Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00549

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Бийн Зы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.З, гэрч, Х.Д, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А  Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Бугат сумын Улаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.З шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Бугат сумын Улаантолгой бригадад малчнаар 1973 оны 08-р сарын 01-нээс 1988 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан нь хөдөлмөрийн дэвтэрт бичлэг хийгдсэн боловч Бугат сумын 70 дугаар дансны 1973-1988 оны баримт архив шатсан шалтгаанаар аймгийн архивд шилжүүлээгүй тул архиваас гарахгүй байгаа. Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1973 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 15 жил Бугат сумын Улаан толгой бригадад малчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.З нь 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Бугат сумын Улаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.З нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэж шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 23-ны өдрийн 345 дугаартай архивын лавлагаа, 1973 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 321772 дугаартай Цэргийн батлах, суурийн дэвтрийн хуулбар, суурийн малын тооцоо бодсон акт, Ж.Табарак, Х.Д, Б.Доман нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1345 дугаартай архивын лавлагаанд Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Онцгой хэсгийн цалин хөлсний 70 дугаар дансны 1973-1987 оны баримтыг архивт шилжүүлээгүй байх тул Б.Зд архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч өөрийн шаардлагаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Х.Дийн мэдүүлэг нь мэдүүлэгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлж ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Хавтаст хэрэгт хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн суурийн дэвтрийн зөвхөн эхний хуудсанд З ахлагчтай суурь гэж бичигдсэн боловч доторх бичилтүүдийг чухам хэн бичсэн нь тодорхой бус учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хүсэлт гаргагч Б.Зы хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн суурийн малын тооцоо бодсон акт-ийг чухам ямар албан тушаалтан хөтөлсөн нь тодорхойгүй, байгууллагын ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.З нь шүүхэд гаргасан хүсэлтэд ... 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Бугат сумын Улаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж бичсэн бөгөөд шүүх хуралдаанд энэ байдлаар тайлбарласан боловч түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн саарал өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр болон улаан өнгийн хавтастай 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймаг, Бугат сум, Жаргалын зам нэгдэл гэж бичилт хийгдсэнээс харахад уг хөдөлмөрийн дэвтрүүд нь хүсэлт гаргагч Б.Зы Бугат сумын Улаан толгой бригадад ажиллаж байсан байдлыг тогтоолгоход ач холбогдол бүхий нотолгоо гэж үзэх боломжгүй, дээрээс нь уг хөдөлмөрийн дэвтрүүд засвартай, 1-12 саруудын ажилласан хоногийг 30 хоногоор бөглөж бичсэн, зарим нэг саруудад бичилт хийсэн мөртлөө ямар нэгэн тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Хүсэлт гарагч Б.Зы 1975 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 08-ний өдөр хүртэл цэргийн алба хааж байсан нь хавтаст хэрэгт авагдсан 321772 дугаартай "цэргийн батлах"-ын үнэмлэхээр тогтоогдож байгаа бөгөөд иргэний цэргийн алба хааж байсан байдлыг улсад ажилласанд тооцож шүүхээс тогтоох боломжгүй байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Бийн Зы 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Бугат сумын Улаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Зы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН