| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06162/И |
| Дугаар | 210/МА2025/01742 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01742
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05667 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******д холбогдох,
Чингэлтэй дүүргийн ******* дугаартай, 700 м.кв талбайтай газар дээр баригдсан контейнерыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн ****** "Зуслан" зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшигч. Тус газарт хашаа барин цаашдаа байр, сууц барих гэсэн боловч ******* гэх хүн уг газар дээр маргаан үүсгэн *******ы эзэмшлийн газарт түүний хүү ******* контейнер чингэлэг тавьснаас өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж ашиглаж чадахгүй байдалтай байна. Контейнер тавьсан газарт гарааш барихаар зураг төслөө гаргасан боловч ******* газрыг чөлөөлөөгүйгээс барих боломжгүй байна.
1.2.Хариуцагчийн ээж ******* тухайн газрын эзэмшлийн талаар маргаан үүсгэн 2018 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр 04-ны өдрийн 128/ШШ2019/0209 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *******дугаар захирамжийн хавсралтын 56-р хэсэгт заасан ******* надад холбогдох хэсгээс татгалзан түүний татгалзлыг баталж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0779 дугаартай шүүхийн тогтоол гаран хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.3.Гэтэл ******* тухайн газар дээр маргаж байх үедээ байрлуулсан контейнерыг одоо хүртэл авахгүй нэхэмжлэгчийн газраа эзэмших ашиглах эрхийг ноцтой зөрчсөөр байна.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хууль ёсоор газар эзэмших эрхтэй болохыг, түүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг тогтоосон төдийгүй *******ы эзэмшлийн 700 м.кв газар болон *******гийн кадастрын зураг хийлгэсэн газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, харин хариуцагч нь тухайн контейнерыг байрлуулахдаа *******ы эзэмших эрх бүхий газарт байрлуулсан болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы эзэмшлийн 700 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талд 20 тн 6х2.4 харьцаатай контейнер байрлуулсан 14,4 м.кв талбай бүхий газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэдэг дээр хариуцагч тал маргахгүй байгаа.
2.2.Нэхэмжлэгч өөрийнхөө эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй. Эрхийг нь зөрчсөн этгээдийг ******* гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч эрхийг зөрчиж байна гэх баримт байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн газар дээр баригдсан контейнер нь *******гийн эзэмшлийн зүйл гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуралдаанд оролцож байгааг нь хариуцвал зохих этгээд гэж үзэхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн ******* дугаартай, 700 м.кв газар дээр баригдсан контейнерыг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг хариуцагч *******д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч ******* нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг сэргээлгэхээр шүүхэд хандсан бол шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн этгээд нь ******* мөн болохыг нотолж тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн.
Нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхтэй эсэх, шүүхээр эрхээ хамгаалуулах, шүүхэд шаардлага гаргах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийхдээ мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийн өмнөөс шаардах эрхтэй болохыг тодорхойлох нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно.
Харин хариуцагчийг болохоор "татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй" гэсэн дүгнэлтийг ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4 дугаарын эцэст хийсэн нь хэргийн оролцогчдыг илт ялгаварласан гэж үзэхээр байна.
4.2.Шүүх хурлаас өмнө хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гарсан байсан нь дараах байдлаас тодорхой байна. ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2 дугаарт "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн эзэмшлийн газар дээр баригдсан эд хөрөнгийг хариуцагчаар чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон..." гэжээ.
Шаардлагыг хүлээн авах этгээд нь ******* мөн болохыг шууд нотлох баримтад үндэслэн тогтоосон нэг ч дүгнэлт хийгээгүй хэр нь " ... хариуцагчаар чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон гэжээ" гэж дүгнэснээс урьдчилсан дүгнэлт гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зүй нь "... чөлөөлүүлнэ гэж хариуцагчаар *******г тодорхойлжээ" гэсэн бол дүгнэлт хууль ёсны болох байсан.
4.3.*******г хариуцагч мөн гэж тодорхойлсон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. *******гийн ээж ******* Захиргааны хэргийн шүүхэд газартай холбоотой нэхэмжлэлийг *******д холбогдуулан гаргаж маргаж байсан нь энэхүү иргэний хэргийн хариуцагч мөн гэдгийг нотлохгүй. Нэхэмжлэгч *******ы эзэмшил газар дээр байгаа эд хөрөнгийн өмчлөгч нь ******* мөн болохыг хөдөлшгүйгээр тогтоосон дүгнэлт биш болно.
******* нас барснаар түүний өв залгамжлагчаар хэн тогтоогдсон, тухайн эд хөрөнгийг хэн өвлөж авсан нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг шууд бус, дам нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч тухайн контейнер минийх биш гэж хэлдэг атлаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах гомдол гаргаж байгааг нь гайхаж байна. Мөн тухайн контейнерыг буулгаж, авч явахаар очиход ******* контейнер дотор миний хагарах эд зүйл байгаа гэж хэлдэг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ******* дугаартай, 700 м.кв талбайтай газарт байрлах контейнерыг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *******дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, ******* талбарын дугаар ******* болж сүүлд өөрчлөгдсөн/ дугаартай, 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, түүнд 000581767 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. /хх 12-14, 107-108, 101-103, 132/
3.2.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0779 дүгээр тогтоолоор *******гийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “...*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын лавлагаагаар нэхэмжлэгч *******ы 700 м.кв талбайтай газар болон иргэн *******гийн 350.32 м.кв талбайтай газар байршлын хувьд хоорондоо давхцалгүй болох нь тогтоогджээ. /хх 32-33, 105-106/
3.3.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/1904 тоот албан бичиг, түүний хавсралт, талуудын тайлбараар маргааны зүйл болсон нэгж талбарын 1501104052 дугаартай газарт 20 тонны контейнер байршиж байгаа нь тогтоогдсон байна. /хх 130-131/
4.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “тухайн контейнер миний өмчлөлийн хөрөнгө болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй” гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэгт авагдсан *******гийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолд “...уг газарт нэхэмжлэгчийн контейнер одоо хүртэл байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон...” гэж тусгагдсан, тухайн хэрэгт талийгаач *******г төлөөлж түүний хүү ******* оролцсон.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар бодит үнэнд нийцсэн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй ба маргаан бүхий контейнер түүний өмчлөлд хамаарахгүй бол тэр талаарх тайлбар болон холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй.
Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг ******* гэж тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
5.Контейнер хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд хариуцагч өмчлөгч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул талийгаач *******гийн өв залгамжлагч хэн болох, хэн өвлөж авсан нь тодорхойгүй гэсэн хариуцагчийн гомдлыг мөн хангахгүй.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
8.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн, нэгж талбарын ******** дугаартай 700 м.кв талбайтай газар дээр байршсан контейнерыг албадан буулгуулж, газар чөлөөлж өгөхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
О.ОДГЭРЭЛ