Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 984

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, иргэдийн төлөөлөгч С.Оюунцэцэг, улсын яллагч Ж.Отгончимэг, хохирогч Т.Б шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00447 0353 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овогт Б-ын Ш, Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ***тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжны 847 тоот гэртээ 2019 оны 01 дүгээр сард иргэн Т.Б-ыг “согтуу орж ирээд агсам тавьж орон дээр унтлаа” гэх шалтгаанаар түүнийг алхаар толгойн тус газар нь цохиж хүнд хохирол санаатай учруулсан буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Бэсүд овогт Б-ын Ш нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжны 847 тоот гэртээ 2019 оны 01 дүгээр сард хохирогч Т.Б-ыг “согтуу орж ирээд агсам тавьж орон дээр унтлаа” гэсэн шалтгаанаар толгой руу нь барилгын резин алхаар цохиж, түүний бие махбодод “...гавлын орой суурь ясны хугарал, зүүн чамархай, дух, дагз хэсгийн хатуу хальс дээрх цус хуралт, тархи дарагдал, аалзан хальс доорх цус хуралт, баруун сарвуу ядам хурууны далд хугарал, тархи доргилт, зүүн зулай, чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, эрүү, зүүн чихэнд шарх, зулгаралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Б нь үүрээр, унтаж байхад манай гэрт согтуу орж ирсэн. Намайг орондоо хэвтэж байхад миний нүүр ам руу цохиж хамар гэмтээсэн. Би нүүр гараа цэвэрлэх хооронд миний оронд ороод хэвтсэн. Би тухайн үед уурласандаа зуухны ард байсан, маш янзалж байсан резин алхаар цохисон...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Т.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би хааяа Ш ахын гэрт хоночихдог юм. Тухайн үед өвөл байсан болохоор гэр хүйтэн байсан. Хэрэг болдог өдрийн орой 10 жилийн найзтайгаа 1 шил архи уусан, халамцуу байсан. Би Ш ахын гэр рүү нь яваад ороход Ш ах орондоо хэвтэж байсан. Ш ах босож ирээд нэг зүйлээс болж маргалдсан. Удалгүй “за за ахын дүү унт унт” гэж хэлэхээр нь би  надад засаж өгсөн оронд дээр хэвтсэн. Ш ах нэг босоод, нэг хэвтээд байсан. Би тэр хооронд унтчихсан байсан. Тэгсэн чинь хажуу тал руу түс гээд л явчихсан. Босож ирэхийн завдалгүй дахиад нэг цохисон. Би ухаан алдаад юу ч санахгүй унаад өгсөн. Ш намайг гэр рүү оруулж өгсөн, “уучлаарай” гэж хэлсэн гэж байна, үүнийг би санахгүй байна. Миний өрөөсөн чих таг дүлий болчихсон. Тэр үедээ цагдаа, түргэн дуудаж болох байсан. Гэтэл Ш ах тэгээгүй намайг гэр рүү оруулаад орхичихсон байсан. Гэрээс ээж намайг олсон байсан. Одоо миний толгой байнгын өвддөг болсон. Мартаж санадаг болсон. Толгойгоо битүүлж авъя гэж бодож байна. Чихээ буцааж сонсголтой болгомоор байна. Чих маань байнгын шүнгэнэж дуугардаг. Надад санхүүгийн асуудлаас болоод хийлгээгүй эмчилгээ зөндөө байгаа. Байгаа бүх зүйлээ өөртөө зориулсан..” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2019 оны 01 дүгээр сарын дундуур 02-03 цагийн орчим болж байсан байх гэр лүүгээ орохоо болиод Ш ахын гэрэл асаалттай байгаа болохоор гэрт нь яваад орсон. Гэрт нь ороход Ш согтуу агсрах шинжтэй “гэрээс гар чи зайл” гээд хөөгөөд байхаар нь за за болъё гэж бодсон. Гарах гээд нойр хүрээд орон дээр хэвтэх шиг болоход тас хийтэл цохисон. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна, нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

            4. Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би Ш-тэй яриад юу болоод байгаа юм бэ гэхэд Б шөнө 04 цагийн үед согтуу орж ирээд миний орон дээр унтах гээд байхаар нь би хоёр цохичихсон чинь намайг багалзуурдсан гэхээр нь суртэй юм болоогүй байна гэж бодоод утсаа салгасан. Тэгээд би гэрийнхээ ажлаа хийж байгаад 18 цагийн үед хүү Б-ын гэрт яваад ороход миний хүү ухаангүй газар хэвтсэн байдалтай хамаг юм нь цус болсон, зүүн чих нь сэтэрсэн, чихнээс нь цус гарчихсан, нүүр ам нь цус болсон хэвтэж байхаар нь дүү Т руу залгаад хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

            5. Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Нүүрс аваад орж ирэхэд нөхөр барилгын резин алхаа барьчихсан “энэ мууг цохичихлоо” гэж надад хэлсэн. Би Б-д санаа зовоод хөнжлийг нь сөхөхөд толгойноос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

            6. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Ш-ын гэрт ороход Ш жоохон халамцуу байсан. Тэгээд Ш-тай машин тэрэг хэзээ засаж дуусах бэ гээд юм яриад сууж байхад Ш урд шөнө Б гэрт согтуу орж ирээд унтуулахгүй агсам тавиад хоолоо ам боогоод байхаар нь маргалдаж байгаад толгой руу нь алх билүү лантуугаар цохисон гэж хэлэхэд нь би Ш-т хандан хөгширсөн хойноо шоронд орох нуу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

            7. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургууд (хх-ийн 6-8 дугаар хуудас), хохирогчийн гэрэл зураг (хх-ийн 11-12 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 13-15 дугаар хуудас), хохирогч Т.Б-ын эмчилгээний баримтууд (хх-ийн 84-102 дугаар хуудас);

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1609 дугаартай: “...Т.Б-ын биед гавлын орой суурь ясны хугарал, зүүн чамархай, дух, дагз хэсгийн хатуу хальс дээрх цус хуралт, тархи дарагдал, аалзан хальс доорх цус хуралт, баруун сарвуу ядам хурууны далд хугарал, тархи доргилт, зүүн зулай, чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, эрүү, зүүн чихэнд шарх, зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тавхай хайрагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хайрагдалт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 65-66 дугаар хуудас);

            14. Шүүгдэгч Б.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 117 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 116 дугаар хуудас),

            15. Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”... 2019 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цагийн үед Б согтуу орж ирээд эхнэртэйгээ хэвтэж байхад хөнжил дээрээс өшиглөөд хэвтэж байхад дотуур цамцаар боогоод чи битгий хүн алаг үзээд байгаарай чи намайг энд барахгүй шүү гэж хэлсэн. Ингэж намайг зодоод хөнжил дотор гадуур хувцастайгаа хурхираад цаашаа хараад унтаад өгсөн. Тэгэхээр нь би машин янзалдаг модон бор иштэй резин алхаар толгойн зүүн хэсэг, дагзанд 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх тул шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлж, хохирогч Т.Б-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ш-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Б.Ш нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ засварын зориулалттай, үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох резин алх хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байна. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь хууль зүйн хувьд хоёр төрөл хамаарах тул зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж давхардуулан зүйчлэхгүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар зөвтгөхөд шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирогч Т.Б-аас гаргасан эмчилгээний баримтад үндэслэн нийт 2,282,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 69 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг алх, 1 ширхэг хөнжил хураагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгааг харгалзсан...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл байсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг таван жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийт 71 (далан нэг) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг резин алх, нэг ширхэг хөнжлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар таван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан таван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ын цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-аас 2,282,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг алх, нэг ширхэг хөнжлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

   ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА

            ШҮҮГЧИД                                          Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        М.МӨНХБААТАР