| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2025/0662/З |
| Дугаар | 001/ХТ2026/0041 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2026/0041
“Х” ХК-ийн гомдолтой,
Монголбанкны Хяналт шалгалтын газрын
хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2026/0128 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Х.О, хариуцагч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар “Х” ХК-ийг Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “...“Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь “өөрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн үүрэг, статусыг ашиглан банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй байх агуулга”-ыг илэрхийлснийг хариуцагч улсын байцаагч буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж,
4.Хариуцагчаас “... Х ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч нь тус банкны ТУЗ-ын ердийн гишүүнээр ажиллаж байгаа нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д ТУЗ-ийн гишүүн “Банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасныг зөрчиж, банкны гүйцэтгэх удирдлагын багт ажиллан, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байна. ... “Х” ХК нь Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журамд заасан зохистой засаглалыг хэрэгжүүлэх чиг үүргийг биелүүлэхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.7, 31.4.5, 43 дугаар зүйлийн 43.2.11, Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2026/0128 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг баримтлан Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Гомдлыг агуулгаар тусгав)
7.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүний талаар: Маргаанд хамаарч буй Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөвхөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иш татах байдлаар хэрэглэсэн нь нэг талаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, нөгөө талаас хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
7.2.Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтад “... Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана: банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасан нь банкны ТУЗ-ийн гишүүн нь “өөрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн үүрэг, статусыг ашиглан банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй байх агуулга”-ыг илэрхийлсэн бөгөөд тухайн хувь хүн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа мөрдөх үүргийг тусгасан зохицуулалт юм.
7.3.Мөн Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан Банкны ТУЗ-ийн гишүүнд тавигдах шалгууруудад “тухайн банканд ажил албан тушаал хашдаггүй байх” талаар дурдаагүй. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтад гэж тус тус заасан нь тухайн банканд ажилладаггүй байх шалгуур нь зөвхөн ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигддаг болохыг харуулж байна.
7.4.Гэвч улсын байцаагчийн зүгээс Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг ТУЗ-ийн ердийн гишүүнд тавигдаж буй шалгуур мэтээр тайлбарлаж, нэг хувь хүн ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаа нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, шийтгэлийн хуудас үйлдэж, торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
7.5.Улсын байцаагч “засаглалын зарчим” гэх субьектив шинжтэй үнэлэмжээр “энэ хүн ТУЗ-ийн гишүүн байж болохгүй” гэж, шүүхээс хуулиар зориуд зохицуулаагүй асуудлыг “улсын байцаагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй” гэж шийдвэрлэх нь хуулийг өргөжүүлэн тайлбарлаж байна.
7.6.Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй үе шатыг магадлалаар бий болгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн хэргийг шүүхээс шийдвэрлээд шийтгэврийг хэвээр үлдээх, өөрчлөх, шийтгэлээс чөлөөлөх, хүчингүй болгох гэх 4 шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан байдаг. Энэхүү зарчим нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа заасан хугацаанд явагдаж, уг хугацаанд эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн гэм бурууг шүүхийн өмнө нотолж шийтгэх, эсхүл шийтгэлээс чөлөөлөх, хүчингүй болгох байдлаар шийдвэрлэгдэж дуусах ёстой. Энэ нь зөвхөн эрүүгийн шүүхээр зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд хамаарах зарчим биш гэж үзэж байгаа бөгөөд төр, түүний байгууллага, эрх бүхий албан тушаалтан холбогдогч этгээдийн эрхийг дордуулах шийтгэл оногдуулах ажиллагааг явуулан дуусгаж шүүхээр шийдвэрлүүлэхэд шүүхээс гэм буруу нотлогдсон эсэхийг тогтоон нэг мөр шийдвэрлэх зарчмыг хуулиар тогтоосон гэж үзэж байна.
7.7.Харин хэргийг “шийтгэлийг хуудсыг түдгэлзүүлж, дахин акт гаргах хүртэл 58 хоног түдгэлзүүлэх” буюу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд буцаах шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон үндсэн зарчмуудад нийцэхгүй.
7.8.Өөрөөр хэлбэл, улсын байцаагч эрх бүхий албан тушаалтны хийвэл зохион ажиллагааг хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргаж, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь харагдаж буй тул шийтгэл хуудас, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, гомдлын шаардлагыг бүхэлд хангах нөхцөл бүрдсэн боловч давж заалдах шатны шүүхээс “ ... шийтгэлийн хуудсыг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн.
7.9.Энэ нь улсын байцаагчид, цаашлаад захиргааны байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтнуудад үндэслэл бүхий бус, баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, улмаар үндэслэл бүхий бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжийг олгож, анхны үндэслэлгүй, хууль бус шийдвэр гарснаас хойш хэрэг хянан шийдвэрлэгдэх бүхий л хугацаанд захиргааны байгууллагын эсрэг маргаж буй хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
8.Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
9.“Х” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б-22/931 дүгээр тушаалаар А.Э-ийг Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилж, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн ердийн гишүүнээр сонгосон.
10.Улмаар, ТУЗ-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар “Томилгоо хийх тухай” тогтоолоор А.Э-ийг дахин Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор баталгаажуулсан.
11.Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор А.Э-ийг “Х” ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилсон.
12.Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь ТУЗ-ийн ажлын албанаас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25/64 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хуралдааныг хянан үзээд ТУЗ-ийн гишүүн А.Э нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байгаа нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилогдсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасныг зөрчсөн эсэх,
-Банкны тухай хууль тогтоомжийг бусад байдлаар зөрчсөн эсэх тухай байна.
13.Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Банкны тухай хууль тогтоомжийг бусад байдлаар зөрчих зөрчлийг тусгасан.
14.Тус зөрчлийн талаар Х ба Монголбанк, УДШ (Захиргааны хэргийн танхим) 2022.12.19 ХТ-80 тогтоолоор “Уг заалтын “бусад байдлаар гэх холбоос үгийг Зөрчлийн тухай хуулийн уг зүйлийн 1-14 дэх заалтад жагсаасан зөрчлөөс өөр бусад байдлаар тодорхойлон хуульчилсныг зөрчсөн, зөрчигдсөн хууль тогтоомжийн хэм хэмжээг биелүүлэх талаар Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлага гарсныг биелүүлээгүй тохиолдолд сая зөрчилд тооцно гэж ойлгохоор байна” гэж дүгнэсэн.
15.Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана” гээд, 31.4.5-д “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх” гэж заасан.
16.Маргаан бүхий шийтгэлийн хуудас болон хариуцагчийн тайлбараас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээдийг ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх үүргийг тусгаагүй гэх үндэслэлээр бус, гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн гишүүнээр томилох замаар ТУЗ-ийн гишүүний банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлсэн гэх агуулгаар зөрчилд тооцсон бөгөөд энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан “...бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн” гэх зөрчилд тооцох шууд үндэслэл тогтоогдохгүй байна.
17.Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна” гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн дэргэдэх аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг тухайлан зааж хориглосон.
18.Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна” гэж, 33.3-т “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна” гээд, 33.3.3-т “тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй” гэж тус тус заасны дагуу банкны ТУЗ нь ердийн болон хараат бус гишүүдээс бүрдэх бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүнд тухайн банкны эрх бүхий албан тушаалтан болон бусад ажилтнаар ажилладаггүй байх шаардлага тавигдсан.
19.Дээрх зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл гүйцэтгэх удирдлагыг банкны ТУЗ-ийн дэргэдэх хорооны гишүүн эсхүл ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллахыг хууль тогтоомжоор хориглосон байх бөгөөд эдгээрээс бусад байдлаар ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилогдохыг бүр мөсөн хориглосон агуулга тусгагдаагүй байна.
20.Иймд гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5-д заасныг зөрчөөгүй, түүнчлэн Банкны тухай хууль, тогтоомжийг бусад байдлаар зөрчөөгүй байх тул маргаан бүхий шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.
21.Анхан шатны шүүх “зохистой засаглалын бодлого, зарчимд нийцэхгүй байна, ТУЗ-ийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сулруулах эрсдэлтэй” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
22.Олон улсын Базелийн банкны засаглалын зарчмын Зарчим 2. ТУЗ-ийн шаардлага болон бүрэлдэхүүн, Зарчим 3. ТУЗ-ийн бүтэц болон үйл ажиллагаанаас үзэхэд ТУЗ нь хангалттай тооны хараат бус гишүүдээс бүрдэх ёстой, ТУЗ-ийн дэргэдэх мэргэшсэн хороодыг байгуулах ёстой, ТУЗ-ийн дэргэдэх хорооны дарга нь ТУЗ-ийн хараат бус гишүүн байх ёстой[1] зэрэг засаглалын зарчмыг тусгаж өгсөн байгаагаас бусад байдлаар гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн ердийн гишүүнээр томилохыг хориглоогүй байна.
23.Мөн Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.11-д “Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах” гэж заасны дагуу батлагдсан Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмын 3.5.2-т “Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллах тохиолдолд ТУЗ-ийн үйл ажиллагаанд дараах байдлаар оролцохыг хориглоно” гээд, 3.5.2.1-д “Аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байх” гэж, 3.5.2.2-т “Гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхтэй оролцох” гэж, 3.5.2.3-т “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх” гэж тус тус заасан.
24.Өөрөөр хэлбэл, банкны засаглалын зарчим болон Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам нь Банкны тухай хуультай нийцэж байх бөгөөд энэ хүрээнд гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллах тохиолдолд тодорхой хязгаарлалт тавигддаг хэдий ч гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн гишүүнээр томилохыг бүр мөсөн хязгаарлаагүй байна.
25.Мөн Монголбанкны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-1/277 бичгээр А.Э-ийг анх ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход Банкны тухай хуулийн холбогдох шаардлагыг хангаж байгаа талаар гомдол гаргагчид мэдэгдэж байсныг дурдах нь зүйтэй.
26.Дээрх байдлаар Банкны тухай хууль тогтоомжийг бусад байдлаар зөрчсөн нь тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0937 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2026/0128 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмын 3.5.2.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
[1] Basel Committee on Banking Supervision, Corporate Governance Principles for Banks, Principle 2 (Board qualifications and composition), Principle 3 (Board’s own structure and practices) (2015).