| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/02631/И |
| Дугаар | 210/МА2025/01790 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01790
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06845 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ТБАГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,359,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/387 дугаар тушаалаар ажлаас гэнэт чөлөөлөгдсөн.
Тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02862 дугаартай шийдвэрээр *******г *******ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 210/MA2024/01738 дугаартай шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны 001/ШХТ2024/01496 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
1.2.*******ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар хүний нөөцийн менежерээр ажилд эгүүлэн томилогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон тушаал гарсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажлын 157 хоног ажилгүй байсан тул 187,141*157=29,359,000 төгрөгийн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02862 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол болон хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.1, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлсний хариуд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байна.
2.2.Анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болох хугацаанд буюу Төвийн даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шилжүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу үндсэн цалин, алба хаасан хугацааны нэмэгдэл нийт 11,737,453 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэл (12.5%) 1,467,182 төгрөг. Энэ үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг хүлээн зөвшөөрнө. Нийт 11,678,468 төгрөг, харин 23,415,921 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3.Ажилдаа ирээгүй тул хоол, унааны олговор олгогдохгүй, сонгуульт ажил болох хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан албан тушаалын нэмэгдэл 40 хувь, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны нарийн бичгийн даргын урамшуулал 15 хувь нь өөр ажилтан томилогдож ажилласан тул давхардаж олгогдохгүй, учир нь улсын аудит акт тавьдаг болно. Улирлын ажлын үр дүн 50 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь ажлаа хийж байгаа ажилтанд олгогддог урамшуулал нэмэгдэл юм. Нэхэмжлэлд дурдсан 29,359,000 төгрөгийн 5,943,079 төгрөг нь ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ТБАГ--аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 29,359,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 304,745 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг анхаарч шийдвэрлэсэнгүй.
Шүүхийн шийдвэрээр *******гийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 187,141 төгрөгөөр тогтоосныг шууд 157 хоногоор үржүүлж 29,381,137 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлж эцэслэн шийдвэрлэсний дараа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилсон болно. Харин дээрх 157 хоногийн хугацааг тооцохдоо хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.
4.2.Тухайн албан тушаал эрхэлж байх үедээ сонгуульт ажил болох "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1-д эрх бүхий албан тушаалтан нэмэгдэл 40 хувь, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн журмын 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны нарийн бичгийн даргын урамшуулал 15 хувь нь өөр албан тушаалтан томилогдож ажилласан тул давхардуулан олгох боломжгүй, учир нь улсын аудит акт тавьдаг болно.
Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 60 хувийг улирал бүр удирдлагын зөвлөлийн хурлаар ажлын үр дүнг үндэслэн шийдвэрлэдэг. Мөн ур чадварын нэмэгдэл 25 хувийг сар бүр Эмнэлгийн захирлын тушаалаар шийдвэрлэдэг. Энэ талаарх нотлох баримтыг гарган нотолж тайлбарласан боловч хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.
4.3.Үндсэн цалин, алба хаасан хугацааны нэмэгдэл нийт 11,737,453 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл (12.5%) 1,467,182 төгрөг. Энэ үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлд дурдсан 5,943,079 төгрөг нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь “*******” ТБАГ-т холбогдуулж 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,359,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагчаас 11,737,453 төгрөгийг хүлээн зөвшөөрч “ажиллаагүй хугацаанд хоол, унаа, үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл зэргээр нэмэгдэл хөлс тооцсоныг зөвшөөрөхгүй” үндэслэлээр үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02862 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 210/MA2024/01738 дугаар магадлалаар, нэхэмжлэгч *******г “*******” ТБАГ-т урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон.
3.2.Ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлж 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг мөн өдрөөс хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсон.
4.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилдаа буцаан томилогдсон тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.
5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг 187,141 төгрөгөөр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.
6.Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн буруугаас ажилтан үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй бол ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогч олгох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасан, тухайн шийдвэр алдаатай байсныг эрх бүхий этгээд тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн буруутай тул түүнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчоос шалтгаалсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал тул түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлөх агуулгаар олговор төлөх үндэслэл болно.
Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан олговрыг шийдвэрлэсэн тул эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл 40 хувь, ёс зүйн хорооны нарийн бичгийн даргын урамшуулал 15 хувь, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 60 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувийг ажиллаагүй хугацаанд олгохгүй талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
7.Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж ажлын өдрийг тоолбол 154 өдөр байгааг анхан шатны шүүх буруу тооцож ажлын 157 хоногт ногдох олговрыг гаргуулж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоос “157 хоногийн хугацааг тооцохдоо үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлсэнгүй” гэсэн хэсгийг хүлээн авч, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, илүү тооцсон ажлын 3 өдрийн цалинтай тэнцэх олговрыг хасах нь зүйтэй. /154*187,141=28,819,714/
8.Дээрх маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2.3 дах хэсэгт заасан “ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл” буюу тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байхад ердийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн зөрчил байх боловч, талууд энэ талаар гомдол гаргаагүй, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр ноцтой зөрчил гаргаагүй, зохигчийн эрхийг хязгаарлаагүй байх тул процесс хэмнэлттэй байх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ТБАГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28,819,714 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 539,286 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтын “304,745” гэснийг “302,048” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
О.ОДГЭРЭЛ