Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 354

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч М.З ,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овогт Л.С холбогдох эрүүгийн 1918003910396 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, “бүрэн дунд боловсролтой”, “нярав мэргэжилтэй,” ам бүл 3, нөхөр  хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 баг,  6-р хороолол, 14 дүгээр байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Л.С,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.С нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18-19 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 2 давхарт иргэн М.З тай маргалдан түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.З ын: “...Манай найз А-ийн зарж байсан бараанаас Л.С нь 2019 оны 04 сарын эхээр нэг крем, дотуур хувцас худалдаж авсан. Тэгээд найз А 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 14 цагийн орчим над руу залгаад Солонгос явлаа, С мөнгөө өг гэж дамжуулж хэлээд өгөөч гэсний дагуу хэлснээс болж маргаан үүссэн, ...18:30 цагийн үед С над дээр миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохиход нь би арагшаа савж унасан. Тэгээд би С дээр очоод та намайг цохичихлоо шдээ гэж хэлэхэд нөхөртөө цүнх, тортой юмаа бариулаад яадгийн чамайг гэж хэлээд дахиад миний нүүр рүү цохисон, бариа хийлгэсэн, томографын зураг авхуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэт холбогдон гарсан зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.С-ын “...маргалдаж байгаад Сэгч түүнийг түлхээд павильон руу нь орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 477 дугаартай “...М.З ын биед 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой, тархи доргилт, баруун мөр, мөр бугалганд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 956 дугаартай “...М.З ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 64-65/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.С нь “цохиогүй, түлхсэн учраас тархи доргилт учрах ёсгүй, түлхэж унагаасан зүйлгүй” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан үйлдэл хийсэн нь тогтоогдсон байдал, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан цаг хугацаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, хоорондоо маргалдаж байхыг харсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Л.С-ийн үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд Л.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Л.С нь хохирогч М.З ын нэхэмжилсэн 176,530 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Л.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Л.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД