| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2211017732032 |
| Дугаар | 141 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.2.2., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 141
Г.Т, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Ганбат, хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар магадлалтай, Г.Т, Б.Э нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 789 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг оногдуулсан торгох болон хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож байсан Х овогт Б-ийн Э,
2.Монгол Улсын иргэн, 2003 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” компанид түгээлтийн жолооч ажилтай,
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Г-ын Т.
Б.Э, Г.Т нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Хуавей Ви-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдсэн,
Г.Т нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж С.Г-той маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж биед нь хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э, Г.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх, Г.Т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Э, Г.Т нарыг тус бүр 2 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Т-г 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-д оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 646 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Т-ээс 5,774,263 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Г-д олгож, өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,
хохирогчийн өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Г.Т, Б.Э, тэдний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри нар хамтран гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гаргаж байна.
Нэг.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн “З.Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан. Анхан шатны шүүх хурлыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагаас товлож тов мэдэгдэхээр хохирогч Г-ын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан гэжээ. Үүнээс хойшхи бүх хуралд хохирогч С.Г-д тов мэдэгдээгүй. Харин хохирогчийн өмгөөлөгч Д.Майдри над руу нэг ч удаа шүүхээс тов мэдэгдээгүй. Дараах байдлаар шүүх хуралдаан болжээ.
-2023.03.21-ний өдрийн 11 цагаас
-2023.03.28-ний өдрийн 11 цагаас
-2023.04.12-ны өдрийн 12 цагаас
-2023.04.19-ний өдөр 14 цаг 30 минутаас шүүх хуралдаан болжээ.
Ийнхүү хохирогчид огт мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан болсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35.14 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн буюу хохирогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар оролцуулаагүй, хурлын товоо мэдэгдээгүйн улмаас хохирогчийн мэдүүлгийг сонсоогүй болно. Энэ бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-т заасан “ноцтой зөрчил” мөн.
Хоёр.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хохирогчийн хохирлын хэмжээ 2022 оны 08 дугаар сарын байдлаар эмчилгээний төлбөр 2,937,900 төгрөг /хэргийн 201-211 дэх тал/, өвчний улмаас ажилгүй байсан 52 хоног /хэргийн 212 дахь тал/-ийн цалин 2,836,363 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг /хэргийн 201-211 дэх тал/ нийт 7,774,263 төгрөг байсан ба үүнээс хойш ч тасралтгүй эмчлүүлсэн.
Шүүгдэгч хохирол төлөх 5 хоногийн завсарлага аваад төлөөгүй байж байгаа дараагийн хурлаар дахин 5 хоногийн завсарлага авч 802,700 төгрөгийг төлсөн байна. Энэ мөн л шүүгдэгчид давуу байдал олгож 2 удаа завсарлага олгосон шударга бус шүүхийн ажиллагаа байгаад зогсохгүй шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтад “...бусдад төлөх төлбөргүй...” гэжээ.
Гэтэл энэ үед баримтаар тогтоогдож буй зардлын хэмжээ 7,774,263 төгрөг байсан. Үүнээс хойшхи эмчилгээний зардлууд гарсан. Прокуророос шүүх рүү шилжүүлэхдээ болон шүүх нь хэргийг хүлээн авснаас хойш хохирогчид нэг ч удаа мэдэгдээгүй учраас энэ хоорондох хохирол төлбөрийн баримтуудаа өгөх боломж гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ:
1.1.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал, хамаарахаар заасан. Харин давж заалдах шатны шүүх өмгөөллийн хөлсийг ... зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй...” /магадлал 12 дахь талд доороосоо 2 дахь догол мөр/ гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс хамгийн бага хөлсөөр үйлчилгээ үзүүлж, хуулийн этгээдийн татвар, данс тооцоонд оруулж, зохих ёсоор үйлчилгээг үзүүлж, баримтаа өгсөн бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд иргэний болон эрүүгийн хэргийн шүүхүүд Улсын дээд шүүхээс өмгөөллийн хөлсийг гэм хорын зардал, гэрээний хариуцлагатай холбоотой үүссэн хохиролд тооцон олгож жишиг тогтож байгаа. Гэтэл хүний эрхийн мэдрэмжгүй, хууль хэрэглэх чадваргүй мэт дур зоргоор ажиллаж байгаа давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаанд туйлын гомдолтой байна.
Гурав. Давж заалдах шатны шүүх шударга бус үйл ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байна.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үедээ ч хохирогч С.Г, түүний өмгөөлөгч надад мэдэгдэж хэргийн материал танилцуулаагүй, хэрэг шүүхэд ирсний дараа ч хэргийн материалтай танилцуулаагүй.
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд бусад оролцогчдод шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан атлаа хохирогч С.Г болон өмгөөлөгч надад мөн л мэдэгдээгүй.
Үүнээс 10 хоногийн дараа шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүргүүлэхдээ шийтгэх тогтоолыг нэг дугтуйд хамтад нь хийж шуудангаар ирүүлснээр бид ийнхүү хэрэг шүүх рүү шилжээд зогсохгүй бүхэл бүтэн 4 удаа хуралдаж хэрэг шийдвэрлэгдсэн болохыг анх олж мэдлээ. Энэ бол шүүхийн буруутай, хариуцлагагүй, шударга бус, хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн. Прокурорын хяналтын явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, анхан шатны шүүхийн бүдүүлэг алдааны цаана хохирч байгаа С.Г болон тусгайлсан хуулиар эрх, үүрэг хүлээж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг зөрчсөнд гомдолтой байна. Энэ бүгдийг бүхэлд нь хянах эрхтэй давж заалдах шатны шүүх хоёр нүүртэй мэт зарим ийм тохиолдолд анхан шатны шүүх рүү буцаадаг, заримыг нь буцаадаггүй хэвээр үлдээдэг. 2023 оны 5, 6 сард өмгөөлөгч миний хувьд 2 адил жишээ гарлаа. Нэгийг нь буцаасан нөгөөг нь буцаагаагүй. Хууль хүн бүрт ижил тэгш, шударгаар үйлчлэх ёстой. Тэрнээс өөрөөр анхан шатны шүүгч хэн байх, давж заалдах шатны шүүхийн шүүгч хэн байхаас шалтгаалаад хууль уншигддаг бол шударга ёс, хүний эрхийг хамгаалах боломжгүй болно. Хохирогч, шүүгдэгч хэн аль нь шүүх хуралдаандаа оролцох, мэдүүлэг өгөх ижил эрхтэй байтал шүүгдэгчийн эрхийг хангаад хохирогчийн эрхийг хангаагүй нь шударга бус байна.
Прокурор, шүүхийн хариуцлагагүй шударга бус байдлаас болж гэмтлийн зэргээ үнэн зөв тогтоолгох, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах, хүсэлтээ прокурор, шүүхээр шийдвэрлүүлэх бүх боломжийг нь хаалаа. Хүнийг хайрлах сэтгэлгүйгээр залуу хүүгийн нүүрийг ийм болгочихоод “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж цаагуураа хэдүүлээ чимээгүйхэн хуралдаж ингэж хохирсон залуу, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй хэргээ шийдэж суугаа анхан шатны шүүхийн шүүгч, хохирогчийн бүх эрхийг хангаагүйг ноцтой зүйл биш гэж байгаа мэт шийдэж байгаа давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас ичиж байна. Энэ байдлыг үйлчлүүлэгчдээ хэлж тайлбарлахаас санаа сэтгэл зовж байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн хохирогч болсноос хойш сэтгэл санааны гүн дарамтанд орж, толинд харах бүртээ болсон явдлыг дахин дахин санаж, найз охиноосоо ч салж, хэзээ ч арилахгүй сэтгэл санааны хохирол амсаж бие, гоо сайхнаа алдаж хохирсон. Хүний хувь заяаг шийдэх гэж буй шүүгч нар нь хүнлэг ёс зүйгээ болон хуулиа уландаа гишгэж болохгүй, биеэ авч явахдаа ч ёс зүйтэй байх ёстой, асман, ихэрхүү, хэв төрхийг үзүүлж болохгүй. Харамсалтай нь тэгэх нь элбэг болоод байх шиг. Тэгээд тэр үзүүлж буй, биеэ авч явж, хэргийн оролцогчтой харилцдаг шигээ ажлаа хуульд нийцүүлж хийж чадаж байна уу? гэдгийг нь үзэхээр бас яг тийм биш байгаад гомдолтой байна. Улсын дээд шүүх хэр баргийн гомдол хүлээн авахгүй болсонтой холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүхэд хууль зөрчих нь нэмэгдэж, дур зоргоороо шүүгч нар ч ихэслээ. Энэхүү эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, бичгийн нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлтийг хийгээгүй буюу бичгийн баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Г.Т-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр, түүнчлэн Б.Э-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж биш ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн, мөн хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй буюу шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтанд бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол үүнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан байдаг.
Тодруулбал: Шүүх ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслээд бүлэглэж дээрэм хийсэн гэж үзсэн атлаа гэрч Н, Э нарын Э ганцаараа хохирогчтой барилдаж байсан, Т машиндаа сууж байсан гэх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж буй үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байсан.
Хохирогч Л.Б-ын мэдүүлэг бүр хоорондоо эрс зөрүүтэй, маш тогтворгүй мэдүүлгүүд өгдөг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөрдөн байцаалтад өгснөөсөө мөн өөр мэдүүлэг өгсөн буюу хохирогч Л.Б 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ “...ТҮЦ-ээс тамхи аваад гарахад 30 орчим насны шар үстэй залуу намайг дуудсан, би очиход араас тэврээд, шар үстэй өндөр залуу миний гэдэс рүү цохиод халаасанд байсан ”Хуавэй 8” загварын утсыг хойноос нь тэвэрсэн залуу нь авсан, утсаа 2022 оны 03 сард 380,000 төгрөгөөр авч байсан, нэг залуу нь өндөр шар үстэй, нөгөө залууг нь сайн харж чадаагүй” гэх,
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...ТҮЦ-ээс тамхи аваад гэр рүүгээ алхаж байхад автобусны буудлын зогсоол дээр байсан хар өнгийн “Приус” маркийн автомашин зогсож байсан, тухайн машины хажуугаар зөрөхөд машинаас 20 орчим насны 2 залуу бууж ирээд нэг залуу нь барилдах уу ахаа гэхэд, нөгөө залуу нь миний араас тэвэрч авсан, тэгээд барилдах уу гэсэн залуу гэдэс рүү цохиж би доош тонгойход миний куртикний халааснаас утас авсан, миний гар утсыг намайг цохисон залуу нь авсан” гэх,
Хохирогч 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэгтээ “...ТҮЦ-ээс гараад “Приус-30” маркийн хар өнгийн машины хажуугаар гартал машины жолоочийн эсрэг талын хаалганаас Т гэх залуу нь бууж ирээд миний араас тэвэрсэн, тэгтэл машины хойд талын жолооч талын хаалганаас Э гэх залуу бууж ирээд барилдъя гэснээ миний цээж рүү цохисон” гэх,
гэрч Х.Н 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ “...тамхи авах гэж зогсоод эхлээд Т буугаад ТҮЦ ортол араас нь Э буусан, удалгүй Т ороод ирсэн, тэгтэл ТҮЦ-ний гадаа замын хажууд Э нэг ахтай ноцолдоод, барилцалдаад байсан, гэхдээ тэр 2 бие биеээ зодож цохисон, ямар нэгэн асуудал гараагүй, тэгээд удалгүй Э орж ирээд явцгаая гээд хөдөлсөн” гэх,
Байцаагч гэрчээс бусдын эд зүйлийг хууль бусаар авсан талаар машинд орж ирээд явах замдаа ярилцсан талаар асуухад үгүй тийм зүйл огт яриагүй гэсэн байдаг. Гэрч Э “...замд тамхи дууссан байна гээд ТҮЦ нь дээр зогссон санагдаж байна, би унтаад яваад байсан учир хаана зогссоныг нь мэдэхгүй байна, нэг сэрэхэд Т ах орж ирээд, араас нь Э ах орж ирж байсан ба ТҮЦ-нд нэг хүн муудалцаад ТҮЦ-ний эгчийг загнаад байсан гээд ярьж байсан, ТҮЦ-н дотор болон тухайн зогссон газар юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх, байцаагчийн асуусан асуултад замдаа хүний эд зүйл авсан эсэх талаар яриа яригдаагүй талаар мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, гэрч Н, Э нарын мэдүүлгээр Т ТҮЦ-ээс түрүүлж гарч ирээд машиндаа сууж байсан болох нь тогтоогддог буюу Т гарч ирээд машиндаа сууж байхад араас нь ТҮЦ-ээс Б.Э гарч ирээд хохирогчтой барилдаж байгаад утсыг нь аваад машиндаа суусан, хохирогч Б-ыг дээрэмдүүлсэн гэх үйлдэлд Т оролцоогүй, мөн хохирогчийн гар утсыг нь барилдаж байхдаа авсныг нь Т мэдээгүй, түүнчлэн Э-ийг хохирогчтой барилдаж байна гэж машинд сууж байсан хүмүүс бодсон, ямар нэгэн маргаж байгаа зүйл харагдаагүй талаар гэрч нар мэдүүлсэн нь Т бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ямар нэгэн үйлдэл оролцоо байгаагүй болохыг нотолдог атал шүүх гагцхүү хохирогчийн мэдүүлэгт үндэслэн дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Гэрч Н, Э нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Н-ийг биечлэн оролцуулж мэдүүлгийг тодруулж асуухад гэрч Н өмнө өгсөн мэдүүлгээ бататгаж ярьдаг. Харин хохирогч Б-ын хувьд шүүх хуралдаан дээр өмнө өгсөн мэдүүлгээсээ өөр зүйл ярьж эхэлдэг, түүнчлэн хохирогчийн мэдүүлгүүд маш тогтворгүй буюу хохирогч мэдүүлэгтээ өмнө нь би царайг нь сайн хараагүй санахгүй байна гэж мэдүүлж байснаа гэнэт би яг сайн санаж байна миний хойноос тэвэрсэн залуу мөн байна гэж мэдүүлдэг. Э, Т 2 хойноос нь гарсан байдаг атал хохирогч мэдүүлэгтээ намайг ТҮЦ-ээс гарч ирэхэд автобусны буудал дээр зогсож байсан “Приус-30”-аас 2 залуу бууж ирсэн гэж эрс зөрүүтэй мэдүүлдэг буюу Э, Т 2 түрүүлж гарч ирээд машиндаа сууж байсан болж таардаг, энэ мэдүүлэг нь гэрч Н болон шүүгдэгч нарын гэрчээр, мөн яллагдагчаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэгтээ эрс зөрдөг, мөн намайг дуудсан би очиход гэж анхны мэдүүлэгтээ мэдүүлдэг ч 3 дахь мэдүүлэгтээ буудал дээр зогсож байсан “Приус-30” маркийн машины хажуугаар зөрөхөд машинаас 2 залуу бууж ирээд барилдъя гэсэн гэж 2 өөр мэдүүлэг өгдөг, мөн араас тэвэрсэн залуу утас авсан гэж анхны мэдүүлгээ мэдүүлдэг атлаа 3 дахь мэдүүлэгтээ гэдэс рүү нь цохисон өмнө нь зогсож байсан залуу утсыг минь кармаанаас авсан гэх зэргээр мэдүүлгүүд нь тогтворгүй өөрчлөгдсөн байдаг. Мөн 4 дахь мэдүүлэгтээ гар утсаа 2022 оны 05 дугаар сард 280,000 төгрөгөөр авсан гэж мэдүүлдэг. Харин өмнөх мэдүүлэгтээ 3 сард нь 380,000 төгрөгөөр авсан, 4 дахь мэдүүлэгтээ эхлээд ТҮЦ-нд Э гэх залуу нь орж ирээд араас нь Т орж ирсэн гэх мэтчилэн бүх мэдүүлэг нь өөр өөр мэдүүлсэн, зөрсөн байдаг.
Өнөөдөр ганц хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл энэ хэрэгт 2 гэрч мэдүүлэг өгсөн энэ 2 гэрчид хууль сануулсан. Иймд би үнэн зөв мэдүүлсэн гэдэгт нь эргэлзэхгүй байна. Харин бүх мэдүүлэг нь өөрчлөгдөөд байгаа тогтворгүй мэдүүлэг өгдөг хохирогчийн мэдүүлэгт эргэлзэж байна, түүнчлэн Э, Т нарын хувьд хэрэг учрал болсон өдрөөс хойш 5 өдрийн дараа мэдүүлэг өгсөн, тухайн үедээ өмгөөлөгчгүй байсан, өмгөөлөгч шүүхийн шатнаас орсон, мөн шууд хэргээ хүлээж Э мэдүүлэг өгсөн, харин Т нь Э энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн нь мөн Э-ийн мэдүүлэгтээ анхнаасаа яв цав таардаг, мэдүүлэг нь тогтвортой 2 лаа нэг л зүйл ярьдаг, 2 гэрчийн мэдүүлэгтээ үйл явдлын хувьд яв цав таардаг.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: хавтаст хэргийн 190, 191, 201, 202 дугаар талд хохирогч С.Г-ын хохирлын баримт авагдсан хэдий ч нотлох баримтын шаардлага хангаагүй баримт хэрэгт авагдсан байдгаас гадна нөгөөтээгүүр хэрэгт 802,700 төгрөг хохирогчоос гарсан гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан, гэсэн хэдий ч завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт 802,700 төгрөг эмчилгээнд гаргасан зардлын баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байхад, зөвхөн мэдүүлгээрээ нэхэмжилснийг нь үндэслэн Т-ээс нийт 5,774,263 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9, 15 дахь хэсэгт зааснаар “Хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг тус тус зөрчсөн.
Гуравдугаарт, хэргийн гол гэрчийг буюу бүх үйл явдлыг эхнээс нь дуустал харсан гэрчийг асуугаагүй талаар: Прокурор энэ хэргийг бүрэн нотлох бүрэн боломжтой байсан буюу хэргийн оролцогч нартай ямар ч хамааралгүй, найз залуугаа хүлээгээд ТҮЦ-ний гадаа машиндаа сууж байсан бүх үйл явдлыг харсан тэр эмэгтэй Т, Э нарын унаж явсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арын 3 оронтой сери дугаарын хамт Цагдаагийн байгууллагад хэлж өгсөн хүн байдаг атал тэр хүнээс огт мэдүүлэг аваагүй.
Тодруулбал, бүх үйл явдлыг харсан гэх эмэгтэйн найз залуу нь ТҮЦ-ний худалдагчтай маргалдсан тул худалдагч цагдаад дуудлага өгчхөөд найз залууг нь явуулахгүй ТҮЦ-дээ байлгаж байсан, харин найз охин гэх эмэгтэй ТҮЦ-ний гадаа машиндаа найз залуугаа хүлээгээд сууж байхад нь Т, Э нар ирж дээрх үйл явдал өрнөсөн байдаг буюу ТҮЦ-ний гадаа хохирогч Б гэмт халдлагад өртөх үед тэнд бүх үйл явдлыг эхнээс нь дуустал харсан гэрч эмэгтэй байсан атал тэр хүнээс огт гэрчийн мэдүүлэг аваагүй, тодруулбал тэр эмэгтэй өөрийн машиндаа суугаад Т, Э нарыг ТҮЦ-ний гадаа тамхи авахаар машинтайгаа ирэхэд байсан, мөн бүх үйл явдал болж өрнөж дуусаад Т, Э нарыг машиндаа суугаад явахад ч тэр эмэгтэй машиндаа суугаад бүх зүйлийг хараад суугаад тэндээ үлдсэн. Ингээд ТҮЦ-ний худалдагчийн дуудлагын дагуу Цагдаагийн албан хаагч найз залууг нь шалгахаар ирэхэд, хохирогч Б тэнд мөн утсаа дээрэмдүүлсэн талаар хэлэхэд найз залуугаа хүлээж байсан эмэгтэй Т, Э нарын машины дугаарыг 3 оронтой сери дугаарын хамт хэлж өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлэг 2 гэрчийн мэдүүлэгтээ эрс зөрж байгаа энэ тохиолдолд Т, Э нарын бүх үйлдлийг ТҮЦ-ний гадна машиндаа суугаад харж байсан тэр эмэгтэйгээс мэдүүлэг авсан бол өнөөдөр хохирогч худал мэдүүлэг өгөөд байна уу, эсвэл гэрч Н, Э нар худал мэдүүлэг өгөөд байна уу гэдэг нь тодорхой болж хэргийг шийдвэрлэхэд ямар ч эргэлзээ үүсэхгүй байх байсан. Гэхдээ тэр эмэгтэйг хэзээ ч асуух боломжтой буюу найз залуугийнх нь материал одоо ч Прокурорын газрын архивт байгаа тул тэр эмэгтэйгээс шаардлагатай бол мэдүүлэг авах боломж байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх гэм буруугийн хурлыг 2 удаа хийсэн буюу 2 удаа гэм буруугийн хурал хуралдсан болохыг дурдах нь зүйтэй байх.
Яллагдагчийн үйлдлийг эргэлзээгүй тогтоох ёстой, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Иймд Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдол нь бүрэн тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож буюу Т-ийн дээрх үйлдлийг цагаатгаж өгнө үү. Түүнчлэн Э-ийн үйлдэл нь өөрөө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл тогтоогдохгүй байх тул Э-ийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, Э-т хорихоос өөр төрлийн ял оногдуулах байдлаар давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Ганбат өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тайлбарласан хуулийн тайлбарыг зөв хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Г.Т-ийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зохицуулалтыг хэрэглээгүй нь шударга шүүхээр шүүлгэх эрхэд ноцтой халдсан зүйл гэж үзэж байна. Г.Т-ийн үйлдэл нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа. Гэтэл түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Б.Э-ийн хувьд үйл явдал болсны маргааш нь тухайн утсыг хохирогчид өгдөг. Энэ нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч сайн дураараа татгалзсан нөхцөлийг бий болгож байна. Мөн довтолсон шинж байхгүй, хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Барилдья гэж барьж аваад түүний утас нь унахаар авсан үйлдэл байдаг. Б.Э-ийн тухайд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Т-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт нь 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Г.Т-ийн хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл маш их зодсон, цохисон асуудлыг гэрч нар хангалттай мэдүүлсэн байдаг. Энэ үйлдэлд нь нотлох баримтгүйгээр хохирлыг нэмж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчсөн шийдвэр болсон. Иймд хохиролтой холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Майдри хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогч С.Г-ын өмгөөлөгчөөр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан. Хэрэг хамгийн сүүлд Чингэлтэй дүүрэг дээр нэгтгэгдээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хамт очиж шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд дахин шинжээч томилуулж хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэж буцахад хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Түүнчлэн шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш 5 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор н.Очгэрэл хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Хохирогч болон түүний өмгөөлөгч надад хэрэг шүүхэд шилжсэн талаар болон анхан шатны шүүх хуралдаан болж байгаа талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Нийтдээ анхан шатны шүүх дээр 4 удаа хуралдаан болсон юм байна. Эхний хуралдаан дээр шүүгчийн туслах хохирогч С.Г руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл үйлдсэн байна. Харин хохирогчийн өмгөөлөгч рүү огт мэдэгдээгүй. Хавтаст хэргийн 187 дугаар талд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан байгаа. Түүнээс хойш 3 удаагийн хуралдаан болоход хохирогч болон түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй. Хэрэв хэргийн материалтай танилцаад үзсэн бол хохирогчийн өмгөөлөгчтэй байгуулсан /хууль зүйн туслалцаа үзүүлэх/ гэрээг хараад наад зах нь өмгөөлөгч байж яагаад ажлаа хийдэггүй юм бол гэж боддоггүй юм уу. Улсын яллагч яагаад үүнийг анхаардаггүй юм бэ. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо хохирогч, түүний өмгөөлөгч нарт хүргүүлээгүй. 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар манай ажил руу шуудангаар гомдлыг хүргүүлэхдээ завсар нь шийтгэх тогтоолоо хийгээд явуулсан байсан. Ийм асуудал болсон байна гэдгийг мэдээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар одоо болих хэрэгтэй. Хавтаст хэргийн 201-211 дүгээр талд 5,774,263 төгрөгийн баримт байгаа бөгөөд энэ нь хоёр өөр мөнгөн дүнгийн нийлбэр /эмчилгээний зардал 2,900,000 төгрөг, хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд 52 хоногийн цалингийн тооцоог ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын тайлан зэргийг үндэслэж гаргасан/ юм. Өмгөөллийн хөлсийг манай хуулийн фирмийн дансанд байршуулаад бид нар татвар тооцоондоо оруулаад явсан. Энэ баримт хэрэгт авагдаагүй бөгөөд прокурор, шүүхийн шатанд хохирогч, өмгөөлөгч нарт мэдэгдээгүй учир баримт гаргах боломжгүй байсан. Хохирогч, өмгөөлөгч нарыг хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил мөн гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж аваагүй, хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8, 35.10 дугаар зүйлд зааснаар ноцтой зөрчилд тооцож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг адил тэгш оролцох эрхээр нь хангах ёстой. Гэтэл зөвхөн мөнгөний төлөө яваад байгаа юм шиг бодож болохгүй. Бид энэ агуулгаар гомдол гаргаагүй, оролцох эрхээ эдэлмээр байна гэсэн агуулгаар давж заалдах гомдол гарсан. Өмгөөллийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хэргийн материалыг танилцуулаагүй, мөн хэрэг шүүхэд ирсний дараа хэргийн материалтай танилцуулдаггүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй байхад давж заалдах шатны шүүх ийм байдалтай дүгнэлт хийж, магадлал гаргасныг ойлгохгүй байна. Хуулийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар өөр өөрөөр хэрэглэдэг байх юм бол хууль байгаад яах юм, хүний эрхийг яаж хангаж, хамгаалах юм. Өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах баталгааг хөндөж байна. Хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах бүх боломжийг хаасан. Прокурорын шатнаас эхлээд энэ зөрчлүүд гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нэг том асуудал нь “бусдад төлөх төлбөргүй” гэж шууд бичсэн. Хохиролд 807,000 төгрөг төлсөн гэж дүгнээгүй. Хохирогч ямар байр суурьтай байгаа эсэх, хохирол төлбөр төлөгдсөн эсэх асуудал нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд хамаарах байх. Шүүгдэгчийн хувьд урьд нь чулуу бариад хүн зодсон, одоо бүр цаасны хутга гаргаж ирээд бусдын амыг хоёр тийш нь сэтэлсэн. Энэ нь өөрөө гэмт хэргийн сэдэл, үйлдэгдэж байгаа байдал, хүнийг зовоон тарчлаасан асуудал байсан юм уу гэдгийг дүгнэх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Хохирогч С.Г, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, улмаар шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Давж заалдах шатны шүүх хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянан хэлэлцээд оролцогч нарын эрхийг хязгаарласан зөрчил гаргасан гэж дүгнэсэн, мөн шүүгдэгч Б.Э-ийн хувьд урьд нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 789 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж, давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дүйцүүлэн сольж 1 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон. Энэ талаар давж заалдах шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл уг ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад эдлээгүй үлдсэн ялын хугацааг зогсоох эсэх асуудлыг шийдвэрлээгүй, ялыг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй байх тул уг ялыг тусад нь эдлүүлэх эсэх асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг зориуд тэмдэглэв гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх энэ хоёр зөрчлийг илрүүлсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоогүй, хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй байна гэж үзсэн. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан 2 үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд энэ хэргийн тухайд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хохирол төлөх завсарлага авсан. Завсарлага авсаны дараа шүүгдэгч Б.Э өмгөөлөгчөө сольсон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулж, нийт 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан явагдах байтал гэм буруугийн хуралдааныг дахин явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Практикт энэ хууль хэрэглээний талаар өөр өөр ойлголттой яваад байна. Үндсэн шүүх хуралдааныг 2 үе шатанд хувааж байгаа гэм буруу, эрүүгийн хариуцлага гэж, шүүх гэм буруугийн шүүх хуралдаан хийгээд шүүх шийдвэрээ гаргаад завсарлага авч байгаа. Эрүүгийн хариуцлагын хуралдаан хийх үед өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч солигдсон тохиолдолд гэм буруугийн шүүх хуралдааныг дахин явуулах уу, эрүүгийн хариуцлагын хуралдаан явагдах уу. Энэ заалт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ойлгомжгүй бичигдсэн байгаа тул хяналтын шатны шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс дүгнэлт хийж өгнө үү. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг билээ.
Түүнчлэн эдгээр хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон (императив) болон эрх олгосон буюу зөвшөөрсөн (диспозитив) гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй болно.
Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 789 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эдгээр зүйл, хэсэг тус бүрээр ял шийтгэгдэн, нэмж нэгтгэгдсэний эцэст нийт 3 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоогдсон байна.
Хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудыг үндэслэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 863 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн холбогдох заалтыг хэрэглэн Б.Э-т анхан шатны оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялуудыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, эдгээр ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан журмын дарааллыг зөрчиж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хоёр дахин багасган эдлүүлэхээр тогтоох байтал шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хоёр дахин бага ялыг шууд оногдуулсан нь буруу болохыг тэмдэглэн анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүхээс ийнхүү өөрчлөн тогтоосон 1 жил 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байхдаа шүүгдэгч Б.Э нь шинээр гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор, ял оногдуулах журмыг огт хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх нь зөвтгүүлэхийн оронд энэ талаар магадлалд (хэргийн 2 дахь хавтас, 206 дахь тал) тэмдэглэх байдлаар дурьдан орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор тогтов.
Учир нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу хохирогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх талаар мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т заажээ.
Хохирогч С.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байсан талаарх баримт хэргийн 2 дахь хавтас, 82 дахь талд авагдсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 21-нд эхэлж, мөн сарын 28, 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус хойшлогдож мөн сарын 19-ний өдөр үргэлжилсэн хуралдааны товыг түүнд болон өмгөөлөгч Д.Майдрид нь мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хуулиар олгогдсон хохирогчийн эрхийг шүүх хязгаарласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дээрхтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1-д заасан эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдсан хэмээн үзэх боломжгүй юм.
Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж буй тул хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулан, тэдгээрийн мэтгэлцэх болон зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах эрхийг хязгаарлахгүй байхад анхаарвал зохино.
Шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Г.Т-ийн хохирогч С.Г-ын нүүрийг цаасны хутгаар зүсэж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийн оныг 2020 он гэж буруу тусгасныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 646 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол Б.Э, Г.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ