Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2016/00557

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дүгээр багт оршин суух, Б овогт Хгийн Мий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын*** дүгээр багт орших, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, хариуагч Р.Г, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 8 сар 15 хоногийн цалин 1632000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 130560 төгрөг, нийт 1762560 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.М нь Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2013 оноос гэрээт мужааны ажлыг хийж байгаад тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гы 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар тушаалаар үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн учраас өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 269 шийдвэрээр тус төвд гэрээт мужааны ажилд эгүүлэн томилохоор болсон юм. Одоо Х.М би тус төвд гэрээт мужааны ажлыг хийж байна. Иймд ажилтан Х.М миний 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 12-ны хооронд ажилгүй байсан 8 сарын 15 хугацааны цалин хөлсөнд ноогдох нөхөн олговорт 1 632 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 130 560 төгрөг, нийт 1 762 560 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун жаран/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөрийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г би нэхэмжлэгч Т.Жын нэхэмжлэлд холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Нэхэмжлэгч Х.М нь МСҮТ-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тушаалаар гэрээт мужааны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг Х.М нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нээлттэй шүүх хуралдаанаар Х.Мий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцээд мөн өдрийн 269 тоот шийдвэрээр ажил олгогчийн тушаал хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр тухайн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж түүнийг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Х.Мийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон юм. Харин цалин хөлстэй холбоотой асуудлыг байгууллагын ерөнхий нягтлан бодогчтой зөвшилцөн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд одоо манай МСҮТ-ийн ерөнхий ня-бо Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралт эдэлж байгаа учраас нэхэмжлэгч Х.Мий цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбар гаргах улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд МСҮТ-ийн ерөнхий ня-бо ажилд эргэж орсны дараа Х.Мий нэхэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбар, холбогдох баримтуудыг шүүхэд хүргүүлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Баян-Өлгий аймгийн МСҮТ-өөс гаргуулах болсны учир нь намайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гаргасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрээр 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсон. Тэр үед миний цалинг бүрэн төлж өгнө гэсэн. Ажилгүй байсан хугацааны 8 сар 15 хоногт ногдох цалин болох 1 762 560 төгрөгийг Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн захирлаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Г шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Х.М нь 8 сар 15 хоногийн цалинг нэхэмжилж байгаа юм байна. Х.Мийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж ажилд авсан. Иймд ажилгүй байсан 8 сар 5 хоногт ногдох цалинг авах ёстой. Үүнд ногдох 1 579 639 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 8 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1632000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 130560 төгрөг, нийт 1762560 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 269 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Мийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн гэрээт мужааны ажилд эгүүлэн тогтоосноор Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай Гэрээт мужааны ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гаргаж, Х.Мийг 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гэрээт мужааны ажилд эгүүлэн томилсон байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ажилтан ажил олгогчоос цалин хөлсөө нэхэмжлэх эрх үүснэ.

Нэхэмжлэгч Х.М нь ажиллаж байх хугацаандаа сард 192000 төгрөгийн цалин авч байсан нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий ня-бо /Х.Б/-гийн тодорхойлолт, ажил олгогч ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээний 1.1.4-д сарын үндсэн цалингийн хэмжээ 192000 төгрөг гэх бичилт, нэхэмжлэгчийн 1003546 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтүүдээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Х.Мий ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т ажил олгогч нь дор дурьдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу ажилтны хууль бусаар ажлаас халагдсаны хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 173759 төгрөгийг /1579635 төгрөгийн 11%/, мөн нэхэмжлэгч Х.Мий 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүртэлх 8 сар 05 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1579635 төгрөгийг тус тус Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.М нь 8 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1632000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай Гэрээт мужааны ажилд эгүүлэн тогтоох тухай тушаалаар Х.Мийг 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн ажилд нь томилсон байх тул нэхэмжлэгч Х.М нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүртэл ажилгүй байсан байна гэж үзэж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9166 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулан, нөхөн төлүүлэхээр хуулийн заалтыг зохицуулсан байдаг.

Иймд нэхэмжлэгч Х.Мий Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 43004 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс Х.Мий ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1579635 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 173759 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хгийн Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9166 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Мий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 43004 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН