Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2026/0039

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Д.Батбаатар

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                             М.Батсуурь

          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2024/0744 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 61, 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 140 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, Б.Э, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Н.О, гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дугаар албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Ц.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доор орших 400 м.кв газраас түүнд оногдох 173 м.кв газрын эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах.

Гуравдагч этгээд Б.Н-ийн бие даасан шаардлага:

2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б корпус барилгын доорх газраас түүнд оногдох 132 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах.

Хэргийн нөхцөл байдал:

3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “гомдолд дурдсан асуудлаар захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ зохих шатны шүүхэд гаргах нь зүйтэй” гэж,

3.1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгээр “газрын асуудлаар захиргааны хэрэг үүсэж, хянан хэлэлцэгдэж байна. ... Иймд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч, гуравдагч этгээд Б.Н-д тус тус өгсөн байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэр:

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, гуравдагч этгээд Б.Н-ийн бие даасан шаардлагаас заримыг тус тус хангаж, Ц.Э , Б.Н нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорх газрыг Ц.Э , Б.Н нарыг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргаж, гэрээ, байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ц.Э-ийн нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгийг хууль бус болгохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Н-ийн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дүгээр албан бичгийг хууль бус болгохыг тогтоолгож, хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэл болон шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2024/0744 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

6.Нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Агуулгаар тусгав)

6.1.Давж заалдах шатны шүүх нэг өдрийн ижил огноотой, ижил дугаартай 2 өөр агуулгатай магадлал гаргасан.

6.2.Хууль зөрчсөн гомдлуудыг хүлээн авч хэлэлцсэн. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээд “М” ТББ-ын өмгөөлөгч Н.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Давж заалдах гомдолд дараахь зүйлийг тусгана”, 115.2.2-т “гомдол гаргагч этгээдийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон цахим хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, цахим хаяг, оршин байгаа газрын хаяг, утас, факсын дугаар”, 115.2.3-т “аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа” гэж заасныг зөрчсөн. Тамга, тэмдэг дараагүй, байхгүй шийдвэрийг бичсэн. Шүүх хурал дээр энэ талаар ярьсан боловч шүүх бүрэлдэхүүнд хууль зөрчсөн гомдлуудыг авч магадлал гаргасан.

6.3.Шүүгч Ц.Одмаа прокурор Ц.А-той хувийн холбоотой. Иймээс уг шүүх хуралдаанд оролцохоос татгалзах ёстой байсан.

6.4.Гуравдагч этгээд Н.О-аас давахын шүүхэд гаргасан гомдолд тусгайлсан тэмдэглэгээ хийгдсэн.

6.5.Энэ бүхнээс үзэхэд магадлал нь зөвхөн гуравдагч этгээд “М” ТББ-ын талыг хэт баримтлан гаргасан, хуулийг ч мөн ийм үзэл баримтлалаар хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Агуулгаар тусгав)

7.1.Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх ба түүнийг хүчингүй болгосноор эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

7.2.Учир нь нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэн аль нь газар хамтран эзэмших хүсэл зоригоо илэрхийлсэн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд тухайн газрыг эзэмших хүсэл зориггүй гэж илэрхийлээгүй байхад газар эзэмшихгүй агуулгаар хүсэлт зориг илэрхийлсэн мэтээр буюу өөр өөр ашиг сонирхолтой хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбартай нийцэхгүй байна.

7.3.Энэхүү маргааны хүрээнд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу газрын бүрдэл хэсэг бөгөөд, 84.3-т заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нөхцөл байдлыг харгалзан, хуулийн зарчмыг төрийн захиргааны байгууллага баримтлах ёстой болохыг жишиг болгож газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн эрх салангид байх нөхцөлийг бүрдүүлсэн захиргааны байгууллагын буруу болохыг тогтоож, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой шийдвэр гаргах нөхцөл үүссэн гэж үзэж байна.

7.4.Түүнчлэн хариуцагчийн “эс үйлдэхүй” нь татгалзсан албан бичиг өгөх замаар буюу “идэвхтэй” үйлдлээр л нотлогдоно, тийнхүү идэвхтэй үйлдэл байхгүй бол эс үйлдэхүй нотлогдохгүй бөгөөд эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй нөхцөл байдал бий болгож байгаа нь буруу байна. Гэтэл “эс үйлдэхүй” нь “идэвхгүй” байдлаар буюу хариу өгөхгүй байх, хүсэлтийг хангахгүй, эсхүл зөвшөөрөл олгохгүй байх байдлаар ихэнхдээ илэрдэг билээ. Ийнхүү эс үйлдэхүй нь зөвхөн “идэвхтэй” үйлдлээр нотлогдох мэтээр дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна

7.5.Эрүүгийн *** дугаар хэргийг Улсын ерөнхий прокурорын орлогчийн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/34 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаар прокурорын тогтоол хүчингүй болж, үүний үр дүнд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар прокурорын тогтоолд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр эрүүгийн тус хэрэг хаагдсан үйл баримт тогтоогдож байна.

7.6.Цаашилбал, нэгэнт хүчингүй болсон баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар авснаар юуг ч нотлохгүй, хэрэгт ач холбогдолгүй байхад түүнийг гаргуулахаар шийдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн.

7.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 61, 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 140 дүгээр хэлэлцүүлэх тогтоолоор нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

12.Ингэхдээ магадлалд анхан шатны шүүх хариуцагчийн албан бичгүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбартай холбогдуулан нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, дүгнэлт хийгээгүй, 4/10 дугаар прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй зэрэг үндэслэлүүдийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал,

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тодорхойлсон албан бичгүүдийг тусад нь дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэх тухайд:

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.1, 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл хэвээр үлдээх, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх олгогдсон.

1.2.Нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаар тодорхойлогдсон нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр хариу хүргүүлэх тухай, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгүүдийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэх тохиолдолд давж заалдах шатны шүүх өөрөө зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, процессын алдааг залруулах нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Хоёр. Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт холбогдуулж, шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаар прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, энэхүү хэрэгт хамааралтай гэх тухайд:

2.1.Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/34 дүгээр тогтоолоор тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 4/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

2.2.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын талбайн доор орших 400 м.кв газрыг хэн эзэмшихтэй холбоотой газрын маргаанд дээрх хүчингүй болсон 4/10 дугаар тогтоол хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй.

2.3.Учир нь, “Ц.Э  2007-2013 онуудад Монголын урчуудын эвлэлийн даргаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын мөнгөн хөрөнгийг анхан шатны баримтгүйгээр зарцуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хаасан. Уг тогтоолд дээр дурдсан 4/10 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл үүссэн” гэж өөрчлөлт оруулсан.

2.4.Харин Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/34 дүгээр тогтоолоор 4/10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмнөх эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тогтоол хэвээр үлдсэн, энэ тохиолдолд *** дугаартай хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн талаарх баримтыг цуглуулах нь нотолгооны ач холбогдолгүй.

2.5.Түүнчлэн хэргийн оролцогчдоос эрүүгийн хэргийн талаарх баримт шаардлагатай талаар тайлбар, хүсэлт гаргаж маргаагүй, нэгэнт 4/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/34 дүгээр тогтоол хэрэгт авагдсан байхад тухайн хүчингүй болсон тогтоолыг нотлох баримтаар заавал авах шаардлагагүй.

13.Тиймээс давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “гомдолд дурдсан асуудлаар захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ зохих шатны шүүхэд гаргах нь зүйтэй” гэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр албан бичгээр “газрын асуудлаар захиргааны хэрэг үүсэж, хянан хэлэлцэгдэж байна. ... Иймд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн нь нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх,

14.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын доор орших 400 м.кв газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй байгаа эсэх, дундын эзэмшлийн газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах хууль зүйн боломжтой эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

15.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2024/0744 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                  М.БАТСУУРЬ

                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                        Ц.ЦОГТ