Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00548

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ** дугаар багт оршин суух, Ш овогт Аын Мы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оныг дуустал манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.М шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1977 онд Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт сахиул, бэлтгэгчээр ажилд ороод 2016 оны 6 дугаар сарын 13-нд ажлаас гарсан. 2004, 2005 онд эсгий гэр маань шатаж бүх холбогдох материалууд маань шатчихсан. Миний нэр зөвхөн паспортан дээр Маар явдаг байсан. Тухайн үед Д гэдэг нэрээр цалин гардаг байсан. Тэр үед залуу байсан учраас цалин авсандаа баярлаад ирээдүйд тэтгэвэрт гарахад саад болно гэж бодоогүй. 1995 оноос шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгээд М нэрээр шимтгэлээ төлж ирсэн. 37 жил 9 сар зөвхөн нэг байгууллагад ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилласан жил маань гарахгүй байгаа учраас шүүхэд хандсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.М нь Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оныг дуустал манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 361 дугаартай Архивын лавлагаанд Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн 1977-1999 оны баримтыг архивт шилжүүлээгүй тул А.Мд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч хүсэлт гаргагч А.М нь Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан ньдараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Нэмэгдэл цалин гаргаж өгөх тухай тушаалд 1. Хүүхдийн цэцэрлэгийн манаач А.Д 7-8 сард 200 ширхэг мод, 25 ширхэг цэцгийг услаж байсан хугацааны хөлсийг гаргаж өгөхийг ня-бо Сд зөвшөөрсүгэй гэж бичигдсэн бичилт,

Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилчдын 1990 оны амралтын хуваарийн 16 дугаарт Д. Манаач. Улсад ажилласан жил-10, амралтын үндсэн хоног-22, эхлэх хугацаа-9.10, дуусах хугацаа-10.04 гэж бичигдсэн бичилт,

Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай тушаалд 1. Тус цэцэрлэгт манаачаар ажиллаж байгаа Ды ээлжийн амралтыг 10-р сарын 05-наас эхлээн олгосугай. 2. Ды амралтын мөнгийг бодож олгохыг ня-бо Сд зөвшөөрсүгэй гэж бичигдсэн бичилт,

Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 37 дугаартай тушаалд Тус цэцэрлэгт манаачаар ажиллаж байгаа А.Ды ээлжийн амралтыг 10-р сарын 12-ноос эхлэн олгосугай. 2. А.Ды ээлжийн амралтын мөнгийг бодож олгохыг ня-бо Сд зөвшөөрсүгэй гэж бичигдсэн бичилт,

А.Мы 1978 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн 383273 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1977 оны 9 дүгээр сараас 1990 оны 01 дүгээр сар хүртэл татвар төлж байсан тухай бичилт,

Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн С.С, М.Т нарын болон тус сумын 2 дугаар багийн иргэн Ж.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн ня бо З.Сы тодорхойлолт,

Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1985 оны цалингийн тооцооны хүснэгтийн 12 дугаарт Д, 1985 оны 7 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 8 дугаарт Д, 1985 оны 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 13 дугаарт Д, 1985 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн 13 дугаарт Д, 1985 оны 8 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 8 дугааарт Д, 1986 оны 7 дугаар сарын цалингийн хүснэгтийн 7 дугаарт Д, 1986 оны 6 дугаар сарын цалингийн хүснэгтийн 6 дугаарт Д, 1984 оны 01 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн 12 дугаарт Д, 1984 оны 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 12 дугаарт Д, 1984 оны 02 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 13 дугаарт Д, 1984 оны 6 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 12 дугаарт Д, 1984 оны 8 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 10 дугаарт Д, 1984 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн 2 дугаарт Д гэж бичигдсэн бичилт,

Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиул А.Мы /Д/ ажилласан хугацааны буюу 1989 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар хүртэл авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн лавлагаанд даатгуулагч А.Мы Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт 1995-1996, 1998-1999, 2002 онуудад шимтгэл төлж ажиллаж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл-ийн талаар бичигдсэн байх ба 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн Даатгалын тухай хууль хэрэгжиж ниймийн даатгалын санд шилжсэн учир хүсэлт гаргагч А.Мы 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оныг дуустал ажиллаж байсан байдлыг шүүхээс тогтоох шаардлагагүй гэж үзэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Мы шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн тооцооны хүснэгтүүд, болон тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалуудад нэр нь Д гэж бичигдсэн боловч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Мы ХААТР маягтуудад ********** регистрийн дугаартай Ш овогт Аын М гэх зурагтай лавлагаа ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн М.Т, Ногооннуур сумын 2 дугаар багийн иргэн Ж.М нарын тодорхойлолтыг үндэслээд А.Мы бичиг баримтуудад хоч нэрээр нь Д гэж бичигдсэн байна гэж үзлээ.

Иймд хүсэлт гаргагч А.М /хоч нэр Д/ нь Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сараас 2005 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аын М нь /хоч нэр Д/ 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оныг дуусталажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН