Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 96

 

Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00347 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 24 айлын орон сууцны 5 тоотод оршин суух Цагаан туг овогт Дамдинжамцын Отгончимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “ Би Ховд их сургууль буюу тухайн үеийн МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг түүхийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй 2004 онд төгссөн. 2008 онд Архангай аймгийн багшийн коллеж Ховд аймагт ирж элсэлт авч сургалт хийж бакалаврын зэрэгтэй багш мэргэжилтэй хүмүүсийг бага ангийн багшийн мэргэжлээр хөрвөх сургалтанд хамруулж бага ангийн багшийн мэргэжил олгож, диплом олгосон. Тухайн үедээ олон хүн хамрагдаж одоо бага ангийн багш хийж байгаа хүмүүс олон байна. Отгончимэг миний бие 2009 оны 8 сард аймгийн Боловсролын газраас зохион байгуулдаг багшийн сонгон шалгаруулалтанд орж оноогоороо 42 багшаас 9 дүгээр байранд орж, мөн оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдсон. Тус сургуульд 2 жил ажиллаж байгаад, 2011 онд 7 дугаар дунд сургууль шинээр нээгдэхэд бага ангийн багшаар шилжин ажилласан. Бага ангийн багшаар ажиллах хугацаандаа Шилдэг бүтээлч багш, аймгийн Соёлын газраас Эрхэм үйлстэн тэмдэгээр шагнуулж, 2014 онд Заах аргач багш мэргэжлийн зэрэг авсан.

БСШУЯ-наас олгодог Багшлах эрх 2019 он хүртэл сунгагдсан.

2016 оны 01 дүгээр сарын дундуур захиралын нарийн бичиг Чанцалмаа Чамайг ажлаас халсан тушаал гарсан тушаал гарсан шүү гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу 1 дэхь өдөр ажилдаа очиход менежер Ц.Батцэцэг Чи халагдчихсан шүү дээ. Чи ажил хийхгүй шүү гээд байсан.

Цагаан сарын амралт өнгөрөөгөөд менежер Батцэцэгтэй холбогдоод ...Хичээл хэдэн цагаас эхлэх вэ. Хүүхдүүдээ хүлээж авмаар байна... гэж ярихад ...Чи ирэх шаардлагагүй. дараагийн багш томилогдохоор дуудаж ажлыг чинь хүлээлцүүлнэ гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй, ажил одоо хүртэл хүлээж аваагүй байна. Ажлаас халсан тушаалаа аваагүй тул нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохироод байна.Тушаал гарсан гэсэн үеэс хойш захирал Ц.Алтантунгалагтай уулзах гээд очихоор байхгүй, дандаа л Улаанбаатар хотод байгаа гэдэг. Ингээд би ажлаас халагдсан шийдвэрээ авч чадахгүй, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй болохоор 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нарийн бичиг дээр очиж тушаалын хуулбарыг үнэн гэж даруулж аваад шүүхэд хандаж байна. Намайг ажлаас халсан тушаалд Архангай аймаг дахь Багшийн коллежийг 2008 онд төгссөн D 200817160 дугаартай дипломыг хуурамчаар авч ашигласан гэсэн байна. Би дипломыг өөрөө хуурамчаар авч ашиглаагүй бөгөөд тус сургууль нь орон нутагт сургалт хийж, маш олон хүнд хөрвөх мэргэжлийн диплом олгосон байдаг. Д.Отгончимэг миний бие одоо 1 нас 10 сартай болон 13 настай 2 хүүхэдтэй. Ажлаас халах тушаал гарах үед бага хүүхэд минь 1 нас 7 сартай байсан. Д.Отгончимэг миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалийн шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь 2013 оны 09 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 бүрэн дунд сургуульд Жаргалант сумын 2 дугаар сургуулиас шилжин ажилсан байдаг.

7 дугаар сургуульд ажиллахдаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 09 цагт давтлага өгч байхдаа анхгийн сурагч Н.Хонгорзулыг хичээлээ ойлгохгүй байна гэж уурлан духруу нь балаар хүчтэй цохиж, арьсыг нь цоолж, цус гоожуулж, уйлуулан гэрлүү нь явуулсан байдаг. Сургуулийн захиргаанд мэдэгдсэний дагуу Д.Отгончимэгт анхааруулж арга хэмжээ авсан. Үүнээс үзэхэд Д.Отгончимэг нь бага насны хүүхэдтэй ажиллах ёс зүйн доголдолтой байна. 2015 оны 08 дугаар сарын 26-нд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Алтанхишиг захирал руу утасдаж Д.Отгончимэг нь Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгсөөгүй бөгөөд D200817160 дипломын дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь тогтоогдсон ба албан бичиг явуулна гэсэн. Энэ тухайгаа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Отгончимэгт мэдэгдсэн. Д.Отгончимэгийг хөндлөнгийн эрх бүхий байууллагаас хуурамч дипломтой болохыг тогтоосон. Иймд Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу багшаар ажиллах эрхгүй тул ажлаас халсан болно.

Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00347 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар Дамдинжамцын Отгончимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн ажлыг хариуцагч байгууллага нь шүүх хуралдааны өдрийг хүртэл хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн зөвшөөрөл, шүүхэд гаргаж өгсөн ажил хүлээлцсэн тухай акт гар бичмэл, гэрч Д.Наранчимэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэснийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “ Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт шалгагдаж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүх “Диплом хуурамчаар авч ашигласан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Д.Отгончимэгийг ажлаас халах тушаал гарах үед тэрээр 1 нас 7 сартай хүүхэдтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаар шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгч шийдвэрлэнэ үү мөн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь “Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 7 дугаар дунд сургуульд холбогдуулан гаргажээ. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж  маргасан байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хэргийн 28-40, 67, 78, 79-81 дүгээр хуудас дахь бичгийн баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэх шаардлагыг хангаагүй байхаас гадна тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Шүүх 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 00965 дугаар захирамжаар Жаргалант сумын 7 дугаар сургуульд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал, цалингийн цэс зэргийг хариуцагчаас гаргуулж авах, гар утсанд үзлэг хийлгэх” тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг Ховд Их сургуулиас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. /хх-ийн 65-66 дугаар тал/

Хэргийн 76 дугаар хуудаст нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Д.Наранчимэгийг гэрчээр асуулгах, 2016 оны 4 дүгээр сарын 14-ны  өдөр Д.Отгончимэг ажил хүлээлгэж өгөхөөр очсон үеийн бичлэгт үзлэг хийлгэж, нотлох баримтаар үнэлүүлэх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан  атлаа хэргийн 87 дугаар хуудаст нэхэмжлэгчийн  гар утсанд  үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэг хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр нотлох баримт цуглуулж, бүрдүүлүүлэхээр хэргийн оролцогчид хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэдний зарим хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байхаас гадна өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээр 4 удаа шүүх хуралдаан хойшлогджээ. Гэвч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлуулж байгаа    шалтгааны талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. /84, 91, 95,101 дүгээр тал/

Шүүх хуралдаан хойшлуулсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжууд хоорондоо зөрүүтэй бичигдсэн байх ба хэргийн 103 дугаар хуудас дахь Т.Сайнбаярын нэхэмжлэлтэй ХААН банкид холбогдох гэрчид эрх үүрэг тайлбарласан баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх нь ойлгомжгүй байна. 

  Иймд шүүхийн шийдвэрийг  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр   хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА