дараах тайлбарыг хэлэхийг хүсэж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б.Аыг ажлаас түр чөлөөлөх тухай Б/277 дугаартай захирамжийг судлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайн захирамж нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримтлан Б.Аыг ажлаас чөлөөлснөөр түүний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар захиргааны чөлөөтэй гэх үндэслэлээр хэвээр хадгалагдсан гэж үзэж байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтныг эргээд ажилд авах нь ажил олгогчийн үүрэг тул сонгуулийн дүн гарсны дараа Б.Аыг урьдах ажилд эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын Б/387 дугаартай захирамж нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт Б.Аыг Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилсон аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/254 дүгээр захирамжийг хүчингүй болгосон эсвэл түүнийг ажил, албан тушаалаас бүр мөсөн чөлөөлсөн эрх зүйн акт гараагүй. Уг захирамж нь одоо хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс иргэд сонгуульд нэр дэвшсэн бол ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөж дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдугаарт аймгийн Засаг дарга Б.Аыг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, уг ажиллагаанд оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, шийдвэр гаргах зэрэг ажиллагаануудыг явуулалгүйгээр захирамж гаргаж хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчхөөс гадна Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Мөн Б.Аыг ажлаас чөлөөлсөн Б/387 дугаартай захирамжийг аймгийн Засаг дарга хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгосон мөртлөө хүчингүй болгосон үндэслэлийн талаар ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжаар нэр бүхий захирлуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх үед Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А нь ажил олгогчийн зөвшөөрлөөр гадаадад ажиллаж байсан. Мөн адилхан энэ тохиолдолд түүний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар хэвээр хадгалагдана. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан байхад аймгийн Засаг дарга уг заалтыг ноцтой зөрчиж ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аы нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.А нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. Б.А нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба сонгуульд нэр дэвшсэн бол ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх"-гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан. Б.Аыг захирлын ажилдаа эгүүлэн томилоход хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Аыг томилсон Засаг даргын Б/440 тоот захирамжаар хүчингүй болгохдоо Сонгуулийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг баримталсан. Энэ хүнийг ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлж эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт бол хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн заалт байгаа. Энэ хүнийг ажлаас чөлөөлсөн эрхийн актыг Сонгуулийн хорооноос шаардсан учраас ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө түр, бүр гэсэн үндэслэлийг заагаагүй. Тийм учраас бүр мөсөн чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлийг зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгуульд нэр дэвшсэн учраас ажлаас нь түр чөлөөлнө гэж заасан учраас миний эрх ашгийг хөндсөн байна гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т сонгуульд нэр дэвшсэн бол ажил үүргээ гүйцэтгэхгүй, чөлөөлөгдөн гэсэн заалттай. Мөн тайлбартаа Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь заалтыг тусгасан байсан. Энэ заалт бол дэд, захирал, захирлын эрх ашгийг хамгаалсан заалт биш. Багш, ажилчдын эрхийг хамгаалсан заалт гэж үзэж байгаа. Мөн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх үед гадаадад томилолтоор явсан байсан гэсэн томилолтын хуудсыг нотлох баримтаар өгсөн. Энэ томилолтон дээр тухайн үеийн Засаг дарга Х.Д даргын гарын үсэг зурсан. Гэхдээ томилолтоор ажиллах хугацаанд хаана, ямар газар, хэдэн хоногийн хугацаагаар ажилласан гэдэг нь тодорхойгүй байна. Ажилласан хугацаанд гүйцэтгэсэн ажлыг удирдамжин дээр тодорхой зааж өгөөд томилолтон дээр тусгах ёстой. Тэр нь байхгүй учраас энэ томилолтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар миний ажлын байр хэвээр хадгалагдах ёстой гэсэн. Үүнийг захиргааны санаачилгаар Б.А чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Нэгэнт сонгуульд нэр дэвшсэн учраас ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөж дахиж эргэж орохдоо Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар сонгон шалгаруулалтад орж тэрүүгээр эргээд ажилд томилогдох ёстой гэдэг үндэслэлээр хууль бус акт гэж үзэж захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Б.Аыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/354 дугаар захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилж, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Улмаар нэхэмжлэгч Б.А нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалыг хааж байгаад 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралтын 11 дүгээрт Б.Аы нэр бүртгэгдсэн зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/277 дугаар захирамжаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.А нь Орон нутгийн иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан мөн өдрөөс эхлэн захирлын албан тушаал, үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн ба уг захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь дээрх 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/277 дугаар захирамж гаргахдаа Б.Аы хүсэлтийн буюу зөвшөөрлийн дагуу гаргасан байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуульд ажилтанд түр чөлөө олгох тухай заалт огт байхгүй бөгөөд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан байхад хэдий хугацааны чөлөө олгосон эсэх нь тодорхой бус байна.
Ажил олгогч ажилтны аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болж ажлаас чөлөөлөх тухай гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх ба баримталсан хуулийн зохицуулалт нь тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д ... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар нэрлэн заасан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, ... ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар хуульчилсан байна.
Гэтэл ажил олгогч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Аыг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахгүйгээр ажил олгогч эрх мэдлээ хэтрүүлж түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримтлан түр чөлөө олгосон нь хууль зөрчиж гаргасан эрхийн акт байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар тодорхой заасан байх бөгөөд үүнд сонгуульд нэр дэвшүүлсэн тохиолдол урьд эрхэлж байсан албан тушаал нь хэвээр хадгалахаар хуульчлаагүй буюу заагаагүй байна.
Ажил олгогч аймгийн Засаг дарга нь Б.Ад Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зүйл ангийг зөрчиж түр чөлөө олгосон нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарах ба мөн хуулийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ерөнхий боловсролын сургуулийн захирал хамаарахаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Б.Атай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.5-д түүний цалинг ТҮБД-7-ийн 4-р шатлалд хамаарна гэжээ.
Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан байх тул Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан нь хөдөлмөрийн харилцаагаар зохицуулах албан тушаалд хамаарахгүй заалт юм.
Нэхэмжлэгч Б.А нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болоход ажил олгогч нь ажилтны хүсэлтийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас нь чөлөөлөх ёстой байтал түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу чөлөө олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэв нэхэмжлэгч Б.А нь тухайн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд эргэж томилогдон ажиллахыг хүсвэл Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу томилогдохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б.Аыг ажилд эгүүлэн томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бы Аы Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийн хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ