Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01741

 

 

“*******” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05746 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, нийт 50,015,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.”*******” УТҮГ нь “*******” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/19 дугаартай хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25 2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгож, “********”-г байгуулсан. 

Гэвч “*******” ХХК гэрээнд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцоход 2022-2023 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 25,000,000 төгрөг, 2023-2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөгийн зардал гарсан. 

Иймд нийт 50,015,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч нь гэрээний 4.3 дахь заалтыг хангуулах талаар гэрээний 4.5-д заасан арга хэмжээ авсан бол бид 2022-2023 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 25,000,000 төгрөгийн авлагад орохгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Манай компанийн гэрээний 4.3 дахь заалтыг хангаагүй нэг нөхцөл нь “*******” УТҮГ-тай гэрээ байгуулаагүй бараг 6 сар болсон нь нөлөөлсөн. Учир нь манай компанитай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулахдаа энэ өдрөөсөө төлбөр тооцож эхлүүлэх санал гаргасан боловч тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан өдрөөс эхлэн төлбөр бодогдож эхэлнэ гэж мэдэгдэж, гэрээг хийсэн болно.

2.2.Гэрээний 4.3 дахь заалтыг хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцалсан бол гэрээний 4.4-т заасан 2023-2024 оны төлбөрийн авлага үүсэхгүй гэж мөн үзэж байна. Өөрөөр хэлбэл манай байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хуулийн хугацаа хангалттай байсан гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” УТҮГ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 408.025 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д олгосон байдаг. Гэвч дайн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас уг зөвшөөрлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хариуцагч тайлбарласан төдийгүй энэ нь нийтэд илэрхий үйл баримт байхад үүнийг тодруулаагүй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт энэ нөхцөл байдалтай холбоотой тайлбар үндэслэлийг огт дурдаагүй.

4.2.******* нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар “харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд юм. Энэхүү эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.4-т зааснаар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах, мөн зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар "зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх" үүргийг тус тус хүлээдэг.

Гэвч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3, 4.4-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлөө түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Цаашлаад Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.12.2-т заасан “үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буюу зориудаар тусгай зөвшөөрлийн өр төлбөрт оруулсан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3-т заасан үндэслэлүүдийн аль нэгээр тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой, үүрэгтэй байтал эс үйлдэхүйгээр төлбөрөө шаардаж байгаагүй хэрнээ гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжилж байна.

4.3.Талуудын хооронд мэйлээр харилцсан тодорхой агуулга бүхий нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй.

4.4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-т төлбөрөө төлөөгүй тохиолдолд *******ноос үйлчилгээний эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах гэсэн зохицуулалттай байх бөгөөд шүүх эрх бүхий этгээдийн хуулиар хүлээсэн үүргийг түүний хэрэгжүүлж болох эсэх бүрэн эрхийн асуудал байдлаар хуулийг буруу тайлбарласан.

Түүнчлэн шүүхээс маргаан бүхий нөхцөл байдал буюу үйлчилгээний эрхийг түдгэлзүүлэх, зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг аваагүй байгааг харгалзан үзээгүй.

Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус хороо зөвшөөрөл олгож, биелэлтэд хяналт тавих эрхтэй байх төдийгүй түүний хүрээнд холбогдох арга хэмжээг аваагүйн төлөө тусгай зөвшөөрөл эзэмшигч компани төлбөр төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

4.5.Гэрээний хугацааг шүүх анхаарч үзээгүй, холбогдох нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

Нэхэмжлэгч гэрээг хариуцагчтай 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр зохигчид 2023 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд гэрээ байгуулах талаар мэйлээр харилцан зөвшилцөж, гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн саналаа харилцан тохиролцож гэрээг тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 6 сар орчмын дараа байгуулсан. Энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, дээрх үйл баримтыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн, хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 24/36 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид гаргасан байхад нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон нэхэмжилсэн. Шүүх гэрээний хугацаа, цаашлаад гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө тооцоолсон огноо зэргийг дүгнэж, тайлбарлаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч тал гэрээг 2023 оны 2 дугаар сард сүүлд нөхөж байгуулсан гэдэг. Үүнд манайх маргаагүй. Талууд тусгай зөвшөөрөл анх олгосон өдрөөс буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж төлбөрийг төлнө гэдгийг гэрээгээрээ тусгайлан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан.

            Тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 25,000,000 төгрөг нь батлагдсан үйлчилгээний үнэ тариф юм. Үйлчилгээний үнэ тарифыг тогтоох, холбогдох дүрэм журмыг батлах, хэрэгжүүлж мөрдүүлэх нь *******ны бүрэн эрхэд хамаардаг.

5.2.******* тухайн байгууллагатай гэрээ байгуулж тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь манай байгууллагын бүрэн эрхийн асуудал учир бид бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан. Зөвшөөрлийн тухай хуульд заасан хоёр жилийн хугацаа болоогүй. Давагдашгүй хүчин зүйлийн талаар бидэнд мэдэгдээгүй.

5.3.Хариуцагч компанийн тусгай зөвшөөрөл 2022 онд олгогдсон хэдий ч 2024 он хүртэлх хоёр жилийн хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөр бодогдож тусгай зөвшөөрлийг 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цуцалсан. Хариуцагч тал тусгай зөвшөөрлөө ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлөө цуцлуулах хүсэлт өгөх бүрэн эрхтэй байсан атлаа цуцлуулах хүсэлт өгөөгүй тул дээрх төлбөр бодогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” УТҮГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 50,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, нийт 50,015,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой байсан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас ашиглаж чадаагүй” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.“*******” УТҮГ болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Харилцаа холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээг 5 жилийн хугацаатай эрхлэхээр 17200006 тоот тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. /хх 6, 7-14, 38-40/ 

            3.2.Тусгай зөвшөөрлийн нэг жилийн төлбөр 25,000,000 төгрөг гэдэгт талууд маргаагүй.

 

            4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

            5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

            Хэрэгт авагдсан гэрээгээр ******* нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр харилцаа холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээг эрхлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг үйл ажиллагааг явуулах, үйл ажиллагааг явуулахдаа холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын баримт бичиг, норм стандартыг дагаж мөрдөх, батлагдсан журмын дагуу тогтоосон үйлчилгээний хөлсийг Зохицуулах хороонд төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлжээ. 

Дээрх гэрээний агуулга, зорилго, гол нөхцөлөөс үзвэл зохигчдын хооронд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөгөөр хөрөнгө бий болох шинжийг агуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

            6.Талуудын хоорондох гэрээний 4.4-т тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарсан өдрөөс буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөр тооцохоор зохигчид тухайлан тохиролцсон байх тул анхан шатны шүүх төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

            7.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заасан, талуудын хоорондох гэрээний 5.1-д “... нөгөө талдаа 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдох”-оор тохиролцсон байна.

Хариуцагч Украйны дайны улмаас давагдашгүй хүчин зүйл үүссэн болохыг гэрээний нөгөө талдаа мэдэгдэж байснаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна гэрээгээр энэ тохиолдолд үндсэн үүргээс чөлөөлөхөөр тохиролцоогүй, харин төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар тохирсон байна. Иймд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

            8.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон” тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-т “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй” бол зөвшөөрлийг хүчингүй болгохоор зохицуулсан, уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул нэхэмжлэгч “*******” УТҮГ-аас хариуцагчид олгосон тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлэх, хүчингүй болгох Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл бүрдээгүй байна.

Өөрөөр хэлбэл Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, харин нэхэмжлэгч энэ нэхэмжлэлээр 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хоёр жилийн хугацааны төлбөрийг шаардсан тул энэ хэрэгт хамааралгүй байна.

Мөн хариуцагчаас Зөвшөөрлийн тухай хуульд заасан “зөвлөгөө, туслалцаа үзүүлэх” талаар нэхэмжлэгчид хандаж байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүйг дурдав.

           

            9.Талуудын хооронд харилцсан цахим захидалд үзлэг хийлгэх талаар шүүхэд хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн нотлуулахыг хүссэн уг үйл баримт буюу 2023 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд мэйлээр харилцсан талаар маргаагүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхгүй.  

 

            10.Харин хариуцагчаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсэж нэхэмжлэгчид 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 24/36 албан бичгээр хандсан, уг албан бичгийг хүлээн авсанд нэхэмжлэгч маргаагүй, өөрөөр хэлбэл талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон байна. Иймд тусгай зөвшөөрлийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойших 2024 оны 4 дүгээр сар дуусталх хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй, харин 2024 оны 5, 6, 7, 8 дугаар сарын төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнэж, нэхэмжилсэн төлбөрөөс хасаж тооцов.

Энэ үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  хариуцагчаас нийт 41,681,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

/25,000,000 + (25,000,000 - 25,000,000 : 12 сар = нэг сард ногдох 2,083,333 төгрөг * 4 сар=8,318,333)/

 

            11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 15,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу хэвээр үлдээнэ. Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх зааснаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч хохирол шаардсаныг шүүхийн шийдвэрт хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлалгүй орхигдуулсан байх тул нэмж оруулав.

 

            12.Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “*******” ХХК-аас 41,681,667 төгрөг гаргуулж “*******” УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,318,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “408,025” гэснийг “366,358” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                                   М.БАЯСГАЛАН

 

О.ОДГЭРЭЛ