Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 337

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шатар овогт Г-н Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000362 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Г-н Г, /РД: /, 1972 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ТХ” ХХК-д манаач ажилтай, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудлын 1 дугаартай өрөөнд иргэн Б.Н-тэймаргалдах явцдаа түүний толгой тус газар “Хараа” гэсэн шошготой архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 19:00 цагийн үед ахындаа орж хонох гэхэд хөдөөнөөс ах ирж

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Gan ochir -11.6.docx

амжхааргүй болсон. Гадуур явж байгаад хохирогчтой таараад хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хонох газаргүй талаар хэлтэл буудал орохоор болсон. Буудалд ороод усанд орчхоод буцаад өмнө нь байсан караокед орсон. Тэнд байхдаа хохирогчтой муудалцаад архины шилээр цохисон. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918000000362  дугаартай хэргээс:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

-Хохирогч  Б.Н нь мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Г ын цамцны халааснаас нь тамхи авч татах санаатай халаасыг нь уудлаад зогсож байтал гаднаас Г орж ирээд чи миний халааснаас мөнгө авах гэлээ гээд над руу уурлаад  дайраад байсан. Тэрнээс болоод бид 2 маргалдсан бөгөөд ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу 2-3 удаа цохичихсон. Тэгэхэд миний толгойноос цус гарахаар нь би орилсон. Тэгээд удалгүй буудлын ресепшин хүүхэн орж ирэхээр нь би зөрж гараад цагдаагийн газар руу дуудлага өгсөн.

...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г миний  эмчилгээний зардалд 140.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгөөр нь эмчилгээ хийлгүүлж байгаа.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч Х.М-нхэрэг бүртгэлтэд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед манай “А” зочид буудалд эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд 1 номерын өрөөнд орсон 2 хүн хоорондоо маргалдаж байсан юм. Тэгэхээр нь хаалгыг тогштол хаалгаа онгойлгохгүй байхаар нь би түлхүүр аваад буцаад очтол хаалгаа дотор талаас нь онгойлгоод уг өрөөнд байсан эгчийн толгойноос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг[4],  

 

-Шүүхийн шинжилгээний албаны “...Б.Н-н биед хуйхны шархнууд, нүүрний цус хуралт тогтоогдлоо.  Б.Н-н биед илэрсэн хуйхны шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр, баруун нүдний зовхины цус хуралт нь хуйхны шархны улмаас цус нь хүндийн жингийн үйлчлэлээр доошилсонтой холбоотой үүсэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Н-н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт[5],

 

-Яаралтай тусламжийн хуудас[6],

 

-Яллагдагч Г.Г-ын мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Дарханд ирээд танил ах Оын гэрт ирсэн. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи аваад О ах, эхнэр нь бид гурвуулаа хувааж уугаад сууж байтал гаднаас нэг үл таних хүүхэн орж ирээд бид нартай нийлээд суусан. Тэгээд дахиад нэг шил архи аваад хувааж уугаад сууж байгаад нөгөө үл таних хүүхэнтэйгээ гадагшаа гараад явж байгаад “А” нэртэй зочид буудалд уг хүүхэнтэйгээ хамт хоёулхнаа өрөө аваад орсон. Өрөөндөө ороод гаднаас авч орсон нэг шил архиа хувааж уугаад сууж байгаад би ресепшинтэй уулзаад саван, шампунь авчхаад өрөөндөө ороод ирэхэд нөгөө эмэгтэй миний дээгүүрээ өмсөж явсан цамцны халаас уудлаад зогсож байхаар нь би уурлаад нүүр рүү нь нэг удаа алгадаж байснаа санаж байна. Тэгэхэд нөгөө эмэгтэй надтай хэрүүл маргаан хийгээд орилж хашхираад байсан.” гэх мэдүүлэг[7],

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г-д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудлын 1 дугаартай өрөөнд иргэн Б.Н-тэй маргалдах явцдаа түүний толгой тус газар “Хараа” гэсэн шошготой архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9],

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10],

 

-Хохирогч  Б.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Г-ын цамцны халааснаас нь тамхи авч татах санаатай халаасыг нь уудлаад зогсож байтал гаднаас Г орж ирээд чи миний халааснаас мөнгө авах гэлээ гээд над руу уурлаад  дайраад байсан. Тэрнээс болоод бид 2 маргалдсан бөгөөд ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу 2-3 удаа цохичихсон. Тэгэхэд миний толгойноос цус гарахаар нь би орилсон. Тэгээд удалгүй буудлын ресепшин хүүхэн орж ирэхээр нь би зөрж гараад цагдаагийн газар руу дуудлага өгсөн.

...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г миний  эмчилгээний зардалд 140.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгөөр нь эмчилгээ хийлгүүлж байгаа.” гэх мэдүүлэг[11],

 

-Гэрч Х.М-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед манай “А” зочид буудалд эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд 1 номерын өрөөнд орсон 2 хүн хоорондоо маргалдаж байсан юм. Тэгэхээр нь хаалгыг тогштол хаалгаа онгойлгохгүй байхаар нь би түлхүүр аваад буцаад очтол хаалгаа дотор талаас нь онгойлгоод уг өрөөнд байсан эгчийн толгойноос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг[12]

 

-Шүүхийн шинжилгээний албаны “...Б.Н-н биед хуйхны шархнууд, нүүрний цус хуралт тогтоогдлоо.  Б.Н-н биед илэрсэн хуйхны шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр, баруун нүдний зовхины цус хуралт нь хуйхны шархны улмаас цус нь хүндийн жингийн үйлчлэлээр доошилсонтой холбоотой үүсэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Н-н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт[13],

 

-Яаралтай тусламжийн хуудас[14],

 

-Яллагдагч Г.Г-ын мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Дарханд ирээд танил ах Оын гэрт ирсэн. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи аваад О ах, эхнэр нь бид гурвуулаа хувааж уугаад сууж байтал гаднаас нэг үл таних хүүхэн орж ирээд бид нартай нийлээд суусан. Тэгээд дахиад нэг шил архи аваад хувааж уугаад сууж байгаад нөгөө үл таних хүүхэнтэйгээ гадагшаа гараад явж байгаад “А” нэртэй зочид буудалд уг хүүхэнтэйгээ хамт хоёулхнаа өрөө аваад орсон. Өрөөндөө ороод гаднаас авч орсон нэг шил архиа хувааж уугаад сууж байгаад би ресепшинтэй уулзаад саван, шампунь авчхаад өрөөндөө ороод ирэхэд нөгөө эмэгтэй миний дээгүүрээ өмсөж явсан цамцны халаас уудлаад зогсож байхаар нь би уурлаад нүүр рүү нь нэг удаа алгадаж байснаа санаж байна. Тэгэхэд нөгөө эмэгтэй надтай хэрүүл маргаан хийгээд орилж хашхираад байсан.” гэх мэдүүлэг[15] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Г-ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

 

Хохирогч Б.Н нь хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, баримт гаргаж өгөөгүй ба гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, Г миний эмчилгээний зардалд 140.000 төгрөг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн[16] байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Г-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50.00 /тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар Хараа гэсэн шошготой архины 2 хэсэг болсон шилний хагархайг  устгахаар, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Г-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50.000 /тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар Хараа гэсэн шошготой архины 2 хэсэг болсон шилний хагархайг устгахыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 2-5 тал

[2] Хавтаст хэргийн 6-8 тал

[3] Хавтаст хэргийн 10-11 тал

[4] Хавтаст хэргийн 12-14 тал

[5] Хавтаст хэргийн 19-20 тал

[6] Хавтаст хэргийн 21-22 тал

[7] Хавтаст хэргийн 31-32 тал

[8] Хавтаст хэргийн 34 тал

[9] Хавтаст хэргийн 2-5 тал

[10] Хавтаст хэргийн 6-8 тал

[11] Хавтаст хэргийн 10-11 тал

[12] Хавтаст хэргийн 12-14 тал

[13] Хавтаст хэргийн 19-20 тал

[14] Хавтаст хэргийн 21-22 тал

[15] Хавтаст хэргийн 31-32 тал

[16] Хавтаст хэргийн 11 тал