| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/15798/И |
| Дугаар | 210/МА2025/01965 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01965
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/12002 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
2,160,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх 18 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь дээрх хугацааны зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хариуцагч хуулийн этгээдийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн.
3.1. Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлөх ёстой зардлын хэмжээг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримтад тулгуурлан дүгнэлт өгөх шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.2. Нэхэмжлэгчийн зүгээс Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан жишиг үнийг баримтлан хариуцагчийн 1 сард төлөх зардлын хэмжээг 120,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс 1 сард төлөх зардлын хэмжээг 35,000 төгрөг гэж тайлбар гаргасан.
Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарыг баримтаар няцаах үүрэг нь нэхэмжлэгчид ногдоно.
3.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоодог.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс жишиг үнийг тогтоосон ч тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг Сууц өмчлөгчдийн холбоо бүх гишүүдийн хурлаараа тогтоох ёстой.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 1 сард 120,000 төгрөгийн зардал төлөх ёстойг баримтаар нотлоогүй.
Иймээс хариуцагчийн тайлбарт дурдсан 1 сард төлөх зардлын хэмжээг 35,000 төгрөгөөр тооцох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.
3.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Төрийн банкны харилцах дансны хуулгад үндэслэн хариуцагчаас 708,147 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.
Учир нь уг данс нь *******-ны данс байх бөгөөд дансны үлдэгдэл нь хариуцагчийн төлөх ёстой төлбөрийн хэмжээг илэрхийлээгүй.
3.5. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх 18 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 630,000 төгрөг төлөх ёстой байжээ.
Үүнээс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 174,400 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 210,000 төгрөг, нийт 384,400 төгрөг төлснөөр төлөгдөөгүй зардлын хэмжээ 245,600 төгрөг үлджээ.
Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 245,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцнэ. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ алдаа гаргасан байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/12002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 708,147 гэснийг 245,600, 1,451,853 гэснийг 1,914,400 гэж,
2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 21,545 гэснийг 8,018 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ