Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 29

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “ А ” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн Дархан овогт Яринпилийн Эрдэнэхүүгийн нэхэмжлэлтэй;

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох; 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Эрдэнэхүү, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Эрдэнэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Эрдэнэхүү миний бие нь 2007 оноос эхлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, даргын туслах, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил албыг хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн үр дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдсон Б.Гансүх нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр тэргүүлэгчдийн хурлаараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 11 орон тоотойгоор баталсан гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилчидтай 2017 оны 01 сарын 05-ны өдөр нэг нэгээр нь дуудаж уулзаад 56 дугаар тогтоолыг ажлаас халагдах мэдэгдлийн хамт танилцуулж өгсөн байсан. Тэгээд намайг дуудаж уулзаад тогтоолыг танилцуулсан, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй миний орон тоо хэвээр байна гээд мэдэгдлийг авахгүй гээд аваагүй юм. Харин бүтцийн өөрчлөлт хийсэн тогтоолыг нэг хувь хувилаад авсан. Түүнээс хойш надтай энэ бүтцийн талаар дахин ярилгүй 04 сарын 10-ныг хүртэл бид өөрсдийн хийх ёстой ажлаа хийгээд явж байсан. Би 03 сарын 30-нд эмнэлэгт хэвтэж байгаад 04 сарын 10-нд эмнэлгээс гараад ажилдаа ороход манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан өөрчлөгдөж Аззаяа гэдэг хүн болсон байсан, тэр хүн намайг дуудаж уулзаад бүтцийн өөрчлөлт хийж байна, таны орон тоо байхгүй болсон гээд тогтоол үзүүлсэн, тэгсэн тэр нь болохоор мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолыг үзүүлсэн. Тэгээд би өмнө нь ийм тогтоол гарч байсан гээд хуучин 56 дугаар тогтоолоо үзүүлэхэд шинээр орсон болохоор мэдэхгүй байна, таны саналыг сонсож байна гэсэн. / нарийн бичгийн дарга Аззаяа нь төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагч биш юм/ Тэгээд би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүхтэй уулзахад тэргүүлэгчид тогтоолоо яагаад өөрчилж болдоггүй юм бэ, чи бол хамгийн их улс төржсөн хүн, манайд чиний орон тоо байхгүй болсон, тэр шүүхээрээ явахгүй юу гэсэн хариу өгсөн. 

Ер нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар тогтоол дээр бол миний ажлын орон тоо байсан болохоор би мэдэгдлээ аваагүй, гэтэл сүүлд 57 дугаар тогтоол гэж гаргахдаа миний ажлын байр дотоод ажил гэсэн үг үсгийг байхгүй болгож байгаа нь өөрсдөө төрийн албан хаагчдыг улс төрийн нүдээр харж бүтэц нэрээр ажлын байрны нэрийг сольж иргэн намайг хохироож Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байна. 

Энэ 57 дугаар тогтоолыг бол зөвхөн хоёр хүнд зориулж гаргасан тогтоол / нябо Ариунзул, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Эрдэнэхүү/ бөгөөд ямар нэг хурал хийлгүй хэзээ хойно 4 сард хуурамчаар гаргасан гэж үзэж байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн заалтад хамаарахгүй байгаа юм. Тодруулбал: 

Нэгд. Би төрийн албан хаагч Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахгүй, Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. 

Хоёрт. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт тухайн ажлын байр үгүй болсныг, орон тоо цөөрсөн гэдэгт зохион байгуулалтын бүтцийн адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байдаг. 

Иймээс миний эрхэлж байсан ажлын байр үгүй болоогүй бөгөөд одоо ч гэсэн өөр хүн орлоод хийгээд байж байгаа юм. 

Тийм учраас миний хувьд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 57 дугаар тогтоолыг илт хууль бус гаргасан тогтоол гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 Мөн намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь хэсгийг барьсан нь “албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэсэн заалтыг зөрчсөн мэт захирамж гаргасан нь мөн хууль зөрчиж байна. Би ямар нэгэн улс төрийн нөлөөлөлд автаагүй бөгөөд харин ч өөрийн хариуцсан ажлаа нэр төртэй хийж гүйцэтгэж байсан бөгөөд намайг 2016 оны орон нутгийн сонгуулийн хороонд ажиллаж байхад мөн улс төржиж Ардчилсан намд үйлчилсэн гэж цагдаа, шүүхээр шалгуулаад 2017.01.11-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06 дугаар захирамжаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл одоо хүртэл намайг улс төрийн нөлөөнд автаж байна гэж үзээд ажлаас чөлөөлж байгаа нь тангараг өргөсөн төрийн албан хаагчийн нэр төрд ноцтой халдаж байгаа учраас нэр төрийг сэргээж хуучин ажилд минь эгүүлэн томилж өгнө үү.

Миний бие 2017 оны 04 сарын 17-нд ажлаас чөлөөлөгдөөд Төрийн албаны зөвлөлд 05 сарын 01-нд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 05 сарын 19-ний өдөр хариу ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017.04.17-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй шүүхэд ханд гэсэн байсан учраас танайд хандаж байна.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хэвээр үлдээж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-оос өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 4313394 төгрөг болж байгаа. Үүнээс ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмж, ээлжийн амралтын мөнгө болох 2360396 төгрөгийг хасаж 1952998 төгрөгийг буруутай этгээдээр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Я.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/16 тоот захирамж гарсан. Энэ захирамж хууль бусаар гарсан. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан 3 үндэслэлээр ажлаас хална. Энэ 3 үндэслэлийн алийг нь ч захирамжиндаа баримтлаагүй байна.

 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж болно гэж заасан. Энэ заалтыг давхар зөрчсөн. Иймээс Төрийн албаны зөвлөлд хандсан. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол, захирамжийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох эрх байхгүй. Тиймээс Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг зөв гэж шууд утгаар хэлээгүй боловч энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэж байгааг харахад хууль бус гэдгийг илтгэж байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл болон 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн албан хаагчийг тодорхой хугацаагаар төрийн албанаас халж болдог. Гэтэл энэ зүйл заалтуудыг нэхэмжлэгч алийг нь ч зөрчөөгүй байна. 

Я.Эрдэнэхүүгийн Голомт банкны дансны хуулгыг харахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ээлжийн амралт болон тэтгэмжийн мөнгө гэж 2360396 төгрөг орсон байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөс энэ орлогыг хасаж үлдсэн 1952998 төгрөгийг шүүхээр тогтоолгож хариуцагчаас гаргуулах бүрэн эрхтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/16 дугаар захирамж болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд Я.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол өөрөө засаг захиргаа, нутаг дэвсгэртэй, эдийн засаг нийгмийн цогцолбор байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж заасан. Энэ үндэслэлээр 57 дугаар тогтоолыг гаргасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан. Энэ эрхийнхээ дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 57 дугаар тогтоолоо хүчингүй болгосон байдаг. 

Үүнийг би Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтласан гэж үзэж байгаа. Б/16 дугаар захирамжаар Я.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн. Ингээд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдсэн. Мэдэгдэх хуудас өгсөн боловч Я.Эрдэнэхүү өөрөө аваагүй байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлын албаны хурал болсон. Энэ хурал дээр мөн мэдэгдэж хурлын тэмдэглэл үйлдсэн байдаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Эрдэнэхүү  нь нэхэмжлэлийн шаардлагаа  Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны 56 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны 57 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэр гаргуулах гэж тодорхойлсон.

 

      Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны  зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлөөс  2017 оны 05 дугаар сарын 19-ний 659 дүгээо албан бичгээр гомдолд хариу өгсөн байна.

 

      Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны 56 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнийг баталж шийдвэрлэхдээ нийт 11 орон тоотой баталсан байдаг. Энэ бүтцээр нэхэмжлэгч Я.Эрдэнэхүүгийн гүйцэтгэж байсан дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хэвээр үлдээсэн байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны 57 дугаар  тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж  дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэснийг хасаж шийдвэрлэсэн байдаг.

 

      Хариуцагч  нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 57 дугаар тогтоолыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Я.Эрдэнэхүүд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Буянтогтох, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

      Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” , 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцээгүй байна.

 

Мөн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг тус тус хангаагүй байна.

 

 Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “ Ажлаас чөлөөлөх тухай ” 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай” 57 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/16 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Эрдэнэхүүг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дотоод ажил, намын бүлэг хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.313.394 / дөрвөн сая гурван зуун арван гурван мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч Я.Эрдэнэхүүд олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.360.396 / хоёр сая гурван зуун жаран мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг хасч үлдэгдэл 1.952.998 / нэг сая есөн зуун тавин хоёр мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭТУЯА