Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01892

 

 

 

 

 

 

 

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02143 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр, дотуур байр, цахилгааны төлбөрт 15,308,680 төгрөг гаргуулах тухай үндсэн, сургалтын төлбөр, зардалд илүү төлсөн 24,125,478 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******-д 2021 онд хандан ******* улсад сурах хүсэлтэйгээ илэрхийлж, холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. Сургалтын төлбөр 673.225 иен, амьдрах зардал сарын 60,000 иен байхаар тохиролцож 2021 оны 11 сарын 18-ны өдөр баталгаа хийгдсэн. ******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл суралцсан. Энэ хугацааны сургалтын төлбөр 1,288,040 иен болсноос 876,397 иен төлж, үлдэгдэл 411,643 иен буюу 9,336,063 төгрөг, дотуур байр, цахилгааны төлбөр 261,562 иен буюу 5,932,226 төгрөг нийт 15,268,452 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түүний ******* Улсад суралцаж амьдрах хугацааны сургалтын төлбөрийг хариуцахаар баталгаа гаргасан ******* нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд сургалтын үлдэгдэл төлбөр 411,643 иен буюу 9,360,761 төгрөг, дотуур байр, цахилгааны төлбөр 261,562 иен буюу 5,947,919 төгрөг, нийт 15,308,680 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь тус сургуульд хүү *******ийн төлбөрийг төлөх баталгааг гаргаагүй, харин 2022 оны 04 дүгээр сард *******ы виз мэдүүлэхэд визны баталгаа буюу буцаж ирэхгүй бол түүнийг буцааж ирүүлэхэд гарах зардлыг хариуцахаар баталгаа гаргасан. ******* нь өөрийн хийсэн үйлдэл, хэлцлийн үр дагавар, хариуцлагыг өөрөө хариуцах учраас ******* нь түүний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анх ******* улс руу суралцахаар явсан хичээл 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл суралцаж, 03 дугаар сарын 30-ны өдөр Сертификатаа гардаж авсан. *******д сургууль, курс төгсөж сертификат гардуулж өгөхөд сургуультай холбоотой төлбөр тооцоо бүрэн дууссан нөхцөлд Сертификатыг гардуулж өгдөг журамтай. Сургуулийн удирдлагууд 2023 оны 04 дүгээр сараас хойших визаны сунгалт, ажлын байраар хангах нөхцлөө биелүүлээгүй. Миний хүү ******* нь бусад 7 хүүхдийн хамт тус сургуульд суралцсан бөгөөд тэд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* хотод очиж ажил хийж амьдарсан. 2023 оны 07 дугаар сарын 18-нд сургуулийн дотуур байрандаа буцаж ирсэн. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 11 сар дотуур байр, цахилгааны төлбөрт сард 60,000 иенийг тэнд байсан ******* гэх хүнд төлж байсан. ******* менежер нь сард нэг хүний төлбөр 22,300 иен гэсэн ба 60,000 иенээс нэг сард 37,700 иенийг илүү төлснийг 11 сараар тооцоход 414,700 иен гарч, тэр үеийн ханш 25,96 иенээр бодоход 10,765,612 төгрөг байна. Мөн *******ийн сургалтын зардлыг *******-т шилжүүлсэн нь 5,280,000 төгрөг, сургалтын төлбөрийн илүү төлөлт 286,397 иен буюу 7,436,486.6 төгрөг, нийт 23,482,98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэх сертификат авагдсан ч хариуцагч сургуулийг 03 дугаар сарын 15-ны өдөр төгсөөгүй бөгөөд ******* улсад ажил хийхийн тулд тухайн хэлний бэлтгэлийг төгсөн гэрчилгээ шаарддаг учраас хэлбэр төдий байдлаар *******т сургалтаа төгссөн гэдэг гэрчилгээг гаргаж өгсөн. Бодит байдалд 2023 оны 04, 05, 06, 07 саруудад компанийн зүгээс ******* нь манай сургуульд суралцаж байгааг цагаачлалын албанд ирцийн мэдээллийг явуулсныг баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Мөн хариуцагч 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл манай сургуульд цахимаар хамрагдсан ирцийн мэдээллийг баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нь манай сургуульд 2 жилийн хугацаанд 2023 оны 09 дүгээр сар хүртэл суралцсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд ямар нэгэн илүү төлөлт хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 7,067,156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 8,241,523 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-д холбогдох 24,125,478 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 234,500 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 278,588 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******-иас 128,024 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч ******* нарын хооронд 1 жил 6 сарын сургалтын гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу хариуцагч ******* батлан даалт гаргаагүй. Иймээс хариуцагч *******т баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах үурэг үүсэхгүй... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь *******-д 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд суралцсан бөгөөд ийнхүү 2 жил суралцсан нь хэргийн 130-136 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл шүүхээс 1 жил 6 сар гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.

Шүүхээс *******-ийг төлбөрийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн атлаа *******аас төлбөр гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 458 дугаар зүйлд Батлан даагчийн үүргийг тодорхойлсон ба үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч хариуцах тул *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. хэргийн 12, 17 дугаар талд ******* нь баталгаа гаргахдаа *******д байх үеийн зардлыг хариуцна, амьдрах зардлыг 4 сар тутамд хүүгийнхээ ******* дахь данс руу шилжүүлнэ, сургалтын төлбөрийг сургуулийн данс руу шилжүүлнэ гэсэн баталгааг гаргасан. Гэтэл шүүхээс уг баталгааг зөвхөн нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хариуцагчаас дотуур байр, цахилгааны төлбөрт 261,562 иен, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөн зардалд илүү төлсөн 414,700 иен гаргуулахаар шаардсан. Байр болон цахилгааны төлбөрт хариуцагч 261,562 иен илүү төлснөө баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаархи баримтгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хэргийн 11, 15 дугаар талд дотуур байр, цахилгааны төлбөрт 261,562 иенийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг нотолсон баримтыг хавсаргасныг шүүх үнэлэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт хариуцагч сургалттай холбоотой төлбөрт нийт 876,397 иен төлсөн, сургалтын төлбөр 1 жилийн 590,000 иен байсан талаар маргаагүй. Гэсэн хэдий боловч 876,397 иен сургалт, байр, цахилгааны төлбөрт хэрхэн тооцогдсон нь тодорхойгүйгээс талуудын хооронд маргаантай байна" гэж дугнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь сургалтын төлбөр сургалт эхлэхээс өмнө тусдаа төлөгдсөн бөгөөд байр, цахилгааны төлбөр тухайн тухайн үед буюу хэрэглэсний дараа төлөгдсөнийг шүүх анхаарч үзээгүй. Мөн " ******* " ХХК-ийн Монгол талын албан ёсны төлөөний менежер ******* нь байр, цахилгааны төлбөрт илүү мөнгө авч байсан тухай миний тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Гэрч *******-ийн мэдүүлгээр хариуцагч ******* нь ******* банкны харилцах дансаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******-ээр дамжуулан 5,280,000 төгрөгийг сургалттай холбоотой төлбөр шилжүүлснийг шүүх дүгнэсэн атлаа *******-ийг нэхэмжлэгтэй огт холбоогүй тусдаа төлбөр тооцоо хийдэг гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн шийдвэрт "2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* банкны данснаас 6,609,831 төгрөг буюу 254,616 иен шилжүүлсэн нь тогтоогдож байна. Хариуцагч сургалтын зардалд нийт 876,397 иен төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч "зөвшөөрч маргаагүй тул тогтоогдсон үйл баримт гэж үзэв" гэж дүгнэсэн атлаа сургалтын төлбөрыг дутуу төлсөн гэж үзэж *******аас 7,067,156 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзээд *******- болон нэхэмжлэгчийн Монгол менежер *******-д илүү төлсөн мөнгийг гаргуулахгүйгээр шийдсэн нь үндэслэлгүй. *******- нь нэхэмжлэгчтэй байнгын харилцаатай байж уг сургуульд суралцагчийг олж өгдөг, мөн төлбөрийг зарим тохиолдолд өөрөөрөө дамжуулан төлдөг нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн. Нэхэмжлэгчийн Монгол менежер ******* тухайн сургуульд очсон хүүхдүүдээс байнга илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөждөг луйварчин атал энэ талаар дүгнэлт өгөөгүй, илүү төлсөн мөнгийг гаргуулаагүй нь түүний хууль бус үйлдлийг шүүх хөхиүлэн дэмжсэн гэж үзэхээс өөр аргагүй. *******г гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангасан ч нэхэмжлэгч талаас түүнийг Монголд 3-4 удаа ирснийг нууж, түүнийг танихгүй, уулзаагүй гэсэн тайлбарыг шүүхэд өгч гэрчээр асуулгах боломжгүй байсаар шүүх хурлыг хийсэн.

Шүүх ******* намайг 1 жил 6 сар суралцсаныг тогтооосон атлаа надаас мөнгө гаргуулсан нь үндэслэлгүй ба тухайн сургуульд сурч төгссөн гэрчилгээг гаргаж авсан хугацаа нь тухайн сургуульд төлбөргүйг нотолно. Учир нь гэрчилгээ гардаж авсанаас хойшхи хугацааны сургалтын төлбөр гэх зүйл нэхэмжилж байгаа нь ундэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нахэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх *******ыг *******ийн батлан даагч биш гэж зөв дүгнэсэн тул *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. *******-ийг ******* сургуульд очиход сургалтын төлбөрөөс гадна байр, цахилгаан, дулааны мөнгийг ******* гэх хүн авдаг болох нь хэргийн баримтаар тогтоогддог. Тухайн үед тус сургуульд 8 хүүхэд сурч байсан тул 8 хүүхдээс нийт 142,000,000 төгрөг илүү авсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед *******г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч тухайн үед ******* ******* улсад байсан, түүнийг гэрчээр асуух шүүгчийн захирамж гарсны дараа ******* Монгол улсад 4 удаа ирж, буцсан байхад нэхэмжлэгч тал тухайн хүнийг огт ирээгүй гэж хэлдэг гэжээ.

 

9.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга: Аль ч улсын сургууль сертификат өгөхдөө ямар нэгэн төлбөр тооцоотой бол тухайн төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна гэх өргөдөл бичүүлж авдаг. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулиа төгссөн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүх төлбөр тооцоог төлж барагдуулсны дараа сертификатаа авсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь түр сертификат өгч байсан гэж худлаа хэлж, давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

10.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан сургалтын үлдэгдэл төлбөр 411,643 иен буюу 9,360,761 төгрөг, дотуур байр, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 261,562 иен буюу 5,947,919 төгрөг, нийт 15,308,680 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, энэ талаар хэргийн оролцогч анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлан мэтгэлцээгүйн зэрэгцээ уг нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нөхөн гүйцээх, дүгнэлт өгөх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.Хариуцагч ******* 2021 оны 10 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******-ийн ******* хэлний хичээлийн хөтөлбөрт Монгол Улсаас цахимаар хамрагдсан нь тогтоогдсон боловч ******* улсад очсоноос хойшхи хугацаанд дээрх хичээлийн хөтөлбөрт хамрагдсан цаг хугацааны талаар зохигч маргажээ. Ийнхүү маргасантай холбоотойгоор сургалтын төлбөр, суралцагчийн дотуур байрны төлбөрийн хэмжээг талууд өөр өөрөөр тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ сургалтын 1 жилийн төлбөрийг 590,000 иен, дотуур байр, цахилгааны төлбөр 1 сард 60,000 иен байдаг гэж дурдсан хэдий ч хариуцагч *******ийн суралцсан 2 жилийн сургалтын төлбөрийг 1,288,040 иен гэснээс үзвэл 1 жилийн сургалтын төлбөрийн зөрүү 54,020 иен болж байна. Мөн хариуцагч *******-ийн суралцаж төгссөн хугацааг 2023 оны 09 сарын 30-ны өдөр гэсэн ч 031 дугаартай Төгсөх тухай тодорхойлолт гэсэн баримтыг хариуцагчид олгосон байна.

Хариуцагч нар тайлбар болон хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ ******* 1 жил суралцаж 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төгссөн тухай тайлбарласан ч дээрх 031 тоот тодорхойлолтоос өөрөөр 2023 оны 05 дугаар сард ******* нь сургуульдаа суралцаж байсан үйл баримтыг үгүйсгээгүй, мөн оны 07 дугаар сард тус сургуулийн дотуур байранд амьдарч байжээ. Мөн *******-ийн суралцсан хугацаа сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг илүү төлсөн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой байдлаар илэрхийлээгүй байна.

Зохигчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулга дотоод зөрчилтэй, агуулгын зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан болон талуудын тайлбар зөрүүтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг болон зөрүүтэй тайлбар, нотлох баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх зэргээр уг зөрүүг арилгах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

Түүнчлэн зохигчийн гаргасан нотлох баримтаас шүүх хэргийн 104-105 талд авагдсан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 031 дугаартай Төгсөх тухай тодорхойлолт-ыг үндэслэн хариуцагч *******-ийн суралцсан хугацааг, мөн хэргийн 10, 16 талд авагдсан сургалтын төлбөр төлөлтийн баримтаар хариуцагч *******-ийн төлөх төлбөрийн хэмжээг тус тус тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлд бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь тодорхойгүй болжээ.

 

5.Иймд анхан шатны шүүхээс зохигчийн нотлох үүргийн хүрээнд нь хэргийн оролцогчийг мэтгэлцүүлэх, мэтгэлцээнийг чиглүүлэх байдлаар, мөн тэдгээрийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой дараах нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг зайлшгүй явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хариуцагч ******* нь сургалтын гэрээний дагуу нэхэмжлэгч *******-ийн ******* хэлний сургуульд суралцсан болон дотуур байранд амьдарсан хугацааг зохигчийн нотлох үүргийн хүрээнд бодитой тогтоох, мөн суралцагч тухайн сургуульд суралцаагүй нөхцөлд сургуулийн дотуур байранд амьдрах боломжтой эсэхийг тус тус тогтоох нь зохигчийн хооронд үүссэн маргааны цаг хугацааг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн ******* хэлний сургуулийн нэг хичээлийн жилийн эхлэх дуусах болон үргэлжлэх хугацааг тодорхойлж, нэг хичээлийн жилд ногдох сургалтын төлбөр, түүний 1 сард ногдох төлбөрийн хэмжээ зэргийг тодорхой болгох нь зохигчийн хооронд 2 жил, 1.6 жил, 1 жил суралцсан тухай маргаан, мөн нэхэмжлэгчээс 1 жилийн төлбөр 590,000 иен, 2 жилийн төлбөр 1,288,040 иен гэсэн зөрүүтэй тайлбар гаргасныг нэг мөр болгож хариуцагч ******* сургалтын төлбөр төлөх үүрэгтэй эсэхийг дүгнэх шаардлагатай гэж үзэхээр байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ талууд өөрсдөө нотлох үүргийг хүлээдэг. Энэхүү үүргээ зохигч хэрэгжүүлээгүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боловч энэ хэргийн хувьд зохигчийн нэхэмжлэл, тайлбараа нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримт, тэдгээрийн тайлбарын зөрүүг шүүх арилгаагүй, хэргийн талаар шүүх бүрэн дүгнэлт өгөөгүй явдал нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

 

7.Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх зарчмаар хэргийн үйл баримт, зохигчийн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 148,000 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 128,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ