Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01903

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан “*******” ХХК-ийн хийсэн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргахдаа үндэслэлээ: хураагдсан төмрийн хүдрийн баяжмал нь 62 хувийн агууламжтай, одоогийн зах зээлийн ханш тонн тутамд 88.39 ам доллароор үнэлэгддэг байтал илтэд доогуур тонн тутамд 73.46 ам доллароор үнэлж, 9 ам долларын зөрүү гарсан, зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, Ашигт малтмал газрын тосны газрын цахим сайт дах үнийн мэдээлэл 88.39 ам доллар байгаагаар нотлогдоно” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч үнэлгээ хэт бага болохыг баримтаар нотлоогүй” гэж тайлбарлажээ. Гуравдагч этгээд болох төлбөр авагч “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-ны зүгээс хариуцагчийг дэмжиж оролцжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1.Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр "*******" ХХК-аас 78,564,754,847 төгрөгийг гаргуулж, Европын сэргээн босголт хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

4.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “*******” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлангаар, ******* аймгийн ******* боомтын гаалийн хяналтын талбайд байрлах төлбөр төлөгч "*******" ХХК-ийн төлбөрт хураагдсан 52,239.25 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 13,730,281,508 төгрөгөөр үнэлсэн. 

4.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-224/13371 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “*******” ХХК-д шинжээчийн тогтоосон дээрх үнэлгээг мэдэгдсэн. 

 

5.Шинжээч үнэлгээний тайландаа 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчээр томилсон тогтоолын дагуу үнэлгээг хийсэн талаар дурдаж, тайлангийн 4.1-т үнэлгээг хийхдээ төмрийн хүдрийн 62 хувийн агууламжтай баяжмалын үнийн мэдээллийг, Ашигт малтмал газрын тосны газраас сар бүр гаргаж олон нийтэд нийтэлдэг Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний зарлагдсан олон улсын зах зээлийн үнэ,  БНХАУ-ын Тяньжин боомтын CRF үнэ, АНУ, Чикагогийн худалдааны биржийн төмрийн хүдрийн баяжмалын CRF нөхцөлтэй фьючерс үнэ болон “*******” ХХК-ийн төмрийн хүдэр борлуулалтын гэрээний үнэ бусад нээлттэй эх сурвалжуудаас үнийг судалсан талаараа тусгаж, улмаар нэг тонн баяжмалын үнийг 262,834.58 төгрөгөөр тогтоон, нийт үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсгийн “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлагад нийцсэн, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

6.Дээрх үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн үндэслэл болгосон Ашигт малтмал газрын тосны газрын цахим сайт дах үнийн мэдээллийг сүүлийн 9 сарын байдлаарх сар бүрийн мэдээллийг тусгасны дотор 2025 оны 5 дугаар сард нэгж үнэ 88.39 ам доллар гэж тусгагдсан байна. Үүнээс гадна төлбөр төлөгч “*******” ХХК-аас бусдад төмрийн баяжмал худалдан борлуулахаар тохиролцсон гэрээний нэгж үнэ 70 ам доллар буюу Ашигт малтмал газрын тосны газраас зарласан үнээс 26,15 хувиар бага байгааг дурдаж, дээрх байдлаар олон улсын болон дотоодын үнэ, төлбөр төлөгчийн өөрийн гэрээний үнэ зэргийг харьцуулах замаар үнийг тогтоосон талаараа үнэлгээний тайланд дурдсан байна. Иймд үнэлгээ хэт бага талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчид хууль сануулж, эрх, үүрэг тайлбарласан баримтад “...хураагдсан 52,239.25 тонн төмрийн хүдрийн баяжмал”-д үнэлгээ тогтоох шаардлагатай талаар тусгагдсан байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул нэхэмжлэгчийн “шинжээч юуг үндэслэж 52,239.25 тонн гэж тодорхойлсон нь ойлгомжгүй” гэсэн давж заалдах гомдлыг  хангахгүй.

 

8.Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ. Харин шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

           

          9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “49 дүгээр зүйлийн 49.5, 54 дүгээр зүйлийн 54.4” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.МӨНХЦЭЦЭГ
 

                                            ШҮҮГЧИД                             Э.ЭНЭБИШ

 

                                               О.ОДГЭРЭЛ