| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/15987/И |
| Дугаар | 210/МА2025/01901 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01901
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч шүүх хуралдааны явцад хариуцагч зарим хэсгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч “өмгөөллийн үйл ажиллагааг хангалттай явуулаагүй, цагдаагийн байгууллагад нэг л удаа хамт очсон, тохирох хөлсийг олгосон” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
4.Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
4.1.Зохигчид 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан, гэрээний 3.1-д хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 5,000,000 төгрөг, 3.4-т хэрэв шалгагдаж байгаа гомдлыг хэрэг үүсгэхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэмж 5,000,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх.9-10/
4.2.Хариуцагч хөлсөнд нийт 3,850,000 төгрөг төлсөн, мөн хариуцагчийн холбогдсон гэх эрүүгийн хэрэгт прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан үйл баримтад маргаагүй байна. /хх.11, 28, 29/
5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч гэрээний 3.1-д заасан хөлсийг шаардах эрхтэй. Хэргийн баримтаар хөлс 5,000,000 төгрөгөөс 3,850,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Гэрээгээр тохирсон ажлын хөлс бүрэн төлөгдөөгүй байдал тогтоогдсон тул “үзүүлсэн үйлчилгээнд нь тохирох хөлсийг төлсөн, одоо төлбөргүй” талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, энэ талаар шийдвэрт тусгаагүйг дээрх байдлаар залруулав.
6.Гэрээний 3.4-т “хэрэв шалгагдаж байгаа гомдлыг хэрэг үүсгэхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэмж 5,000,000 төгрөг төлөх” талаарх нэмэлт тохиролцоо нь өмгөөлөгч буюу мэргэжлийн этгээдийн зүгээс нэмэлт ажил үүрэг гүйцэтгэснийхээ хүрээнд хөлс авахаар тохиролцсон тохиролцоо байна.
Гэвч өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж ямар идэвхтэй нэмэлт үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох, түүний үр дүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь тодорхойгүй, нэмэлт ажил үүрэг гүйцэтгэснийг дэмжих баримтгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад “эхний удаа хальт оччихоод явсан, дараагийн удаа хамт очиж мэдүүлэг өгсөн” гэж хэрхэн үйлчилгээ үзүүлсэн талаараа тайлбарласан байгаагаас харвал тэрээр үйлчлүүлэгч *******тэй хоёр удаа цагдаагийн байгууллагад хамт очсоноос өөрөөр үйлчилгээ үзүүлсэн, ялангуяа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзахад нэмэлтээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь нөлөөлсөн гэж үзэх байдал тогтоогдоогүй байна.
Иймд энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул тэрээр гэрээний 3.4-т заасан нэмэлт хөлсийг шаардах эрхгүй гэж үзэв.
Хариуцагчийн холбогдсон гэх эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч гэрээний 3.1-д заасан үүргийнхээ хэмжээнд үйлчилгээг үзүүлж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэж үзэхээр байх тул түүний гаргасан давж заалдах гомдлоос “нэг л удаа байцаагчтай хамт очсон, дараагийн уулзалт, бичиг баримт шалгуулах, тайлбар хийх зэрэгт ямар ч туслалцаа үзүүлээгүй” гэсэн хэсгийг хүлээн авав.
7.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 3.3-д “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох”-оор тусгасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан “анзын гэрээг бичгээр хийх” шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэл 1,150,000 төгрөгт ногдох алданги 575,000 төгрөгийг хангана.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хууль зүйн дүгнэлтийг өгөөгүй, шийдвэрт Иргэний хуулийн шаардах эрхийн зохицуулалтыг зөв баримтлаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс засна.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 1,725,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,275,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/11230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 1,725,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,275,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хасаж,
тогтоох хэсгийн “3”, “4” дэх заалтын дугаарлалтыг “2”, “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ