Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 95

 

Хаан банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00357 дугаар шийдвэртэй, Хаан банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт Жаргалан багийн 12-10 тоотод оршин суух Нохойнхон овогт Баастын Баянмөнхөд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Төрбат,  хариуцагч Б.Баянмөнх, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 1.897.066 төгрөгийн төлбөр гаргуулах.

Нэхэмжлэлийн агуулга: “Зээлдэгч Б.Баянмөнх нь ХААН банкны Ховд салбарын харьяа Алтай тооцооны төвөөс 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800,000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд зээлийн барьцаанд 44 толгой мал, 2 ширхэг бариа гэр, мотоцикл барьцаалуулсан.

            Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 200,000 төгрөг төлсөн. Тэрээр зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.1.4, 3.2.3, 8.2-т заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа зээлдэгчид зээл эргэн төлөлтийнхөө дагуу төлөгдөхгүй хугацаа хэтрээд байгаа болон зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

            Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 600,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг бүгд 1,897,066 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: “ Би 2007 онд Хаан банкнаас 800.000 төгрөгийн зээл авч мал өсгөх зорилгоор 40 борлон авсан боловч тэр өвөл нь цас их орж зуд болсон учир өөрийн хэдэн малын хамт зуданд орж малгүй болсон. Банкнаас авсан мөнгөө төлж чадахгүй ба өөрөө амьдрахад хэцүү болж 2008 онд Ховд аймагт орж ирээд хувиараа ойр зуурын ажил хийж өөрийн амьдралаа залгаж байна. Одоогийн байдлаар эхнэр болон би ажилгүй гурван хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Ам бүл 7 үнэнийг хэлэхэд надад банкинд мөнгө төлөх байтугай өөрийгөө болгох хэцүү байна. Гэхдээ би үндсэн зээл болох 800.000 төгрөгийг хоёр сарын дотор төлж барагдуулъя. Хүү болох сая гаруй төгрөгийг төлж чадахгүй. Өөр надад өгөх ч юм байхгүй. Хүний хашаанд амьдарч байна. Харин Хаан банк намайг ажилд авбал үлдсэн мөнгийг цалингаараа төлж болох юм” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00357 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баянмөнхөөс үндсэн зээлийн төлбөр 600,000 төгрөг, зээлийн хүү 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг, нийт 1,897,066 төгрөг /нэг сая найман зуун ерэн долоон мянга жаран зургаа/ гаргуулж Хаан банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хаан банкны Ховд аймаг дахь салбарын төлсөн 45,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 45,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай” гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Хаан банк надаас хирээс хэтэрсэн их хүүтэй мөнгө нэхэж байгаа тул би энэ шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. Тус Хаан банкны Алтай сумын тооцооны төв нь 600.000 төгрөгийн зээлийн төлбөрийг нуун дарагдуулж 9 жилийн дараа өндөр хувийн хүүг тооцож зээл төлүүлэх болсонд гомдолтой байна. Тухайн цаг үед нь тус банк шүүхэд хандаж хүүг нь зогсоох талаар арга хэмжээ аваагүйгээс болж зээлийн хүүний алданги тооцож намайг хохироож байгаа бөгөөд уг мөнгөний хүүг нь төлөх боломжгүй тул зөвхөн үндсэн мөнгөө төлөх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат, хариуцагч Б.Баянмөнх нар сайн дураараа, харилцан тохиролцож, “...Нэхэмжлэгч хариуцагч нар үндсэн зээлийн төлбөр 600.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.132.083.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161.983.57 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг бүгд 1.897.066.85  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг дээр дараах байдлаар эвлэрэв.

Нэг. Хариуцагч Б.Баянмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх,

Хоёр. Үлдсэн зээлийн хүүгийн төлбөр болох 797066 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрийн хооронд төлөх,  

Гурав. Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгө болох бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн шаардлагыг хангуулах тухай шаардлагаа татан авч байна. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй бол энэ талаар дахин шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах нөхцөлтэйгөөр      шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.Талуудын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд “...ХААН банкны Ховд салбар, хариуцагч  Б.Баянмөнх  нар   үндсэн зээл,   зээлийн хүү,   нэмэгдүүлсэн хүү,  нотариатын үйлчилгээний төлбөрт бүгд 1.897.066.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд  эвлэрч, зээлийн барьцаа хөрөнгө болох  бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн шаардлагыг хангуулах тухай шаардлагаа татан авч зохигчид харилцан тохиролцсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигч талуудын шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрснийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 45303 төгрөгийн  улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн 45303 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгохгүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ч.Төрбат, хариуцагч Б.Баянмөнх нарын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, Б.Баянмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, үлдсэн зээлийн хүү 797.066 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрийн хооронд төлөх” нөхцөлтэйгээр шүүхийн өмнө бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгө болох бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн гэрээний шаардлагыг хангуулах тухай шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45303 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 45303 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураараа шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Зохигчдын эвлэрлийг баталсан энэхүү магадлалыг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА