| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05136/И |
| Дугаар | 210/МА2025/01913 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/01913
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
41,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Надад ******* 2022 оны 06 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутагт байрлах алтны уурхайн талбайд А зөвшөөрөл гаргуулж хамтарч ажиллах гэж байгаа. Чи хөрөнгө оруулж ажиллах уу гэж санал тавьсан. Улмаар *******тэй танилцуулж би *******тэй 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулан ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын нутагт байрлах ******* алтны уурхайн MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэтэл уг тусгай зөвшөөрлийг өөр хүнд барьцаанд тавьсан байсан. Тэгээд хоёр Х зөвшөөрөл нь 2022 оны 10 дугаар сар гэхэд амжиж гараагүй. *******, ******* нар нь анх надтай гэрээ байгуулахдаа ашиглах техник хэрэгслүүд нь бид нарын өмчлөлийнх гэж хэлж байсан. Тухайн үед надад түрээсийн техник ашиглаж байгаа гэж хэлээгүй. Би нийт 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд нийт 43,000,000 төгрөгийг *******ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Гэтэл уг талбай нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй буюу орон нутаг нь зөвшөөрөөгүй талбай байсан. Мөн ******* ХХК-ийн эзэмшигч нь нас барсан байсныг надад огт хэлээгүй гэрээ байгуулсан байсан. ******* ХХК-тай гэрээ байгуулж баталгаажуулсан гэж надад хэлсэн боловч гэрээг надад танилцуулаагүй. Мөн бүрдүүлэх бичиг баримт нь дутуу байхад бүрдсэн мэтээр худлаа хэлж надтай гэрээ байгуулсан байсан. Үүнийг мэдээд миний зүгээс ******* рүү дансаар шилжүүлсэн 43,000,000 төгрөгөө буцаан авъя гэхэд өгөх боломжгүй гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Үүнээс ******* мөнгөндөө тооцож гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, уртасгагч, тастагчийн ир, комучка зэрэг нийт 1,200,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг өгсөн. Иймд, *******, ******* нараас хөрөнгө оруулахаар шилжүүлсэн 41,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны хавар миний танил ******* нь ******* аймгийн ******* суманд байх ******* ХХК-ийн дугаарын ашиглалтын талбайд ажиллах талаар судлаад явж байна, захиралтай нь уулзсан, боломжийн нөөцтэй талбай байдаг юм байна, урт нэртэй хуулийн хилийн заагаас талбайгаа гарчихсан юм байна, зарим бичиг баримт нь дутуу байгаа бүх бичиг баримт зөвшөөрлийг нь өөрөө хариуцаад бүрдүүлээд өгнө та нар хөрөнгөө оруулаад тодорхой хэмжээний үнээр худалдаж ав, эхний ээлжинд би та нартай хамт гарч ажлыг чинь эхлүүлж жигдрүүлээд өгнө гэсэн нөхцөлтэйгөөр ярилцаад хөрөнгө оруулаад хамтраад ажиллах хүн байна уу гэж асуусан. Энэ үед д *******ийн ярьсан уурхайн талаар ярьж, санхүүгийн чадамжтай бол алтны уурхайд хөрөнгө оруулаад хамтраад ажиллах боломжтой юу гэхэд боломжтой гээд саналыг хүлээн авч, би сар бүр нэг тэрбум орчим төгрөгийн ажлын гүйцэтгэл Тавантолгой компаниас авдаг, санхүүгийн хувьд ямар нэг асуудал байхгүй хамтраад ажиллаж болно гэхээр нь *******д чи уулзаад болохоор бол ажил төрлөө эхнээс нь сайн ярьж тохиролцоорой гэж хэлсэн. *******, ******* 2 уулзаж ажил төрлөө ярилцаж тохиролцсон гэж байсан, ажил гайгүй бүтэмжтэй явна гэж байсан. ******* ХХК-ийн захирал н. нь бүрдэл дутуу бичиг баримтуудаа бүрдүүлж өгнө гээд ажилтай яваа дуулдсан бөгөөд ******* ярьж тохирсон санхүүжилтээ хурдан хийж, урьдчилгаа мөнгөө авчраад гэрээгээ байгуулаад ажилдаа орох саналыг *******д тавиад байгаа, ******* мөнгөө оруулахгүй, элдэв янзын юм яриад байх юм, чи энэ хүндээ хэлээд өгөөч гэж над руу ярьдаг болсон. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдсэн бол *******ийн уурхайн үйл ажиллагаа цаашид явагдах боломжтой байсан гэж үзэж байна. ******* нь анхнаасаа ******* ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулагдаагүй, өөрийнх нь оруулна гэсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалаад ажил хүлээгдэж байгаа, ******* ХХК нь мөнгөө авч ирээд гэрээгээ хийгээд ажлаа эхлүүлээд явцгаая гэсэн хүсэлт тавиад байсныг мэдэж байсан мөртөө өөртөө байхгүй, өөрийнхөө санхүүгийн чадвараас давсан боломжгүй нөхцөл байдлыг зориуд бий болгож биднийг төөрөгдүүлж, өөрийгөө хөрөнгө оруулах чадамжтай гэж худлаа ярьж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь тодорхой дэлгэрэнгүй ярьчихлаа. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй. ******* мөнгө авчхаад үүргээ биелүүлээгүй юм шиг харагдах боловч өмнөх хэргийн материалаас харахад ******* бол үүргээ биелүүлээд хүнээс тоног төхөөрөмжөө түрээслээд, төлбөрийг нь төлөөд, тэр нь хүрэхгүй илүү гарсан зэрэг нөхцөл байдлууд гэрчийн мэдүүлэгт байгаа. Дараа дараагийн санхүүжилтийг тасалдуулж, зогсоож гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч өөрөө учраас үүний хор уршгийг *******, ******* нар хариуцах үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...Монгол Улсын их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд Засгийн газрын тогтоолын дагуу хориглосон хэсэгт өөрчлөлт оруулан бүртгэсэн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл... гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т ...Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна... гэж заасныг зөрчиж хийсэн хэлцэл бөгөөд шүүхээс шийдвэр гаргахдаа ******* болон ******* нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл эсэхийг дүгнэх ёстой байхад Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэсэн нь хууль нийцэхгүй, үндэслэлгүй болжээ.
Шүүхээс гэрээний хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр байдалд өөрөө дүгнэлт өгч, хууль зөрчсөн, хуульд заасан хэлбэрийг хангасан эсэх, зохих этгээдийн зөвшөөрөлтэй эсэхийг дүгнэх ёстой юм.
Нэхэмжлэгч ******* нь гэрээг хууль зөрчиж байгуулсан, гэрээ хууль бус, мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад байгуулсан, гэрээнээс татгалзаж, 43,000,000 төгрөгөө буцааж авахаа илэрхийлсэн талаар тайлбарласан байхад шүүх гэрээг дуусгавар болгож, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар хариуцагч нараас шаардаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
...Мөн шүүхээс ******* болон ******* нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т ....Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана... гээд 476.3.7-т ...гэрээний хугацаа... гэж заасан байхад тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл болжээ.
Шүүх гэрчийн мэдүүлэг өгсөн *******, С.Хатанбаатар нарын мэдүүлгийг шүүхийн журмаар гаргуулж хэрэгт хавсаргасан бөгөөд уг мэдүүлэг С.Хатанбаатар нь мэдүүлэг хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбо оролцож, асуулт асуусан байхад түүний гарын үсэггүй
гэрчийн мэдүүлгийг, мөн *******оос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд түүний өмгөөлөгч оролцсон байхад гарын үсэггүй, мөн хариуцагчийн гэрчээр оролцсон мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Гэрч асуухад оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй байхад нотлох баримтаар үнэлсэн, мөн гэрчийн мэдүүлэг нь бичмэл нотлох баримт дээр тулгуурлах ёстой талаар Улсын дээд шүүхийн тайлбарыг буруу хэрэглэжээ.
Мөн нэхэмжлэгчээс авсан 43,000,000 төгрөгийг ямар зүйлд зарцуулсан, ******* нь ******* ХХК-тай 2,000,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан гэх боловч, тэр гэрээ нь авагдаагүй, ******* ХХК нь түүний хувьцааг худалдаж авахаар тохиролцсон талаар мэдсэн эсэх, зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс гадна уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх, ашиглалт явуулах, ТЭЗҮ-ийг батлуулаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гомдолд анхан шатны шүүх ямар гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийгээгүй гэж дурдсан. Анхан шатны шүүх хэлэлцүүлгийн шатанд энэ талаар тодруулсан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар маргаан байгаа юу гэхэд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй. Шүүх энэ талаар дүгнэхдээ хэрэв хамтран ажиллах гэрээ байгуулагдсантай талууд маргаагүй бол Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон биелэгдээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилаагүй байна. Дээрх заалтын шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэсэн.
Үйл баримтын хувьд 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхгүйгээр 43,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зогсоосноос улбаалж лиценз эзэмшигч нас барсан, техник түрээсийн хугацаа, засвар үйлчилгээ дуусаж төлбөр бодогдож н.Баатарт 290,000,000 гаруй төгрөгийн өрөнд орсон. Иймд, алдагдал, ашгийг зайлшгүй хуваарилах нь зүйтэй. Ингэснээр зөв зүйтэй шийдвэр гарах үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудыг тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн байгуулсан гэрээ болон хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Талууд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж дараах зүйлийг тохирчээ. Үүнд:
3.1. ******* ХХК-ийн эзэмшилд байгаа MV-00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2,000,000,000 төгрөгөөр худалдан авах,
3.2. ******* нь тусгай зөвшөөрлийн урьдчилгаа төлбөр 700,000,000 төгрөгийг төлөх, хариуцагч ******* нь өөрт шилжүүлэн авсан ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааныхаа 33 хувийн хувьцааг нэхэмжлэгчид хариу төлбөргүй шилжүүлэх,
3.3. Тусгай зөвшөөрлийг ашиглаж олборлолтын үйл ажиллагаа явуулж олсон ашиг орлогоос тэргүүн ээлжинд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 700,000,000 төгрөгийг төлөх, үүний дараа олсон ашиг орлогоос тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрийг төлөх,
3.4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн шилжүүлэн өгсөн 700,000,000 төгрөгийн төлбөрийн эргэн төлөлтийн баталгаа болгож өөрийн эзэмшилд байгаа баяжуулах иж бүрэн тоног төхөөрөмж /100 скрупер/, 170 дизель станц, түлшний машин, уурхайн кемп /ажилчдын байр/, экскаваторыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон байна. /1.х.х-ийн 6-8/
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
4. Тус хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр хураамж хэлбэрээр бий болгосон дундын өмчлөлийн эд хөрөнгөөр гагцхүү ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа эрхлэн явуулахаар тохиролцсон тохиолдолд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
4.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 700,000,000 төгрөгийг уул, уурхайн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулан гэсэн боловч хариуцагч *******, ******* нарын хамтын үйл ажиллагаанд оруулах хураамжийн төрөл, түүний хэмжээ, хэлбэр тус тус тодорхойгүй, хуульд зааснаар үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамжийг оруулж болох хэдий ч энэ нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх талуудын хамтын үйл ажиллагаанаас тусдаа буюу ялгаатай болох нь тодорхой бус байна.
Энэ талаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж тус тус тодорхой заасан байдаг.
4.2 Түүнчлэн хураамж нь мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т зааснаар хамтран ажиллах гэрээний талуудын дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцогддог, хожим гэрээг дуусгавар болгох тохиолдолд эрсдэл болон алдагдлыг төлсний дараа хуваарилах зарчимтай байхад анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээнд уул, уурхайн үйл ажиллагаанаас олсон орлогоос нэхэмжлэгч *******гаас өгөх 700,000,000 төгрөгийг нэн тэргүүнд буцаан төлөх тухай энэхүү тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний шинж чанарт нийцээгүй байгааг анхаараагүй байна.
4.3 Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь уул, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай 700,000,000 төгрөгийг оруулах үүрэг хүлээсэн боловч түүнд үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч *******ийн өмчлөлийн гэх техник, тоног төхөөрөмжийг барьцаалах эрх олгож байгаа нь хамтран ажиллах гэрээний оролцогчийн хураамжийн агуулгад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний талуудын хамтын үйл ажиллагаанд оруулах хураамж нь нөгөө талын хураамжийг шууд барьцаалах эрх үүсгэхгүй.
4.4 Мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, үүнтэй холбоотойгоор гадна болон дотно харилцаанд төлөөлөх, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах журмын талаар тус тус тухайлан тохиролцох ёстой байтал ийнхүү тохироогүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.
Тиймээс анхан шатны шүүхийн талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэсэн гомдлыг хүлээн авна.
5. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч *******гаас өгөх 700,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь уул, уурхайн үйл ажиллагаанаас буцааж төлөх тухай энэхүү тохиролцоо нь хамтын үйл ажиллагааны шинжгүй, харин мөнгийг төлөх орлогын эх үүсвэртэй холбоотой гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч *******ийн эрхлэн явуулах уул, уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан эсэх, мөн ******* ХХК-ийн эрх бүхий этгээд нас барсан зэрэг шалтгаанаар 700,000,000 төгрөгийг түүнд өгөхөөс татгалзсан нь цаад утгаараа өгсөн мөнгөө буцааж авах эрсдэлийг тооцсон зээлдүүлэгчийн тооцоолол байх тул зээлийн шинжтэй харилцаа үүссэн, тийм ч учир хариуцагч нь нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны эрх олгохоор харилцан тохиролцож байжээ.
Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 285.1-д Зээл авах гэж байгаа талын эд хөрөнгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болохоор байвал зээл олгохоор амласан этгээд зээл олгохоос татгалзах эрхтэй гэж зааснаар дээр дурдсан эрсдэлийг үндэслэн хариуцагч *******д зээлийг бүрэн өгөхөөс татгалзаж болно.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 43,760,000 төгрөгийг хариуцагч *******ийн эхнэрийн дансанд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагчийг уг мөнгийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн талаар маргаангүй. /1.х.х-ийн 25/
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд талууд гэрээгээр буцаан төлөх хугацааг тохироогүй байх тул дээрх хуульд зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн шаардсанаар буцааж төлөх үүрэг хүлээнэ.
Талууд зээлийн гэрээгээр тухайн зээлийг буцаан төлөх хугацааны талаар тохироогүй байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар хариуцагч *******өөс шаардах эрхтэй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 43,760,000 төгрөг шилжүүлсэн боловч тэрээр 43,000,000 төгрөгийг өгсөн, үүнээс 1,200,000 төгрөгийг буцаан авсан гэсэн тул хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 41,800,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж заажээ.
Хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэгч *******тай гэрээний харилцаанд оролцоогүй бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 41,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******өөс 366,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР