Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01838

 

 

 

 

 

 

 

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06827 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,078,069.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч *******, ******* нар нь *******ХК-тай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 18 хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,746,546 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,148,782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 551 төгрөг нийт 7,895,879 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг зээлдэгч нар хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээлийг төлүүлэх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авахаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4,5.1.5, 5.1.7,5.1.10,6.5, 7.1-д заасан болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 17,078,069.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Тус банкнаас авсан цалингийн зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн зүйлийн 76.4 дэх хэсэгт Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж, мөн хуулийн 75 дугаар зүйл 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Иймд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс 8 жил, гэрээний хугацаа дууссан үеэс 5 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйл 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 17,078,069.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******, ******* нараас 244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зохицуулжээ. Хариуцагч нар 2018.08.31, 2019.03.13, 2020.05.04, 2024.03.25-2025.03.25-ны өдрүүдэд зээлийн төлбөрөөс төлж байсан, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид гомдол гаргаж байгаагүй нь зээлийн гэрээний үүргээ зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож эхлэх тул хариуцагч талын "Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна" гэх тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

Зээлийн гэрээ 2016.10.03-ны өдөр байгуулагдаж 2019.10.02-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Гэтэл нэхэмжлэгч 2025.04.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба гэрээний үүрэг 2017 оны 06 сард зөрчигдсөнөөс хойш (7 жил 10 сар)-ын хугацаа өнгөрсөн, гэрээний хугацаа дуусаад( 5 жил 6 сар)-ын хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрт бичигдсэн он, сар, өдөрт "2020.05.04, 2024.03.25" гэсэн боловч, энэ хооронд (3 жил 10 сар 23 хоног)-ын завсар байгааг, мөн 2019.10.02- нд гэрээний хугацаа дууссанаас хойш уг хугацаа өнгөрсөн байгааг шүүх анхаарсангүй. Уг хугацаа нь хэрэгт авагдсан ХААН банкны 5031937451 тоот харилцагчийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар (05/04/2020-с 03/25/2024) гэсэн энэ хугацаанд орлого зарлага, гүйлгээ, зээл төлөлт хийгдээгүй нь тодорхой харагдаж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг ойлголт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тодорхой хугацааны дотор авч үзэх ёстой ойлголт юм. Гэтэл 2019.10.02-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш "2020.05.04,-2024.03.25-"гэх энэ хугацааны хооронд (3 жил 10 сар 23 хоног)-ын завсар байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг нотлож байгаа юм. Анхан шатны шүүхээс 2024.03.25-2025.03.25-ны өдрүүдэд зээлээс төлж байсантай холбоотой нэхэмжлэгчид гомдол гаргаагүй нь зээлийн гэрээний үүргээ зөвшөөрсөн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

Хариуцагч нар тухайн хугацаанд зээлийг өөрсдийн санаачилгаар төлж байгаагүй битүүмжлэлтэй байсан ба дансанд орсон мөнгийг банк нь хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч зээлийн дансанд "Зээл төлөв" гэх утгаар шилжүүлж байсан байна. Үүнийг хариуцагч нар мэдээгүй, зээлийн төлбөрт татан авч байсан мөнгө нь зээлийн төлбөрт суутган авахыг хориглосон "Насны хишиг, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний дэмжлэг, ахмад настанд халамж" зорилгоор олгосон мөнгө байсан байна. Үүнийг шүүхээс хариуцагч нар үүргээ зөвшөөрсөн гэж дүгнэж болохгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг тусгайлан хуульчилж зааж өгсөн нь иргэний маргаантай асуудалд уг хуулийн хугацаанд гомдол гаргаж болно гэсэн ойлголт юм. Гомдол гаргахгүй байгаа нь түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн хууль байхгүй. Хуульд заагаагүй бол иргэнд ашигтайгаар шийдвэрлэх, иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хуулийн зарчим бий.

Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 5.1.1, 5.1.7-д зааснаар зээл, хүү төлөхийг шаардан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдэл албан бичгийг хариуцагч нарт шуудангаар хүргүүлж байсан... гэжээ. "*******" ХК-ийн тухайн бичиг нь 3 ширхэг хэрэгт авагдсан байдаг ч (он, сар, өдөр нь зохиомол бөгөөд шүүхэд нэхэмжлэл өгөхдөө шинээр бичсэн) /Мэдэгдэл хүлээн авсан зээлдэгч нарын гарын үсэг/ хэсэгт хариуцагч нарын гарын үсэг огт байхгүй, зөвхөн мэдэгдэл хүргүүлсэн хаягт үл мэдэгдэх нэр үгүй гарын үсэг бүхий зураасан бичиглэл байдаг. Хамгийн гол нь мэдэгдэл дээрх хаяг бичигдсэн барилга нь тухайн мэдэгдэл хүргэгдсэн гэх хугацаанд дахин төлөвлөлтөнд орж нураагдсан байдаг. Үүнийг анхан шатны шүүхэд нотлох баримтаас хасуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчээс зээл төлөх мэдэгдлийг хэрэгт нотлох баримтаар авахуулж үнэлүүлсэн. Мөн хариуцагч ******* /******* банкны харилцах данс *******/-аас 2024.03.25-ны өдөр "Зээл төлөлт" гэж, мөн /******* банкны харилцах данс *******/ 2024.04.19-ний өдөр "*******" гэсэн утгыг зориуд бичиж, хариуцагч /******* банкны зээлийн данс *******/-ийг мөнгө төлсөн гэж шилжүүлэг хийсэн. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь зээлийн гэрээний хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анхнаасаа мэдэж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан мэт харагдуулах гэж өөрт байгаа эрхийг хууль зөрчин ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон зохиомол байдлыг зориуд үүсгэсэн, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харагдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байсан боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон бүртгэлийн картаар тогтоогдсон. Хариуцагч нар нь зээл төлсөн талаар нэхэмжлэгч байгууллага нь өөрт ашигтай байдлаар гүйлгээний утгыг бичсэн гэж тайлбарладаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан барьцаа, зээлийн гэрээний 5.1.2-т зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг харилцагчийн харилцах данснаас, харилцах дансанд байгаа мөнгө хүрэлцэхгүй бол хамтран зээлдэгч, бусад үүрэг гүйцэтгэгчийн данснаас үл маргах журмаар суутган авах талаар заасан. Харилцагчийн данснаас үл маргах журмаар зээлийг төлүүлсэн тохиолдолд зээлийг төлүүлэв гэх гүйлгээний утгатайгаар төлүүлнэ. Гүйлгээний утга хэсэгт тэмдэглэгээ хийхгүйгээр харилцагчийн данснаас зээл төлүүлэх боломжгүй. Холбогдох программ болон банкны систем дээр харилцагчийн дансны гүйлгээний утгыг нотлох баримтын зориулалтаар өөрчлөх, засвар хийх боломжгүй. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар үл маргах журмаар харилцагчийн гарын үсэгтэй гэрээ хийснийг харилцагчийн зөвшөөрлөөр гүйлгээ хийсэнд тооцох хуулийн зохицуулалттай. Дээрх хуульд заасны дагуу зээлийн гэрээний 5.1.2-т үл маргах журмаар зээлийг төлүүлэхээр тохиролцсон. Зээлдэгч нар нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлсөн. Тухайн төлөлтүүд нь харилцагчтай байгуулсан гэрээ болон хуульд заасны дагуу үл маргах журмаар зээлийг төлүүлж байгаа бөгөөд харилцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн. 2020 оноос 2025 он хүртэлх хугацаанд харилцагчийн данснаас үл маргах журмаар зээлийг төлүүлсэн бөгөөд тухайн данс эзэмшигчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагад гомдол гаргаагүй учраас зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мэдэгдэх хуудсыг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдлаар хуурамчаар үйлдсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч байгууллага нь мэдэгдэх хуудсыг зээлийн гэрээнд тусгагдсан хаягаар зээлдэгчид хүргүүлдэг. Зээлдэгчийг тухайн хаягтаа оршин сууж байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Мөн зээл төлөх тухай мэдэгдлийг Монгол шуудан ХК-аар хүргүүлж байсан. Мэдэгдэл нь тухайн компанийн тамга, тэмдгээр баталгаажсан төдийгүй нөхөж хуурамчаар үйлдэх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс зээлээ төлөхийг зээлдэгч нараас шаардаж байсан. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 5,253,454.29 төгрөг, зээлийн хүүд 10,569,016.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,230,599.25 төгрөг, нотариатын зардалд 25,000 төгрөг, нийт 17,078,069.67 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3.*******ХК, *******, ******* нарын хооронд 2016 оны 10 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 12,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүү, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан хугацаанд ашиглаж, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Талууд мөн гэрээгээр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

 

4.Зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө 12,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нар гэрээний үүрэгт 7,895,879 төгрөг төлж, 17,053,069 төгрөгийн үүргээ биелүүлээгүйд зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй эсэх асуудлаар зохигч маргаж байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүрэг гүйцэтгэх зарчим, хугацааг тодорхойлсон. Зээлийн харилцааны хувьд зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч, зээлдэгчийн хэн нь эхэлж гүйцэтгэх дарааллыг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан буюу зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид эхэлж шилжүүлснээр зээлдэгч зээлийг ашиглах, захиран зарцуулах эрх үүсч, улмаар гэрээгээр тохиролцсон нөхцөл, хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэг зээлдэгчид үүсэхээр хуульчилжээ.

Энэхүү зарчмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.1-д Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 1-р тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хуваарьт өдрийн 22:00 цагаас өмнө төлнө гэж тохиролцсоноос гадна мөн гэрээний 4.2.2-т зааснаар зээлийг энэхүү хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус зээлдэгч хүлээжээ. Харин зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч гэрээний 5.1.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх, мөн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах эрхийг зээлдүүлэгчид олгосныг гэрээний 5.1.2-т заасан байна.

Зээлийн гэрээний үүргийн зөрчил зээлийн гэрээ байгуулснаас хойш хоёр сарын дараа үүсч, улмаар 2017 оны 05 сараас зээл төлөлт хийгдээгүй, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусах үед ч энэ зөрчил хэвээр үргэлжилж байсан учир зээлдүүлэгчээс зээлийн гэрээний 5.1.2-т заасны дагуу хариуцагч нарын тус банкин дахь харилцах данснаас зээлийн төлбөрийг суутгаж зээл төлүүлэх арга хэмжээ авч байсан нь Зээлийн бүртгэлийн карт, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн хувьд зээл төлүүлэх арга хэмжээ авч хариуцагч нарын банкинд мэдүүлсэн хаягаар зээлээ төлөхийг шаардсан мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 01, 2022 оны 03 дугаар сарын 28, 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус шуудангаар хүргүүлсэн байна. Зээлдэгч нь гэрээ байгуулах үеийн зээлдүүлэгчид гаргасан хаяг, холбоо барих утасны дугаар нь өөрчлөгдсөн бол энэ тухайгаа зээлдүүлэгчид өөрөө мэдэгдэх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нарын гэрээнд заасан хаягаар мэдэгдэл хүргүүлснийг буруутгахгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын шинэ хаягийг мэдэж байсан боловч хуучин хаягаар ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх байдлаар зээл төлүүлэх ажиллагааг явуулж, хариуцагч нарын тус банкин дахь харилцах данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар суутгаж байсныг Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөл, зөвшөөрлийн хүрээнд мөнгөн гүйлгээ хийгдсэн гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгчийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4-т заасан шаардлагыг зөрчиж харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийсэн гэх үндэслэлгүй. Энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч эрхээ хэтрүүлж харилцагчийн мэдээлэл, дансанд хууль бусаар халдан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр мөнгөн гүйлгээ хийсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хүлээн авахгүй.

 

5.Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсноор нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар тоологдох учиртай. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгч гэрээний 5.1.2-т заасны дагуу дээр дурдсанаар зээл төлүүлэх арга хэмжээ авч 2020 оны 05 сарын 04-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд 18 удаагийн гүйлгээгээр нийт 2,487,419 төгрөгийн зээлийг төлүүлсэн нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаныг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

Энэ хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд зээл төлүүлэхээр нэхэмжлэгч, хариуцагчийн нарын даснаас суутгал хийгээгүй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцогдох бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж татгалзаж, энэ агуулгаар гомдол гаргажээ. Хариуцагч нарын хувьд гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч гэрээний 5.1.2-т заасан алхмыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон, нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлсэн нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар банк харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцогдох тул хуульд зааснаар тухайн гүйлгээ хийгдэх бүрт хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолж, тасалдана.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хэлэлцэн тохиролцоогүй буюу харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дээрх мөнгөн гүйлгээнүүдийг хийсэн бол хариуцагчийн татгалзал буюу давж заалдах гомдол үндэслэлтэй болно. Энэ байдал зохигчийн байгуулсан зээлийн гэрээгээр үгүйсгэгдсэн учир хариуцагч нарын татгалзал Иргэний хуулийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хамаарахгүй, мөн хариуцагч нарын төлсөн дээрх 2,487,419 төгрөгийн төлбөрийг мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3 дахь хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийг гүйцэтгэсэн, зөвшөөрсөн бол үүргээс татгалзах эрхгүй, түүнчлэн энэ хугацаанд гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй тухай ойлголтод хамааруулан дүгнэхгүй. Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөөгүй байна.

 

6. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 17,053,069.67 төгрөг, зардалд 25,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,341 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ