| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00376/И |
| Дугаар | 130/ШШ2016/00560 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2016/00560
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, *****регистрийн дугаартай, утас *****, У овогт Мын Тн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух, ******** регистрийн дугаартай, Т овогт Ун Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай.
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд гэр бүл болж 6 сар хамт амьдарч байгаад салсан юм. Би үүнээс хойш өөр хүнтэй сууж 1 хүүхэдтэй, У.А нь мөн өөр хүнтэй сууж одоо Цэнгэл суманд амьдарч байгаа. Иймд бид хоёрын гэрлэлтээ хуулийн дагуу цуцалж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан хүсэлтэд: Шүүх хуралдааны товыг мэдлээ. Одоо Улаанхус сумын Даян багт намаржиж байгаа буюу аймгийн төвөөс хол газар оршин сууж байгаа учраас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Тийм учраас шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр миний эзгүйд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч У.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Шүүх хуралдааны товыг мэдлээ. Бид малчин хүмүүс бөгөөд ар гэрийн байдлын улмаас аймгийн төв орж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болчихоод байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна. Бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч У.Ад гардуулсан ба хариуцагч У.А нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нарт мэдэгдсэн боловч аль аль нь хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нар нь 2003 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болж гэрлэсэн нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны 2003 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон ПА№18 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нар нь тусдаа амьдраад олон жил /13 жил/ болсон, тус тустаа гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон нь нотлогдож байна. Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр М.Т, У.А нар нь цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй болохыг тогтоосон байна.
Иймд нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нар нь гэрлэгчид хоорондоо хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, хоёулаа шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар У овогт Мын Т, Т овогт Ун А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Нэхэмжлэгч М.Т, хариуцагч У.А нар нь хүүхэдгүй, хуваарьт болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК