Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/278

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганбаяр,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Ө.О-,

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 1938005380331 дугаартай хэргийг  2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.Б-, 

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дугаар багийн - тоотод эхнэр Ө.О-тай маргалдан зуух өшиглөж, зуухан дээр байсан ус буцалгагчтай халуун усанд Ө.О- түлэгдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл

 аймгийн Мөрөн сумын - дугаар багийн - тоотод хохирогч Ө.О-тай маргалдан зуух өшиглсөний улмаас зуухан дээр байсан ус буцалгагчтай халуун усанд Ө.О- түлэгдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005380331 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2019 оны 8 дугаар сарын 03-ны орой унтах гээд байж байсан чинь миний дугаар луу танихгүй дугаар залгаад үүнээс болж нөхөр бид хоёрын дунд хэрүүл болоод нөхөр маань гарж яваад архи ууж ирээд хэрүүл болоод арай гэж унтсан. Тэгээд өглөө нь бас хэрүүл болоод би хүүхдүүдээ аваад аавын гэр лүү явсан юм. Тэгээд нөхөр маань араас манай аавынд ирээд зуух өшиглөөд зуухан дээр байсан ус буцалгагчтай халуун цай цацраад миний гар түлэгдсэн. Тухайн үед ийм зүйл болсон... Тухайн үед манай нөхөр уурандаа нэлээд  уусан байх...Би архи ууж ирэхэд нь угаасаа гар хүрдэггүй болохоор нь “хэрүүл хийж байгаад унтана биз” гэж бодоод тоогоогүй юм...Би биеэ эмнэлэгт үзүүлэхэд “өнгөцхөн түлэгдэлт байна, зүгээр тос түрхээд гайгүй болно” гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-р тал/

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Өглөө би хувцастайгаа сандал дээрээ сэрсэн. Сэрээд “нөгөө дугаар хэн юм, чи ярьсан биз дээ” гзж хэлэхэд манай эхнэр “би яриагүй, би мэдэхгүй” гэж хэлээд аавынхаа гэр лүү хүүхдүүдээ аваад явсан байсан. Би аавынх нь гэрт очоод “гараад ир” гэж хэлсэн чинь гарч ирэхгүй байхаар нь гэр лүү нь ороод аавтай нь маргалдаад эхнэрээ зуухны цаана байсныг хараагүй “Оогий хаашаа явсан юм” гэж хэлээд зуух өшиглөсөн чинь...согтуудаа халуун цай цацаж эхнэрийнхээ гарыг түлсэнээс болж цагдаад дуудаж өгсөн. Би зуухан дээр халуун цай байсныг үнэндээ мэдээгүй. Согтуу байсан болохоор тийм зүйл байсныг мэдээгүй. Мэдэж байсан бол би тийм асуудал гаргахгүй байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        8 дугаар сарын 06-ны өдрийн 400 дугаартай: Ө.О-ын биед зүүн хацар мөр, зүүн бугалганы хэсгийг хамарсан түдэгдэлт бүхий гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндөр температурын нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.                     Ө.О-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх болсмжтой.. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөелөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р тал/

Хохирогч Ө.О-ын гомдол саналгүй талаар илэрхийлсэн бичгийн тайлбар /хх-ийн 48-р тал/

Хохирогч Ө.О-ын шүүгдэгч О.Б-тэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 49-р тал/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-47, 50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч О.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дугаар багийн - тоотод хохирогч Ө.О-тай маргалдан зуух өшиглсөний улмаас зуухан дээр байсан ус буцалгагчтай халуун усанд Ө.О- түлэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан.  Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцааны үл ойлголцол, хардалт зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                         

              Шүүгдэгч О.Б- нь хохирогч Ө.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54-р тал/ зэргээр тогтоогдож байна.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.      

Шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч О.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938005380331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938005380331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР