Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 338

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 19180051200383  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ................ тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 203 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.О

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О  нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг, Хараагийн 1-1 тоот хашаанд О.Б-той маргалдан улмаар түүнийг архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Б-ын “...О юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Ямар ч байсан бид хоёр маргалдаад байсан. Тэгээд намайг нэг удаа цохисон тэр үед нь би босож ирээд дээрээс нь дараад уначихсан юм. Тэгсэн халуу дүүгээд л цус гараад эхэлсэн. Би эхлээд шилээр зүсчихлээ гэж бодоогүй, бид хоёр болиод би зүгээр зүгээр гээд гэр рүүгээ яваад өгсөн. Гэртээ очсон чинь эхнэр намайг хараад наад шархнуудыг чинь оёулахгүй бол болохгүй гээд эмнэлэг явж оёулаад тэгээд цагдаа дээр ирсэн. Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр болсон. Эмчилгээний зардал 300,000 төгрөг болсныг Очирпүрэв төлчихсөн байгаа. Одоо миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Х.А-ын “...гэнэт дээр доороо ороод л зодолдоод эхэлсэн. Тэгсэн чинь Б-гийн зүүн талын мөр гэдэснээс цус гарсан байхыг хараад би тэр хоёрыг салгасан. Хурдан болоод өнгөрсөн болохоор П-г хаанаас архины шил авсныг би анзаараагүй, гэхдээ ямар ч байсан бид нарын ууж байсан хараа гээд архины шил байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 601 дугаартай “...О.Б-ын биед зүүн далны гадна хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг, цээжний ар болон зүүн бугалганы гадна хэсгийн зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Б.О ийн “...ямар ч байсан би босож ирээд уурандаа архины шил аваад хагалаад тэр хүнийг хатгачихсан. Яг хэдэн удаа ямар байдалтай байхад нь гэдгийг огт санахгүй байгаа. Ухаан санаа орж гараад байсан болохоор ямар ч байсан шил хагалаад зүсэж байснаа санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хэргийн 69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж прокурорын торгох ялын саналыг хүлээн авч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, сард олдог орлогынх нь хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч О.Б нь хохирол төлбөр, эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн богино ханцуйтай цамц 1 ширхэг, богино өмд 1 ширхэг, хагархай архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн богино ханцуйтай цамц 1 ширхэг, богино өмд 1 ширхэг, хагархай архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД