| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00532/И |
| Дугаар | 130/ШШ2016/00551 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2016/00551
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ж ХХК /захирал А.Б/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар /дарга Х.Т/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээгээр хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 87 736 198 төгрөг, алданги 14 609 429 төгрөг, нийт 102 345 627 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж ХХК-ны захирал А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р багийн нутаг дэвсгэрт түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шинээр хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газартай2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БӨА-001/2015 дугаартай гэрээ байгуулсан билээ. Тус компани нь гэрээний дагуу хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж дуусгаж, 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдөр "барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай" улсын комиссын №39 дүгээр актаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Гэрээний үнэ буюу барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 439736198 /дөрвөн зуун гучин есөн сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун ерэн найм/ төгрөг бөгөөд үүнээс 351000000 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар авсан байгаа. Гэрээний дагуу хэлэлцэн тохирсон ажлын хөлсний үлдэгдэл санхүүжилт болох 87736198 төгрөгийг захиалагч одоо хүртэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал аймгийн ЗДТГ-тай байгуулсан БӨА-001/2015 дугаартай гэрээний дагуу тэдний захиалгыг өөрсдийн хөрөнгө болон ажиллах хүчээр чанар сайтай барьж улсын комисст хүлээлгэн өгсөн ба одоо барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Өлгий сумын 9-р багийн хөдөлмөрчдийн хэрэгцээнд ашиглаж байгаа болно. Дутуу санхүүжилтийг гэрээний нөхцөлийн дагуу хугацаанд олгох талаар аймгийн ЗДТГ-аас удаа дараа шаардсан боловч үлдсэн санхүүжилтийг олгохгүй байна. Ингэснээр хариуцагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасныг зөрчиж байна. Нөгөө талаас Аймгийн ЗДТГ-аас санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд бүрэн авч чадахгүй байгаагаас болж банкны өндөр хүүтэй зээл болон зээлээр авсан барилгын материалын үнэ нэхэмжлэгдэж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж байна. Аймгийн ЗДТГ-тай 2015.07.06-ны өдөр байгуулсан хүүхдийн цэцэрлэг барих БӨА- 001/2015 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т "гэрээний нийт үнэ: 438736198 төгрөг. Үүнээс: 2015 оны 7-р сарын 20-ны дотор 80000000 төгрөг, 2016 оны 7-р сарын 01-ний дотор 358 736 198 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасны дагуу манай компани дээр дурдсанчлан гэрээний үүргээ биелүүлж 2015.12.28-ний өдөр барилгыг Улсын комиссын № 39 тоот актаар хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу захиалагч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр (төлбөр бүрэн хийгдсэн өдөр хугацаа хүртэл) заасан. Тийм учраас хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги нэмж шаардаж байна. Алдангийг тооцоолоход: 2016 оны 7-р сарын 01-иий өдрөөс 2016 оны 7-р сарын 22-ний өдөр хүртэл 21 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (110736198 төг х 0,3%=332208,59 х 21 хоног) = 6976380,47 төгрөг, 2016 оны 7-р сарын 22-ний өдрөөс 2016 оны 8-р сарын 19-ний өдөр хүртэл 29 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (87736'198 төг х 0,3%=263208,59 х 29 хоног) = 7633049.23 төгрөг нийт 14'609'429 төгрөг болж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар /дарга/-аас ажил гүйцэтгэсний дутуу санхүүжилт болох 87'736'198 төгрөг, алданги 14'609'429 төгрөг нийт 102'345'627 /нэг зуун хоёр сая гурван зуун дөчин таван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: "Ж" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Өлгий сумын 9 дүгээр багт хүүхдийн цэцэрлэгийн барилга барих тендер зарлагдаж улмаар тус тендер шалгаруулалтаар "Ж" ХХК шалгарсан байна. Тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БӨА-001/2015 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээний ерөнхий нөхцөл нь 9 дүгээр багт байршилтай, 50 хүүхдийн хүчин чадал бүхий 1240 ам.метр талбайтай, шугаман бетон суурьтай тоосгон хана цутгамал хучилттай, 2 давхар шувуу нуруу бүхий шинээр барих, барилгын угсралтын ажлыг холбоо, цахилгааны бүрэн хангамжтай, гадна цонхтой, гүний худагтай, инженер шугам сүлжээ бүхий бие даасан зуухтай хамт 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. Барилгын ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 439736193 төгрөг юм. Одоогийн байдлаар 271000000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээд байна. Үүнээс87736193 төгрөг үлдсэн байна. Үлдэгдэл мөнгийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь Орон нутгийн хөгжлийн санд Сангийн яамнаас санхүүжилт хийхгүй байгаа тул төлбөрөө бүрэн барагдуулах боломжгүй байна. Сангийн яамнаас санхүүжилт орж ирсэн нөхцөлд барагдуулах арга хэмжээ авах болно. Харин төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй тул алданги болох 14609429 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь захиалагч тал гүйцэтгэгч талтай алданги төлөх талаар гэрээнд тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг гэсэн заалтууд гэрээнд тусгагдаагүй заалт байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж ХХК-ны захирал А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Манай компани тус шүүхэд хандаж Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл болох 87736198 төгрөг, мөн алданги 14609429 төгрөг нийт 102345627 төгрөг гаргуулахаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 87736198 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "... Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ...багасгах ... эрхтэй" гэж заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алданги болох 14609429 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 87736198 төгрөгийг л нэхэмжилж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл болох 87736198 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Жич: Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаснаас гарах үр дагаврыг сайн ойлгосон гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ж ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартай танилцав. Иймд Ж ХХК зөвхөн ажил гүйцэтгэсний гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 87736198 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас барагдуулах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазарт холбогдох гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 87 736 198 төгрөг, алданги 14 609 429 төгрөг, нийт 102 345 627 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж ХХК-ний захирал А.Б нь шүүхэд нэмэлт тайлбар ирүүлж, алданги 14 609 429 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазраас нэхэмжлэхгүй байхаар болж, зөвхөн ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл болох 87 736 198 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээ болох 87 736 198 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн ЗДТГазар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Нэхэмжлэгч Ж ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 596631 төгрөгөөс аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 298315 төгрөг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 298315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т нь нэхэмжлэгч Ж ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 87 736 198 / наян долоон сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 298315 төгрөг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс 298315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ