| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/15325/И |
| Дугаар | 210/МА2025/01902 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01902
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан
88178 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 190,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,400 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 336,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүргийн тайлбарын хамт баталгаат шуудангаар 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн, дахин мэдэгдэх хуудсыг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлснийг тэрээр 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “*******” гэж хүлээн авснаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулсанд тооцжээ.
Улмаар хариуцагч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт “...нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1.“*******” ХХК, ******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цахим зээлийн эрх нээх 16730 тоот гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр тус ББСБ-ын “******” аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлж, тухай бүрд гаргасан цахим зээлийн хүсэлтийн дагуу гар утасны аппликейшнаар дамжуулан зээлийн үйлчилгээг үзүүлэхээр, зээлийн хүүгийн хэмжээ, зээлийн хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлийг цахим хүсэлтэд тусгахаар, зээлийн эрхийн дээд хэмжээ 3,000,000 төгрөг байхаар тохирчээ. /хх 6-8/
4.2.Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 95,000 төгрөгийг “99458067, зээл, ГД88178” утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон. /хх 38/
5.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
6.Хэргийн баримтаар зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгө 95,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул шүүх бодитоор олгосон зээлийн хэмжээгээр тооцож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна зохигчид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” Гэж заасан. Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт “хуульд зааснаар … бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно” гэж, 421.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” Гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар” гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
7.1.Хэрэгт баримтаар авагдсан цахим зээлийн эрх нээх гэрээнд хүүгийн хэмжээг тодорхойлохдоо 5.4-т “зээлдэгчид олгож байгаа зээлийн шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн бүтээгдэхүүн болон тухайн үед мөрдөж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-р тооцогдохоор, 6.4-т “зээл авах бүрд “*******” аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулах”-аар тусгажээ. Ийнхүү зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг талуудын хоорондох зээлийн эрх нээх гэрээгээр тухайлан тохиролцоогүй харин хэрхэн тооцох аргачлалыг тодорхойлж өгсөн байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тус ББСБ-аас бусдад олгохоор тогтоосон зээлийн хүүгийн хэмжээ хэд болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
7.2.Мөн 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар байгуулагдсан ******* тоот зээлийн гэрээний талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
7.3.Хэргийн баримтаас үзвэл шүүх хуралдааны явцад цахим баримтад үзлэг хийлгэх, цахим баримтыг шинжлэн судлуулах эсэхийг шүүх хуралдаан даргалагчийн зүгээс удаа дараа тодруулахад нэхэмжлэгч тал “хүсэлтгүй, шаардлагагүй” гэж тайлбарласан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Иймд энэ тохиолдолд нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж үзэж “хүү, нэмэгдүүлсэн хүүг хангаж өгөх” талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан боловч тухайн баримтад нотариатын үйлчилгээний хөлсийг тусгасан тэмдэглэгээ байхгүй байх тул нэхэмжлэгч нотариатын зардал 2,500 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна. Нэхэмжлэгчийн “байгууллагын гэрчилгээний хуулбарын ар өвөргүй нотариатаар баталгаажуулсан нь энэ зардлыг нотолно” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
9.Иймд анхан шатны шүүх хариуцагч *******гээс нийт 95,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул шийдлийг хэвээр үлдээнэ. Харин анхан шатны шүүх маргаанд хамаарах Иргэний хуулийн зохих хэм хэмжээг баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
10.Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/11096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ”452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,907 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ