| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2019/0447/З |
| Дугаар | 221/МА2020/0220 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0220
“Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын “Г о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/49 дүгээр тушаал нь Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан байдаг. Уг дүгнэлт нь “Г о” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтүүд болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудад үндэслэн гарсан байдаг. Уг дүгнэлт нь “Г б” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтүүд болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудад үндэслэн хийгдсэн гэж үзэхээр байна. Шүүх дээрх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016он 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй.
Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх, асуудлаар гаргасан гомдлын дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/46 дугаар тушаалын 1 дэх заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт гэх баримт бичгүүдэд тодорхой тусгагдсан.
“Г б” ХХК-тай нэг тушаалаар асуудал нь шийдвэрлэгдсэн “Лукрий” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар “Г б” ХХК-тай яг адилхан асуудлаар дүгнэлт гаргасныг хэрэгт нотлох баримтаар байгаа. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг нь өмнө нь гарсан а/49 дүгээр тушаал нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй гэдгийг тодорхойлох хуулийн зохицуулалт биш. Харин агентлагийн даргын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргах эрх олгосон харилцааг зохицуулсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгосон байдаг. Ийм тушаал гарсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Нотлох баримт цуглуулах ажиллагаагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сайдын тушаалыг авчирсан боловч энэ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаартай ажлын хэсэг томилсон тухай тушаалыг ирүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг сэргээх, цуцлахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад байдаг. Тусгай зөвшөөрлийн хүчингүй болгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус гэх асуудлаарх гомдлыг Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиараа агентлагийн даргад хянан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хүчингүй болгох асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, даалгавар өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаал гэх захиргааны актыг үндэслэн гарсан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцээгүй гэж үзнэ.
Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эрхээр хангаагүй, нэхэмжлэгч компанид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг явуулаагүй.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын “Г б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Маргаан бүхий захиргааны актаар[1] “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг тус тус үндэслэн “Г б” ХХК-ийн 13297 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй” болгосон байна.
Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалд[2] нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16, ... Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02, 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.
Нэхэмжлэгч тал Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс дүгнэлт гарсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлтийг төрийн захиргаан байгууллага алга болгосон, гарган өгөхгүй байгаа үйлдэл нь өөрөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж маргаж байх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэст хийсэн үзлэгийн тэмдэглэлд[3] “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын А/49 дүгээр тушаал буюу “Г б” ХХК-ийн 13297 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн үндэслэл болсон дүгнэлт байхгүй”, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11/3271 дугаар албан бичгээр уг дүгнэлт байхгүй” гэж дурдсанаас үзвэл энэхүү дүгнэлт гарсан болох нь тогтоогдоогүй байна.
Үүнээс гадна маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон А/49 дүгээр тушаалд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэсэн заалтыг үндэслэсэн боловч уг хуулийн заалт нь Ашигт малтмалын газрын даргын эрх хэмжээний асуудлыг зохицуулсан бус харин кадастрын асуудал хариуцсан нэгжийн эрх хэмжээг зохицуулжээ.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн[4], шийдвэр нь үндэслэл бүхий байх[5] ёстой бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар өөрийнхөө А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Мөн нэхэмжлэгч тал маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон хуулийн заалт нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгоход баримтлах хуулийн зохицуулалт биш, мөн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгосон гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тойм зургаар нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2018 оны 243, 2015 оны 289 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтаар олгох талбайтай бүхэлдээ давхцалтай байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бодит нөхцөл болон хууль зүйн боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, харин хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа гарцаагүй байдлын улмаас явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 50 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 183 хуудас
[3] 128/2019/0026/3 индекстэй хэргийн 113 хуудас /нотлох баримт/
[4] Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1
[5] Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5