Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2016/00556

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт орших, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Б овогт Тий Хд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан бензиний үнэ 84000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Х нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А-92 маркийн 84000 төгрөгийн үнэ бүхий 50 литр шатахууныг /50 литр х 1660 = 84000 төг/ 7 хоногийн хугацаатайгаар зээлээр авсан юм. Хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 1 хувийн алданги тооцохоор тохиролцсон билээ. Гэтэл Т.Х нь авсан зээлээ одоо хүртэл төлж барагдуулаагүй. Үүнээс болж манай байгууллагыг хохироож байна. 2016 оны 02-р сарын 11-ний өдрөөс 2016 оны 9-р сарын 13-ны өдөр хүртэл 213 хоног хэтрүүлсний алданги /84000 төгрөг х 1 % х 213 хоног/=бүгд 178920 төгрөгийн алданги гарч байгаа боловч тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 %-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги 42000 төгрөг болж байна. Иймд Т.Хаас үндсэн зээл болох 84000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 42000 төгрөг, нийтдээ 126000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Х нэхэмжлэгч Р ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилж байгаа 126000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй, би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хд холбогдох Зээлээр худалдаж авсан бензиний үнэ 84000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдаж авсан бензиний үнэ 84000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Тий Х нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдаж авсан бензиний үнэ, гэрээгээр тохиролцсон алдангийн хамт нийт 126000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Татварын хэлтсийн ХААН банк дахь 020000941 тоот данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч Т.Хаас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН