Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01789

 

 

*******

*******нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03279 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: **************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан 2.0 мВТ-1 ширхэг, 1,6 мВТ-1 ширхэг хүчин чадал бүхий зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,850,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Тосонцэнгэл сумын дулаан хангамжийн төвлөрсөн систем нь 1680,00 ккал/ц буюу 1800 квт/ц дамжуулах үйлдвэрлэх хүчин чадалтай усан халаалтын 4 ширхэг тогоотой. Энэ хугацаанд дөрвөн зуух нь дээд хүчин чадлаараа буюу нөөц зуухгүйгээр ажиллаж ирсэн...

*******үйл ажиллагааны хөтөлбөрт дулаан үйлдвэрлэх зуухыг өргөтгөх 80,000,000 төгрөгийг тусгуулан тендер зарласнаар “*******” ХХК тендерт шалгарч ЗАТЦСЗДТГ/202004056 дугаартай гэрээ байгуулсан.

1.2.Тус компанийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарал үүсэл, хүчин чадал нь тодорхойгүй дулаан үйлдвэрлэх 2 ширхэг зуух болон шаардагдах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, угсрах ажил нь гэрээнд заасан хугацаанд хийгдээгүй бөгөөд цаг агаар хүйтэрч халаалтын улирал эхэлсэн байсан тул зайлшгүй галлагааг эхлүүлж, үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарсан тул 55,650,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.3.Энэ хугацаанд галлагааны явцад үүсэж байсан хүндрэл, доголдлыг арилгуулахаар “*******” ХХК-д хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд дурдагдсан доголдол, эвдрэлүүдийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд гүйцэтгэгч компаниас ирж гэмтэл доголдлуудыг арилгах ажиллагаа хийгдсэн боловч уг ажил нь галлагааны үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, шинээр суурилагдсан хоёр зуух нь гэрээнд заагдсан зуухны хүчин чадалд хүрэхгүйн улмаас дахин нөөц зуухны хэрэгцээ үүссэн бөгөөд гэнэтийн аваар осол, гэмтэл доголдлын үед бэлэн байдлаа хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээний биелэлт хангагдаагүй гэж үзэн “*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүргээ зөрчсөн.

1.4.Иймд гэрээнд заагдсан 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий хоёр  ширхэг зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.“*******” ХХК нь **************тамгын газраас 2020 оны 8 дугаар сард эмнэлгийн уурын зуухны өргөтгөл шинэчлэлийн ажлын тендерт шалгарч гэрээний үүргийн дагуу ОХУ-ын ******* хотын “*******” ХХК-ийн бүтээгдэхүүн болох 2.0 м.вт болон 1.6 м.вт усан халаалтын хоёр ширхэг тогоог бусад тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн.

2.2.Суурилуулсан халаалтын тогоо 2020 оны халаалтын улирлын хугацаанд ямар нэгэн асуудалгүй ажиллаж, ашиглагч байгууллага болон сумын аж ахуйн нэгжүүдийг хохироогоогүй хэвийн ажилласан. Гэвч ажлаа хүлээлгэн өгч 2020 онд санхүүжилтээ авах гэсэн боловч “********” ОНӨААТҮГ-ын дарга ******** нь манайхыг хуурамч бичиг баримттай зуух суурилуулсан, халахгүй байна гэх асуудал үүсгэсэн.

2.3.Зуухыг жигдрүүлж хүлээлгэн өгөх 1 жилийн хугацаанд *******ОНӨААТҮГ-ын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай албан бичгийн дагуу ажлуудыг хийвэл ажлаа хүлээн авна гэсэн ба манай байгууллага уг санал зөвлөмжүүдийг биелүүлж нэмэлт ажлуудад алдагдал хүлээн ажлыг цар тахлын хүндрэлтэй нөхцөлд мэргэжлийн алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар дутуу хийгдсэн ажил байхгүй. Гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдолгүй болно гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.*******, 2020 тоот гэрээний дагуу олгох санхүүжилт болох 79,500,000 төгрөгөөс 55,650,000 төгрөгийг манай компанид шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Иймд үлдэгдэл санхүүжилт 23,850,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

3.2.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн шинжээч томилсон бөгөөд шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээс төлөх байсныг төлөлгүй хугацаа алдсан тул хариуцагч компаниас 6,000,000 төгрөгийг шинжээчийн хөлсөнд төлсөн.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,850,000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 6,000,000 төгрөг, нийт 29,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1.*******” ХХК-аас гэрээнд заасан дараах үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй болно. Үүнд:

 -Дулаан үйлдвэрлэх усан халаалттай зуухны 2.0 м.вт, 16 м.вт-н хүчин чадалтай зуухыг суурилуулаагүй,

-Буцах шугамын хаалт хааж нээх боломжтой болгож, буцах шугамын хоолойг зуухны хойд хэсгийн үнсийг авах амнаас хол байрлуулаагүй.

 -Зуух байрлуулсан барилга нь ажил үүрэг гүйцэтгэх, шугам хоолойд үзлэг шалгалт засвар хийхэд хүндрэлтэй болгосон,

-Яндан, үнс баригчийн хэсэгт өргөтгөл хийсэн барилгын хана нь яндангийн чичиргэгчээс шалтгаалан цууралт өгч хагаран, нурсан,

-Хоёр зуухны аманд агааржуулалтын хоолой хийгээгүй,

-Гэрэлтүүлэг, цахилгааны монтажийг шаардлага хангахгүй,

-Зуухны утаа сорогч цахилгаан моторыг ажлын нөхцөлд тохируулан ажиллаж байхаар тохируулаагүй.

 -Галлагааны явцад зуухны үндсэн ширмэн шүүр нь ачаалал даахгүй удаа дараа хагарч, цөмөрсөн.

-Дулаан дамжуулах шугамын хий баригчийг хэвийн ажиллагаагүй байгаа байдлаас үүдэн гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 23,850,000 төгрөг шилжүүлээгүй болно.

4.2.Түүнчлэн шинжээчийн зардал 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцан төлөх боломжгүй бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэгдэхэд шийдвэрлэх боломжтой.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-д  холбогдох 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий 2 зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулах тухай **************нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ********** ********** гэрээний үүрэгт 23,850,000 төгрөгийг гаргуулж  хариуцагч “*******” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 305,850 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж,  нэхэмжлэгч **************Тамгын газраас шинжээчийн зардал 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 305,850 төгрөг, нийт 6,305,850 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “туршилтын үр дүнгээс үзэхэд 2.0 м.вт зуухны бодит дулааны хүчин чадал ажиллагааны горим, ашиглалтаас шалтгаалан нэрлэсэн хүчин чадлаасаа 83-70 хувиар бага, 1.6 м.вт зуухных нэрлэсэн хүчин чадлаасаа 80-69 хувиар бага байгаа” гэж дүгнэсэн бөгөөд  хариуцагч талын суурилуулсан зуух нь нэрлэсэн хүчин чадалдаа хүрэхгүй байгааг илтгэж байна.

Мөн тус дүгнэлтийг гаргасан шинжээч болох *******  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамтдаа ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй байх тул өөр шинжээчийг Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасны дагуу томилох байсан атал огт шинжээч томилолгүй шийдвэрлэсэн.

6.2.Тус шүүхийн шийдвэрийн 13 хуудсанд "Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны Э.Т-ШД11/22 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй" гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно." гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу шинжээчийн дүгнэлтгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

6.3.Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 210/МА2023/00375 дугаартай магадлал гарсан бөгөөд тус магадлалаар шинжээч томилж хэргийг хянан шийдвэрлэхийг даалгаж дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байх боловч анхан шатны шүүхээс тус арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй шийдвэрлэсэн.

Иймд хэргийг үнэн зөв эргэлзээгүй хянан шийдвэрлэхийн тулд маргаан бүхий зуухнуудыг нэрлэсэн хүчин чадалдаа бүрэн хүрч байгаа эсэхийг шинжээч томилон тогтоолгох шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

7.1.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

7.2.Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх өмнөх магадлалын алдаа зөрчлийг арилгаагүй гэх зүйлийг дурддаг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангасан боловч эрх бүхий этгээдээс энэ ажиллагааг хийх боломжгүй гэх хариу тайлбарыг ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгч талын эрх сэргэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, дахин хүсэлт гаргаагүй. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс “хүсэлт” байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулахад “байхгүй” гэж хэлснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан,  гэрээний дагуу 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий 2 ширхэг зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, гүйцэтгэсэн ажил чанарын доголдолгүй, жижиг зай талбайтайгаас үнсийг сайн цэвэрлэдэггүй, зуухны техникийн паспортын үзүүлэлтэд заасан нүүрсний хэмжээгээр галлагаа хийгээгүй зэргээр ашиглагчийн буруутай ажиллагаанаас үүдэлтэй хүчин чадлаараа ажиллаагүй” үндэслэлээр эс зөвшөөрчээ. Улмаар хариуцагчаас  ажлын хөлсний үлдэгдэл 23,850,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг “гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой” үндэслэлээр нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.Тосонцэнгэл сумын *******Тамгын газар болон “*******” ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан,  гэрээгээр Гүйцэтгэгч нь ******* багт байршилтай, “*******” ОНӨААТҮГ-н дулаан үйлдвэрлэх усан халаалттай зуухны 2.0 м.вт,  1.6 м.вт-ын хүчин чадал бүхий 2 зуухыг нийлүүлэх, шаардагдах тоног төхөөрөмжийг суурилуулж угсран ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэхээр, Захиалагч ажлын хөлс   79,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

3.2.Хариуцагч хоёр ширхэг зуухыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нийлүүлсэн, Захиалагч ажлын хөлснөөс 55,650,000 төгрөгийг төлсөн.

Харин зохигчид суурилуулсан хоёр ширхэг зуух гэрээнд заасан шаардлага хангаж байгаа эсэх, ажлын үр дүн доголдолтой эсэхэд маргасан байна. 

 

4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий 2 ширхэг зуухыг суурилуулж гэрээний үүргийн биелэлт хангуулах гэж тодорхойлсон боловч доголдлын улмаас ажил гүйцэтгэгчид холбогдуулж шаардлага гаргаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийн алийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан болох, нэгэнт суурилуулсан хоёр ширхэг зуухыг хэрхэх зэргийг тодруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

4.2.Хэрэгт талуудын хооронд байгуулсан 2 хуудас ажил гүйцэтгэх гэрээ авагдсан, харин тус гэрээний 5-д заасан үнийн санал, гэрээний тусгай нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөл, техникийн тодорхойлолт, зураг зэргээр гэрээний хавсралтууд баримтаар авагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс “гэрээнд ... хоёр зууханд түлэх нүүрсний илчлэг ямар байх, ямар илчлэгтэй нүүрс түлж болох зуух нийлүүлэх саналыг худалдан авагчид гаргаагүй, энэ талаар гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлөөр харилцан тохиролцоогүй” гэж, мөн “гэрээний саналд тухайн зуух коксжих эсвэл хүрэн нүүрс түлэх аль нэг шаардлагыг оруулаагүй” гэж, “гэрээнд заагаагүй барилгын өргөтгөл бариулах нэмэлт ажлыг гүйцэтгүүлсэн” гэж ямар баримтад тулгуурлаж эрх зүйн дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй.

Мөн хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...дээрх хоёр дулаан үйлдвэрлэх зуухны хувьд үйлдвэрлэгчийн техникийн паспортод баталгаажуулсан нүүрс нь “*******” нэрийн нүүрс байна. Энэ нүүрсний хувьд илчлэг нь 8600 ККал/кг ... байхад одоо түлж байгаа “*******” нүүрс нь 6224 Ккал байна...”Тосон очирт хайрхан” ОНӨААТҮГ-ийн ерөнхий технологичоос ирүүлсэн диспетчерийн мэдээний журналаар ... 1,04 м.вт хүчин чадал гарч байсныг харуулж байна...” гэж,

ШУТИС-ын зуухны туршилт, судалгааны төвийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн туршилтын ажлын дүгнэлтэд “Гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн КВр-1.6 маягийн зуухны техникийн паспортын ... нүүрсний илчлэгийг тооцвол 4487,8 ккал/кг гарч байна. Харин КВр-2.0 маягийн зуухны техникийн паспортын хүчин чадал 4473.36 Ккал/кг гарч байна... Бидний хийсэн туршилтын үед ашигласан нүүрсний илчлэг /Могойн гол/ 5303 Ккал/кг байгаа нь тухайн үйлдвэрлэгчийн тооцоот утгаас илүү илчлэгтэй байгаа тул паспортод заасан ...зуухны хүчин чадлыг бүрэн гаргах боломжтой гэж үзэж байна.  Зуухыг нийлүүлсэн компаниас өгсөн техникийн паспорт, зуух ашиглагч компаниас интернэтээр олж авсан зуухны үйлдвэрлэгч компаниас гаргасныг харьцуулан үзвэл зуухны галын хотлын нүүрний экраны тоо урт хоолойноос 2 ширхэг дутуу, зуухны хажуугийн экраны тоо 2 ширхэг дутуу, конвектив хэсгийн хоолойн тоо 4 ширхэг дутуу. ... Тэгэхээр ийм хэмжээгээр зуухны дулаан дамжуулах халах гадаргуу багассанаар зуухны хүчин чадал мөн хэмжээгээр дутах нөхцөл үүссэн болохыг харуулж байна” гэж дүгнэсэн байна.

Дээрх хоёр дүгнэлтээс үзвэл анх гэрээ байгуулах үед нийлүүлэхээр тохирсон зуухны техникийн тодорхойлолтод юуг тусгасан, суурилуулагдсан зуух нь үнийн санал өгч гэрээ байгуулагдах үед гаргасан техникийн тодорхойлолтод заасан зуух мөн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

4.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс шинжээч *******ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/12652 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авчээ. Хүсэлт гаргагч дээрх хүсэлтээсээ татгалзсан баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзнэ. /2хх 17-18, 20/

Анхан шатны шүүх, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтад дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

5.Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                               О.ОДГЭРЭЛ