Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00552

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Аын Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг /дарга Т.С/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Т ам бүл 5. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Улаанбаатар хот дахь ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийг "Сувилахуй" мэргэжлээр 2011 онд төгссөн, дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй. А.Т би Нэгдсэн эмнэлгийн даргын (Б.Бий) 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай "Тасаг, нэгжүүдийн ахлах Сувилагч нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" тушаалаар (1-р хавсралтад нэр дурдагдсан) хүүхдийн тасгийн ахлах сувилагчаар анх томилогдсон. Энэ ажлыг үр бүтээлтэй хийж ажиллаж байхад ажлын шаардлагын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцахаар болж тус төвийн захирал Ч.Б, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А нарын баталсан Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Б (Захиалагч) болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга Д.У, суралцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч А.Т бид гурвалсан хамтын гэрээ хийж хуулинд зааснаар албан тушаалаа хэвээр хадгалахаар тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 2016 оны 08 дугаар сарын 11-ний хооронд би "Хүүхдийн сувилахуй" мэргэжлээр 4 сар суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл би Нэгдсэн эмнэлгийн захиалгаар ажлаа хэвээр нь хадгалаад "Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах хамтын гэрээ"-ний дагуу суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн юм. Гэтэл хамтын гэрээний дагуу суралцаж төгсөж ирээд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн тасгийн ахлах сувилагчаар ажилдаа орох гэхэд Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Б нь надад: -Чи Хүүхдийн тасгийн ээлжийн сувилагчаар ажиллах болно! гэж хэлсэн. Дарга Б.Б нь миний урьд эрхлэн хийж байсан Хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар тушаалаар түргэн тусламжийн тасгийн ээлжийн сувилагч ажилтай байсан Ан Гг, намайг Хүүхдийн тасгийн ээлжийн сувилагчаар надтай зөвшилцөлгүй бүр томилон ажиллуулахаар болсныг А.Ггаас өгсөн уг тушаалын хуулбараас мэдэж дарга Б.Бд учрыг хэлж, гэрээний зорилт талуудын хүлээсэн үүргийг сануулж очиход тэрээр: - Чи ажил хийхгүй, голж байгаа бол яваарай! гэснээр би шүүхэд уг тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 11-нд мэдэнгүүтээ эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа юм. Миний бие А.Т 0-1 насны нэг хүүхэд, 0-3 насны нэг хүүхэдтэй бөгөөд хоёулаа дутуу төрсөн, өсөлт бойжилт дутмаг учир ээлжийн сувилагчаар шөнийн ээлжид 8-12 цаг тасралтгүй ажиллахад миний хүүхдүүдийн эрүүл мэнд хохирох магадлалтай байна. Мөн надад хөдөлмөрийн хүчин төгөлдөр гэрээ байгаа бөгөөд уг гэрээг зөрчин аль нэг тал дураараа өөрчилж болохгүй гэсэн хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөрчиж, цалингийн шатлалыг бууруулсанд гомдолтой байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг, эрх ашиг давхар хохирч байгааг анхааран үзэхийг хүсье! Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Б нь хамтын гэрээний дагуу өөрийнхөө захиалсны дагуу сургалтад явуулахдаа: Чиний албан тушаал хэвээр хадгалагдах болно гэж хэлсэн мөртлөө суралцан төгсөж ирэхэд хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.4, 3.4.6-д заасан захиалагчийн үүргээ зөрчин албан тушаалыг минь болон урьд авч байсан ТҮЭМ - 3 дугаар зэрэглэлийн 2 дугаар шатлалын цалинг минь ТҮЭМ - 2 дугаар зэрэглэлийн 2 дугаар шатлалаар бууруулж ажиллах эрхийг минь зөрчиж хохироосон тул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй болохыг дурдъя. Иймд зөрчигдсөн эрхийг минь сэргээн, урьд эрхэлж байсан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Т тус шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Хариуцагч Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсны дараа намайг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 214 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд томилсон. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С нь нэхэмжлэгч А.Тийг хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд томилсон болох нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Сы 214 дугаартай тушаал болон нэхэмжлэгч А.Тийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Тийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ