Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00550

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулах, К ХХК /захирал А.А/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар /дарга Х.Т/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээгээр хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 160 572 396 төгрөг, алданги 26 983 859 төгрөг, нийт 187 556 255 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч К ХХК-ний захирал А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг, мөн 12-р багийн нутаг дэвсгэрт түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шинээр хүүхдийн цэцэрлэгүүдийн барилгыг барихаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газартай2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БӨА-001/2015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулсан билээ. Тус компани нь гэрээний дагуу Өлгий сумын 4-р баг, мөн 12-р багийн нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн барилгуудыг барьж дуусгаж. 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдөр "барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын №37, №38 дугаар актуудаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн Гэрээний үнэ буюу барилгуудын тус бүрийн ажлын нийт төсөвт өртөг нь 438 736 198 /дөрвөн зуун гучин есөн сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун ерэн найм/ төгрөг бөгөөд үүнээс Өлгий сумын 4-р багт баригдсан хүүхдийн цэцэрлэгт 352'900 000 төгрөг, Өлгий сумын 12-р багт баригдсан хүүхдийн цэцэрлэгт 364 000000 төгрөг нийт 716 900000 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар тус тус авсан байгаа. Гэрээгээр хэлэлцэн тохирсон ажил гүйцэтгэсний хөлсний үлдэгдэл санхүүжилт болох Өлгий сумын 4-р багт баригдсан хүүхдийн цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилт 85 836 198 төгрөг мөн Өлгий сумын 12-р баг т баригдсан хүүхдийн цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилт 74736198 төгрөг нийг 160'572'396 төгрөгийн санхүүжилт захиалагч одоо хүртэл төлөөгүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч тал аймгийн ЗДТГ -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тэдний захиалгыг өөрсдийн хөрөнгө болон ажиллах хүчээр чанар сайтай барьж улсын комисст хүлээлгэн өгсөн ба одоо барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгуудыг Өлгий сумын 4-р баг, мөн 12-р багийн хөдөлмөрчдийн хэрэгцээнд ашиглаж байгаа болно. /Дутуу санхүүжилтийг гэрээний нөхцөлийн дагуу хугацаанд олгох талаар аймгийн ЗДТГ-аас удаа дараа шаардсан боловчүлдсэн санхүүжилтийг олгохгүй байна. Ингэснээр хариуцагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл аймгийн ЗДТГ-аас санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд бүрэн авч чадахгүй байгаагаас болж банкны өндөр хүүтэй зээл болон зээлээр авсан барилгын материалын үнэ нэхэмжлэгдэж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж хохирч байна. Аймгийн ЗДТГ-тай 2015 07.06-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Өлгий сумын 4-р баг. мөн 12-р багт шинээр цэцэрлэг барих БӨА-001/2015 тоот гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8 3-т "гэрээний нийт үнэ: 438 736 198 төгрөг, Үүнээс: 2015 оны 7-р сарын 20-ны дотор 80 000 000 төгрөг, 2016 оны 7-р сарын 01-ний дотор 358 736 198 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заасны дагуу манай компани дээрдурдсанчлан гэрээний үүргээ биелүүлж 2015.12.28-ний өдөр цэцэрлэгийн зориулалттай барилгуудыг Улсын комиссын № 37. №38 дугаар актуудаар хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.7, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу захиалагч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр (төлбөр бүрэн хийгдсэн өдөр хугацаа хүртэл) тус тус заасан. Тийм учраас хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги нэмж шаардаж байна. 1. Өлгий сумын 4-р багт баригдсан цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтийн алданги тооцоолоход 2016 оны 7-р сарын 01-нии өдрөөс 2016 оны 7-р сарын 22-ний өдөр хүртэл 21 хоног хэтрүүлсний алданги тооцоход (108836198 төг х 0,3%=326508,59 х 21 хоног) = 6856680.47 төгрөг. 2016 оны 7-р сарын 22-ний өдрөөс 2016 оны 8-р сарын 19-нии өдөр хүртэл 29 хоног хэтрүүлсний алданги тооцоход (85836198 төг х 0,3 % = 257508.59 х 29 хоног) = 7467749 23 төгрөг нийт 14324429.70 төгрөг болж байна. Жич: Шүүхэд нэхэмжлэлгаргасан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд бодогдох алданги бусад зардлыг тодруулгаар нэмж нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын дарга Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "К" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Өлгий сумын 4, 12 дугаар багт тус бүрт хүүхдийн цэцэрлэгийн барилга барих тендер зарлагдаж улмаар тус тендер шалгаруулалтаар " К" ХХКомпани шалгарсан байна. Тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БӨА-001/2015 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээний ерөнхий нөхцөл нь 4, 12 дугаар багт байршилтай, тус бүр нь 50 хүүхдийн хүчин чадал бүхий 1240 ам.метр талбайтай, шугаман бетон суурьтай тоосгон хана цутгамал хучилттай, 2 давхар шувуу нуруу бүхий шинээр барих, барилгын угсралтын ажлыг холбоо, цахилгааны бүрэн хангамжтай, гадна цонхтой, гүний худагтай, инженер шугам сүлжээ бүхий бие даасан зуухтай хамт 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 34-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. Дээрх хоёр цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 877472396 төгрөг юм. Одоогийн байдлаар 716900000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээд байна. Үүнээс 160572396 төгрөг үлдсэн байна. Үлдэгдэл мөнгийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь Орон нутгийн хөгжлийн санд Сангийн яамнаас санхүүжилт хийхгүй байгаа тул төлбөрөө бүрэн барагдуулах боломжгүй байна. Сангийн яамнаас санхүүжилт орж ирсэн нөхцөлд барагдуулах арга хэмжээ авах болно. Харин төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тул алданги болох 26983859 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь захиалагч тал гүйцэтгэгч талтай алданги төлөх талаар гэрээнд тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг гэсэн заалтууд гэрээнд тусгагдаагүй заалт байна гэжээ.

Нэхэмжлэгч " К" ХХК-ний захирал А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Манай компани тус шүүхэд хандаж Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл болох 160 572 396 төгрөг, алданги 26 983 859 төгрөг нийт 187 556 255 төгрөг гаргуулахаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 160 572 396 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "... Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ...багасгах ... эрхтэй" гэж заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алданги болох 26 983 859 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 160 572 396 төгрөгийг л нэхэмжилж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл болох 160 572 396 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Жич: Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаснаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын дарга Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартай танилцав. Иймд К ХХК зөвхөн ажил гүйцэтгэсний гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 160 572 396 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас барагдуулах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазарт холбогдох Гэрээгээр хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 160 572396 төгрөг, алданги 26 983 859 төгрөг, нийт 187 556 255 төгрөг-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К ХХК-ний захирал А.А нь шүүхэд нэмэлт тайлбар ирүүлж, алданги 26 983 589 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазраас нэхэмжлэхгүй байхаар болж, зөвхөн ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл болох 160 572 396 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээ болох 160 572 396 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1095762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 960812 төгрөгөөс аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 480406 төгрөг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 480406 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Т нь нэхэмжлэгч К ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 160 572 396 /нэг зуун жаран сая таван зуун далан хоёр мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1095762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 480406 төгрөг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 480406 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ