| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2023/05877/И |
| Дугаар | 210/МА2025/01746 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01746
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* би "*******" ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******** дугаартай "Орон сууцны барилга захиалан бариулах тухай" гэрээ байгуулсан. Гэрээгээр тус орон сууцны хотхоны ******* тоот хаягт байрлах 81,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэг м.кв талбайг 3,800,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 310,574,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу "*******" ХХК-ийн нэр дээрх Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
1.2.Дээрх гэрээний 4.8-д "Барилгын ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, худалдан авагчийн өмчлөлд холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгнө" гэж, 5.1-д "Гэрээний төлбөр тооцоо бүрэн дууссанаар орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлнэ" гэж заасан хэдий ч "*******” ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөлгүй, дээрх заалтыг зөрчсөөр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, "Глобал резиденс" орон сууцны *******тоот хаягт байрлах 81,73 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд ******* тус орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү орон сууцны хотхон бүхий барилгыг барих төслийг манай компани "*******” ХХК-тай байгуулсан "Хөрөнгө оруулж хамтран ажиллах" гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлэн, орон сууцыг ашиглалтад оруулсан. Улмаар уг орон сууцны төслийн холбогдох бүхий л баримт бичгүүд буюу зөвшөөрлүүд нь "*******” ХХК-ийн нэр дээр гарсан. Тус компанитай холбоотой маргаантай асуудлууд байгаа тул нэхэмжлэгчийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1.“*******" ХХК нь “*******” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. "*******” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, биелүүлээгүй тул Швейцарын Танхимын дэргэдэх Арбитрын байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн. Тус арбитрын шийдвэрийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* байр улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээнүүдийн хууль ёсны өмчлөгчөөр "*******" ХХК бүртгэгдсэн, бидний хууль ёсны өмч юм.
Гэтэл "*******" ХХК-ийн захирал Э.Батзаяа тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “*******” ХХК-аар бусдад худалдан борлуулж “*******” ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхэнд халдаж ноцтой хохирол учруулж хууль бусаар эзэмшиж байгаа болно. Мөн гэрээ байгуулахаас өмнө энэхүү эрх “*******” ХХК-д байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг энэхүү хэргийн хариуцагч этгээд болох “*******" ХХК худалдан борлуулах эрхгүй. “*******" ХХК нь өөрт байхгүй хөрөнгийг худалдан борлуулахаар гэрээ хийж иргэдээс мөнгөн хөрөнгө хүлээн авч буй нь хууль бус юм.
3.2."*******" ХХК хууль бусаар эзэмшиж байгаа тул "Бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа болно. Мөн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулахаар гэрээний үндсэн дээр хамтран ажилласан “*******” ХХК-ийн зүгээс манай компанийн нэр дээр бүртгэлтэй дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тус шүүхийн 128/Ш32025/1839 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШТ2025/0381 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, “*******" ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчийн эзэн хэн болохыг иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Раднаа овогтой Ариунбилэгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Глобал резиденс хотхоны ****** тоот хаягт байрлах, 81.73 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч “*******” ХХК /РД: ******/-д даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2023.11.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнг /1,710,820+70,200/ улсын орлогод хэвээр үлдээж, 1,710,820 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг орон сууцны барилгыг хэсэгчлэн бусдад худалдахаар иргэдээс захиалга авч гэрээ байгуулах, худалдан борлуулах эрх бүхий өмчлөгч этгээд нь энэхүү хэргийн хариуцагч этгээд бус хэргийн гуравдагч этгээд болох "*******" ХХК юм. Энэ талаарх холбогдох баримт буюу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан шаардлага хангасан байдлаар нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн болно.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгч *******ийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. "*******" ХХК нь өөрийн өмчлөлд бус өөрт байхгүй хөрөнгийг худалдан борлуулахаар гэрээ байгуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, улмаар мөнгөн хөрөнгө хүлээн авч буй хууль бус үйлдлийг шүүхээс зөвтгөсөнд харамсаж байна. Мөн шүүхээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг шууд хэрэглэсэн нь буруу юм. Учир нь шүүхээс нэхэмжлэгч ******* тухайн орон сууцыг худалдан борлуулж буй "*******" ХХК-д өмчлөх эрх байхгүй болохыг мэдэх боломжгүй байсан гэж хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт өгсөн.
5.2.Нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Учир нь: "*******" ХХК-ийн хууль ёсны өмчлөлд тус маргаан бүхий орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлийн ******, ******* дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаар холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн байтал шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.
Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг “*******” ХХК, “*******” ХХК нар нь хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд уг асуудлаар анхан шатны шүүхэд “хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа нь нотлох баримтаар авагдсан байтал анхан шатны шүүхээс үнэлээгүй орхигдуулсан байна.
5.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг ноцтой зөрчсөн. Хэргийн шүүх хуралдаан 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 минутад эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч тал, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. Үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийг буцаалгах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хангахгүй орхиж улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Мөн нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан талууд асуулт байгаа эсэхийг шүүх тодруулж дараа нь шүүгч хэргийн оролцогч нараас асуулт асууж хариулт авсан байдаг. Дараа нь шууд шүүх хуралдааныг завсарлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь хэргийн оролцогч нар шүүх хуралдааны төгсгөлд тайлбар хэлэх, өмгөөлөгч нар хууль зүйн дүгнэлтээ танилцуулах үе шатыг бүхэлд нь орхигдуулах байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Гуравдагч этгээдийн зүгээс өөрт байхгүй хөрөнгийг бусдад худалдан борлуулсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан. Тухайн үед “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эзэмших эрхийг тодорхойлсон баримт байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “*******” ХХК-д байсан учраас өөрт байхгүй хөрөнгийг худалдан борлуулсан гэх агуулга яригдахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-тай байгуулсан гэрээ нь орон сууц захиалан бариулах гэрээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. “*******” ХХК болон “*******” ХХК нар хоорондоо ямар бизнесийн үйл ажиллагаатай талаар нэхэмжлэгчийн хувьд мэдэх боломжгүй.
6.2.Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ “*******” ХХК-д байсан. Гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байсан. Гэхдээ тухайн шүүхийн шийдвэр нь өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл байгаагүй. Бүрдүүлбэр дутуу гэх агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулсан. Тухайн шийдвэрт “*******” ХХК давж заалдах гомдол гаргаагүй. Өмчлөх эрхийн 2 гэрчилгээний талаар тайлбарласан. Арбитрын шийдвэрээр өмчлөлтэй холбоотой маргааныг огт шийдвэрлээгүй. Төслийг хамтран дуусгах шийдвэр гарсан. Гүйцэтгэх хуудасны дагуу 2 гэрчилгээг авсан гэж тайлбарладаг. Гэтэл “*******” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон. Арбитрын шүүхийн шийдвэр Монгол Улсад биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон.
6.3.“*******” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд. Төсөл хэрэгжиж байгаа бүс нутаг нь Зайсан буюу төрийн тусгай хамгаалалттай газар нутаг. Арбитрын шийдвэрээр гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа эрхлэхийг даалгасан. Арбитрын шийдвэр нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн буюу тусгай хамгаалалтын газар нутагт үйл ажиллагаа явуулахыг даалгаж байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Дахин нэг гүйцэтгэх хуудас бичигдсэн. Тухайн гүйцэтгэх хуудас нь барилгатай холбоогүй. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг бус хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Иргэний хэргийн шүүхээр өмчлөлтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх ёстой гэх агуулгаар шийдвэрлэсэн байдаг гэжээ.
7.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул гомдол гаргаагүй. 2022 онд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. 2020-2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК бүртгэлтэй байсан. Хариуцагч компанийн зүгээс “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцыг худалдан борлуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ГР-А-108 дугаартай орон сууцны барилга захиалан бариулах тухай гэрээний дагуу Глобал резиденс хотхоны ****** тоот хаягт байрлах 81.73 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргаж өгөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1.Хэргийн 4-6 дугаар талд маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Глобал резиденс хотхоны ******* тоот хаягт байрлах, 81.73 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг захиалан бариулах тухай *******, “*******” ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ авагдсан. /хх 4-5/
3.2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 12.838 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байрлах 12Б тоот 4624 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр тус тус “*******” ХХК бүртгэгдэж, түүнд 2023 оны 8 дугаар сарын 09, 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. /хх 44, 45/
4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
4.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хариуцагчтай орон сууц захиалгын гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн гэж тодорхойлсон, хариуцагч талаас: “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр талуудын маргааны зүйл болсон орон сууц захиалгын гэрээг байгуулсан, гэрээний дагуу орон сууцыг худалдан борлуулах эрхтэй, нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн гэж, харин гуравдагч этгээдийн зүгээс: үл хөдлөх эд хөрөнгө “*******” ХХК-ийн хөрөнгө биш тул бусдад худалдан борлуулах эрхгүй байсан гэж маргасан байна.
4.2.Хэрэгт нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулагдах үед маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байсан, хариуцагч хуулийн этгээд ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй болсон зэргээр талуудын тайлбарыг дэмжих баримтууд авагдаагүй байх тул энэ талаарх үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, хариуцагч “*******” ХХК-ийг хөрөнгийг бусдад худалдан борлуулах эрхтэй эсэхэд маргаж байгаа тохиолдолд “*******” ХХК болоод “*******” ХХК-тай ямар гэрээ хэлцэл байгуулсан, хөрөнгийг худалдан борлуулах эрхийг хэрхэн олгосон, мөн өмчлөх эрх хэрхэн шилжсэн зэрэг нь шүүхээс дүгнэвэл зохих үйл баримтад хамаарч байна.
Мөн анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзэн, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Үүний зэрэгцээ хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт “*******” ХХК-ийн эрх, үүргийн талаар дурдагдаж байх боловч уг этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйг шүүх анхаараагүй, талуудаас тодруулаагүй байна.
Дээр дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,781,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
О.ОДГЭРЭЛ