Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01743

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05675 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын байрыг хасах тухай” А/26 дугаар тушаалыг үндэслэж *******даргын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар намайг *******албан тушаалаас чөлөөлсөн боловч уг тушаалыг надад гардуулаагүй.

1.2.Үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад тушаалын эх хувь хавсаргаагүй шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй.

Иймд надад олговол зохих 11,511,526 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/21973 дугаар шүүгчийн захирамжаар ажилгүйдлийн тэтгэмж 11,511,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.2.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Тэгэхээр 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой байсан.

2.3.Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж байсан учир Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хууль (2023 он)-ийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******11,511,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******улсын тэмдэгтийн хураамжид 199,134 төгрөг гаргуулж төрийн сангийн 100200100941 дугаар дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитоор үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Ажилгүйдлийн тэтгэмж авахтай холбоотойгоор Нийгмийн даатгалын байгууллагад нэхэмжлэгч ******* нь цахимаар дээрх баримтуудыг илгээж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй атлаа хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Зөвхөн ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилдаа буцаж орох сонирхолтой байсан бөгөөд тухайн үед уг тэтгэмжийг авах хүсэл эрмэлзэл байгаагүй. Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан гэнэт тэтгэмж авах ёстой байсан, манай байгууллагын буруу гэж үзэн хожим Нийгмийн даатгалын байгууллагад хандсан зэрэг нөхцөл байдлыг шүүх бодитоор үнэлж, дүгнээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй юм.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-д "... ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд уг эрхээ хариуцагчийн буруутайн улмаас эдэлж чадаагүй байх тул ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна." гэжээ.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан. Одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.*******итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн хууль, тогтоомжийн зүйл, заалтыг буруугаар ашигласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан гомдол гаргах үндэслэлийг хууль эрх зүйн талаас нь буруу дүгнэн бичсэн. Уг гомдлыг бүхэлд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэж байна. Давж заалдах гомдолд дурдсан 2 үндэслэлээр нь буюу *******итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүгч 2025 оны 5 дугаар 12-ны өдрийн шүүх хуралд ханган "Нотлох баримт гаргуулах тухай" захирамжийг гарган нотлох баримтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан, баталгаажуулж улмаар энэ асуудлыг шүүх зөв дүгнэсэн. Хавтаст хэргийн 95-97 дахь талд нотлох баримтаар авагдсан.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр цаг хугацаанд *******т ажиллаж байгаагүй. Би холбогдох хууль тогтоомжид заасныг баримтлан "Ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар Нийгмийн даатгалын байгууллагатай хэрхэн харьцаж ирсэн талаарх үйл баримтыг би шүүхэд хангалттай нотлох баримтаар гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 1-4, 40-42, 51-55, 58-59, 68-70, 89, 90, 112-116, 120-124, 135-137 дахь талд нотлох баримт авагдсан. Гомдолдоо нэхэмжлэгчийн шаардлагад үндэслэл бүхий тайлбарыг гаргаж чадахгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлүүдийн талаар анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн.

5.3.Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид заасныг баримтлан шүүгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, миний ажилгүйдлийн тэтгэмжийг авхуулалгүй 2 жил 6 сар хохироож байгаадаа дүгнэлт хийхийн оронд тус шүүхэд гомдол гаргасанд туйлын эгдүүцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжид 11,511,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4.Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

4.1.*******даргын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг *******албан тушаалаас чөлөөлсөн. /хх 52-53/

4.2.Нэхэмжлэгчтэй 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн үйл баримтад зохигчид маргаагүй.

4.3.Нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлж энэ талаар тэмдэглэгээ хийгдсэн. /хх 54/

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус зохицуулсан.

 

6.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Ажил олгогч ажлаас чөлөөлсөн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаа эх хувиар гардуулаагүй Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хугацаа хэтрүүлж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тушаалын эх хувийг гардуулснаас хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тул ажил олгогчоос гэм хорын хохирлоор гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ: “Хууль, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын дагуу хүндэтгэх шалтгаантай бол ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой байтал нэхэмжлэгч хандаагүй, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлсөн байсан” гэж маргажээ.

 

            7.Анхан шатны шүүхээс ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын “эх хувийг” гардуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажилтанд хохирол учирсан гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтад нийцээгүй байна.

 

8.Маргаанд хамаарах хугацаанд үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.” гэж,

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 2.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан "ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа, хөдөлмөрийн насны хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно” гэж, журмын 5.7-д “Ажилгүй болсон даатгуулагч  хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч  хүндээр өвчилж  асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан,  хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон,  ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн  лавлагааг бүрдүүлээгүй) бол нотлох баримт бичгийн хамт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын  дотор нийгмийн даатгалын байгууллагад гарган бүртгүүлж болно.” гэж тус тус зохицуулжээ.

8.1.Хэрэгт нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр анх бичгээр гомдол гаргажээ. /хх 111, 112-116/

Тус байгууллагад гаргасан өргөдөлдөө: ”2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргахад “тушаал шаардлага хангаагүй” гээд бүртгэхээс татгалзсан, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахад “ажилгүйдэлд бүртгүүлээгүй, мөн тушаал эх хувиараа эсхүл нотариатаар батлуулсан байх ёстой” гээд аваагүй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст мөн өргөдөл гаргахад дээрх шалтгаанаар буцаасан” гэж дурдсан, үүнээс хойших хугацаанд дахин нийгмийн даатгалын байгууллагад хандсан талаар дурдаагүй байна.

8.2.Нэхэмжлэгч тушаалыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн, тухайн өдөр ажлыг хүлээлцсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2025/0495 дугаар шүүгчийн захирамжид мөн тусгагдсан байна. /хх 73/

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч түүний тэтгэмж авах хүсэлтийг буцаасан гэх 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 5.7-д заасны дагуу өөрөөс хамаарахгүй шалтгаантай гэж үзвэл ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ зохих журмын дагуу гурван сарын дотор гаргах эрхтэй хэдий ч тэрээр тушаалыг гардан авсан гэх 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацаанд ч тэрээр нийгмийн даатгалын байгууллагад хандаагүй, улмаар хожим 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хандсан болох нь тогтоогдож байна.

 

9.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Мөн гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Ажил олгогч тушаалыг эх хувиар өгөөгүй гэх үйлдэл, ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүйгээс учирсан эдийн хохирол хоёр хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх боломжгүй, харин энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрөө холбогдох хууль журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар гурван сарын дотроо хандаагүй үйлдэлтэй холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэстэй.

 

10.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авах хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн байхад үүнийг тушаалыг эх хувиар гардуулаагүй гэх ажил олгогчийн үйлдэлтэй холбож хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэв. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.Дээрх байдлаар анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эрх зүйн хувьд зөв дүгнэлт хийж чадаагүй алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ажилгүйдлийн тэтгэмжид олгогдоогүй 11,511,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН

 

                                            ШҮҮГЧИД                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

О.ОДГЭРЭЛ