Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01441

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч:******* ХХК,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 74,359,000 төгрөг болон хариуцагчийн эзэмшилд байгаа 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг тус тус гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 64,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь******* ХХК-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах авто худалдааны төвийн мозайкан шалны цутгалт, өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ******* ХХК нь тухайн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр захиалагч буюу******* ХХК-д хүлээлгэн өгсөн боловч захиалагч нь ажил хүлээлцэх актад гарын үсэг зурахгүй, гэрээний үлдэгдэл төлбөр болох 32,684,000 төгрөгийг төлөхгүй байгаа болно.

Мөн ажлыг гүйцэтгэж дуусахад тоног төхөөрөмж болох 7.3 кВт өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 кВт тоног төхөөрөмж 1 ширхэг, 220 кВт бетон зуурагч миксер 1 ширхэг, 3 хосолсон мотортой тоос соруулагч 1 ширхэг, хатсан бетон өнгөлөгч машин 1 ширхэг, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин 1 ширхэг, кабель 3 ширхгийг тус тус хүлээлгэн өгөхгүй байна.******* ХХК-иас удаа дараа төлбөр шилжүүлэх болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхийг шаардаж байсан боловч удахгүй өгнө, удирдлагуудаас хариу хүлээж байна гэх мэт шалтаг тоочин манай компанид маш их хэмжээний чирэгдэл учруулж байна.

1.2. Хариуцагч******* ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь анх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,684,000 төгрөг болон дээрх 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж заасан, мөн ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-т тус тус зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 32,684,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож, алдангид нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 16,342,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.3. Хариуцагч нь манай компанийн тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн авто худалдааны төвийн гаражид хийгээд түгжсэн учраас одоог хүртэл бид дээрх тоног төхөөрөмжүүдээ авч чадахгүй, ашиглаж ашиг орлого олох боломжгүй байгаа болно. Үүнээс шалтгаалан манай компани үйл ажиллагаа явуулахын тулд дээр дурдсан тоног төхөөрөмжүүдтэй адилхан тоног төхөөрөмжүүд буюу нойтон бетон өнгөлөгч сэнсэн өнгөлөгч, 11 кВт өнгөлгөөний тоног төхөөрөмж, 220 кВт бетон зуурагч миксер зэрэг тоног төхөөрөмжүүдийг******* ХХК,******* нараас 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарыг хүртэл түрээсэлсэн. Мөн үйл ажиллагаандаа байнга ашигладаг 7.5 кВт өнгөлгөөний машин, 11 кВт өнгөлгөөний тоног төхөөрөмжийг*******өөс 11,500,000 төгрөгөөр худалдан авсан. Хэрэв хариуцагч******* ХХК нь манай компанийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн бол бид өөрт байсан тоног төхөөрөмжүүдийг бусдаас төлбөртэйгөөр түрээсэлж, худалдан авч хохирол амсахгүй байсан. Тоног төхөөрөмжтэй холбоотой учирсан хохиролд 25,333,000 төгрөгийг нэмж шаардаж байна.

Иймд хариуцагч******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 32,684,000 төгрөг, алдангид 16,342,000 төгрөг, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохиролд 25,333,000 төгрөг, нийт 74,359,000 төгрөг болон хариуцагчийн эзэмшилд байгаа манай компанийн дээр дурдсан 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирсон. Мөн мозайкан шалыг чанарын өндөр түвшинд хийхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа бараа материал татах, ажил эхлүүлэх мөнгөгүй гэсэн тул гүйцэтгэгч талд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаанд 45,038,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 88,500,000 төгрөгт тооцон гүйцэтгэгч талын хүсэлтээр RX450 маркийн автомашин, дундын санхүүжилтэд 13,930,000 төгрөг, нийт 147,468,000 төгрөг төлсөн.

2.2. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй. Манай компани нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т тус тус заасныг үндэслэн ажлаа чанарын шаардлагад нийцүүлэн хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг ******* ХХК-иас удаа дараа шаардсан ба тус компанийн гүйцэтгэх захирал*******тэй холбоо барих боломжгүй, компани тодорхой хаяггүй нь бидний ажилд маш их хүндрэл учруулсан.

2.3. Гүйцэтгэгч тал нь мозайкан шал хийхээр тохирсон боловч бетонон шал хийсэн, гэрээнд заасан материалаар бус цементийн марк хүрээгүй материалаар хийснээс болж эвдрэл, хагарал үүсэж ажлыг чанаргүй хийсэн болох нь тогтоогдсон учраас тухайн ажлыг хүлээж аваагүй ба ******* ХХК нь өөрийн зардлаар гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн хийж дуусган хүлээлгэж өгөх, манай компани чанарын шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч, хүлээлцэх актад гарын үсэг зурахаар зөвшилцөөд ажлыг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэтэл уг өдрөөс хойш асуудлаа шийдвэрлэх талаар манай компанид хариу өгөлгүйгээр 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр тоног төхөөрөмжөө орхиж явсан. Уг ажлаас шалтгаалан манай шинэ салбарын нээлтээ хийх өдөр хойшлогдон тухайн хугацаанд хамтарч ажиллах ёстой байсан харилцагч байгууллагуудтай гэрээгээ цуцалж, их хэмжээний хохирол учирсан.

2.4. Мөн гүйцэтгэгч тал нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй буюу хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан учир манай компани их хэмжээний зардал гаргаж засварлах шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор ******* ХХК нь******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,700,000 төгрөгийн хохирол учруулсан. Гүйцэтгэгч тал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, мөн зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, мөн зүйлийн 350.1.7-д заасан ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах, мөн гэрээний 1.1, 4.7, 4.8, 4.9, 4.11-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй.

2.5. Манайд ирүүлсэн гэх албан бичгийг бид хүлээн аваагүй ба нэхэмжлэлд хавсаргасан байдлаар бид мэдсэн.

2.6. Гүйцэтгэгч талын зүгээс бүх доголдлоо арилган чанарын шаардлагад нийцсэн ажлыг одоог хүртэл захиалагч талд хүлээлгэн өгөөгүй болно. Манай компанийн зүгээс 2024 оны 9 дүгээр сард ******* ХХК-д тоног төхөөрөмжөө ирж авах, эвлэрэх талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Түүнчлэн тус компанийн зүгээс чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгээд, түүнийгээ засаж өгөхгүйгээр тоног төхөөрөмжөө орхиж явснаас хойш тоног төхөөрөмжөө авах талаар бидэнд нэг ч удаа хандаж хүсэлт гаргаагүй ба өөрсдөө тоног төхөөрөмжөө ирж авахгүй атлаа манай компанийг илтэд гүтгэн тоног төхөөрөмжийг нь өгөхгүй байгаагаас болж хохирол хүлээсэн мэтээр үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ХХК нь тоног төхөөрөмжөө авахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1.******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3,235 м.кв талбайд мозайкан шалны цутгалт, өнгөлгөөг 180,152,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаанд шалны цутгалт, өнгөлгөөг хийж гүйцэтгэн чанарын шаардлага хангасан талбайг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй.

3.2. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан материалаар мозайкан шал хийхгүйгээр бетонон шал хийснээс эвдрэл, хагарал үүссэн, шалны ямар ч өнгөлгөө хийхгүйгээр хаа сайгүй цавуу нь халтардаж наалдсанаас болж маш өнгө үзэмжгүй болсон учраас эдгээр доголдлыг арилган ажлаа чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч асуудлаа шийдвэрлэх талаар бидэнд хариу өгөлгүйгээр тоног төхөөрөмжөө орхиж явсан.

3.3. Гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй шал хийж гүйцэтгэсний улмаас шал хагарч эвдэрсэн, өнгөлгөөг хийж гүйцэтгээгүйн улмаас халтардаж өнгө үзэмжгүй болсон зэрэг доголдлыг дахин засварлуулахад 64,700,000 төгрөгийн зардал гарч байна.

Иймд ******* ХХК-иас 64,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компани нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн биелүүлэн захиалагч******* ХХК-д хүлээлгэн өгсөн боловч гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл, ажил хүлээн аваагүй мэт нөхцөл байдлыг зориудаар бий болгож, гэрээний үлдэгдэл төлбөр болох 32,684,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн.

4.2. Мөн биднийг ажлаа хүлээлгэж өгөлгүй, тоног төхөөрөмжүүдээ орхиж явсан гэж дурдсан байх боловч бодит байдал дээр******* ХХК нь манай компанийн 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг өөрийн байранд хийж цоожилсон байдаг. Ийнхүү бид үлдэгдэл төлбөр болон тоног төхөөрөмжүүдээ авч чадахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.3. Ажил хүлээлгэн өгснөөс хойш буюу 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жил, 4 сарын дараа чанарын шаардлагатай холбоотой шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 36,030,400 төгрөг, 7.3 кВт өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 кВт тоног төхөөрөмж, 220 кВт бетон зуурагч миксер, 3 хосолсон мотортой тоос соруулагч, хатсан бетон өнгөлөгч машин, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин, 3 ширхэг кабелийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 41,675,000 төгрөгийн шаардлага болон 64,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 677,385 төгрөг, хариуцагчаас төлсөн 481,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 338,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх ...нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, хариуцагч******* ХХК нь ажлын үр дүнг хүлээн аваагүй байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно. гэж зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээн аваагүй боловч талуудын тохирсон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол ажлыг хүлээн авсанд тооцно. гэж дүгнэжээ.

Манай компани нь ******* ХХК-иас гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг арилган ажлаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч тоног төхөөрөмжөө орхиод алга болсон. Тус компанийн байранд очоод олж уулзаж чаддаггүй байсан. Гүйцэтгэх захирал *******гийн ээжийн бие муу, хүнд өвчин туссаны улмаас гадаад руу эмчилгээнд авч явах, хөдөө орон нутаг руу дагуулж явах, улмаар эмнэлэгт олон хоногоор сахих зэргээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгэгч компанийн мессеж чатад хариулаагүй тохиолдол гарсан. Гүйцэтгэгч талаас захиалагч талд ажлаа хүлээлгэн өгөөгүй.

6.2. Шүүх Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж, 353.3 дахь хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж тус тус заажээ. Талуудын байгуулсан гэрээгээр мозайкан шалны цутгалт, өнгөлгөөний чанарын талаар тусгайлан тохиролцоогүй тул зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь биет байдлын доголдлын шалгуур үзүүлэлт болно гэж үзнэ. гэж дүгнэсэн.

Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан материалаар мозайкан шал хийхгүйгээр бетонон шал хийснээс эвдрэл, хагарал үүссэн, шалны ямар ч өнгөлгөө хийхгүйгээр хаа сайгүй цавуу нь халтардаж наалдсанаас маш өнгө үзэмжгүй болсон учраас гүйцэтгэгч талыг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал*******тэй энэ бүх доголдлоо арилгаад чанарын шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч хүлээлцэх актад гарын үсэг зурна гэж зөвшилцөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөр тохирсон боловч гүйцэтгэгч компанийн зүгээс ажлын доголдлоо арилгаж өгөөгүй. Энэ хугацаанд хариуцагч компанийн захирал нь ар гэрийн гачигдалтай, ээжийнх нь бие муу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно.

6.3. Шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. гэж захиалагчийн доголдлын талаар шаардлага гаргах хугацааг тогтоожээ. Талууд гэрээгээр энэ шаардлага гаргах хугацааг тусгайлан тохироогүй байх тул шаардлага гаргахад хуульд заасан хугацааг баримтална. гэжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. гэж заасны дагуу гүйцэтгэгч нь ажлаа цаг тухайд нь хүлээлгэн өгөөгүй, захиалагч тал ажлаа хүлээж аваагүй буюу гүйцэтгэгч тал захиалагч талд тогтоосон хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Хариуцагч тал нь манай компанийг ажлаа огт хүлээлгэж өгөөгүй, тоног төхөөрөмжөө хаяад алга болсон гэх агуулгаар гомдол гаргаж байна. Гэвч манай компани нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 3,235 м.кв мозайкан шалны цутгалт өнгөлгөө хийх ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч тал нь биднийг ажлаа хагас дутуу хийсэн гэж тайлбарладаг боловч хэргийн 8 болон 22 дугаар хуудсанд мэдэгдэл хүргүүлэх тухай баримтууд авагдсан байгаа. Мөн хариуцагч компанийн удирдлага гэх хүнтэй вайбэр болон фэйсбүүк чатаар харилцсан зурвас, гэрчийн мэдүүлгүүдээр манай компанийн ажлаа хийж гүйцэтгэсэн болон хүлээлгэж өгсөн үйл баримтыг нотолсон. Харин хариуцагч тал нь манай компанийн хийсэн ажлыг санаатайгаар хүлээж авахгүй байсан бөгөөд ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурахгүй байсан үйл баримт тогтоогддог. Мөн манай компани өөрсдийн тоног төхөөрөмжүүд болон гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг санаатайгаар хүлээж аваагүй учир ажлыг хүлээж авсанд тооцно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо гүйцэтгэх захирал*******гийн ээжийн бие муу байсан тул гадаадад байсан болон хөдөө орон нутагт байснаас шалтгаалан нэхэмжлэгч талын явуулсан чатад хариу өгөх боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дурдсан. Гэтэл энэ нь 2023 оны 7 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл буюу 3 сарын хугацаанд үргэлжилсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Өөрөөр хэлбэл, энэ нь нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй байх ноцтой шалтгаан огт биш. Түүнчлэн хариуцагч тал нь нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хугацаандаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэв хариуцагч тал нь нэхэмжлэгч компанийг гэрээний үүргээ зөрчсөн, мөн доголдолтой ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажлыг хүлээж авсан өдрөөс хойш 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Шүүх 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр талууд ажил хүлээлцсэн гэж дүгнэсэн учир энэ хугацаанаас хойш 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч талын зүгээс ямар нэгэн шаардлага гаргаж байсан буюу танай хийсэн ажил алдаа, дутагдалтай байна гэх агуулгатай баримтыг хэрэгт огт өгөөгүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 1 жил 4 сарын хугацааны дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар ажил доголдолтой эсэх талаар маргаан үүсгэсэн. Манай хэрэг маргааны хувьд ажлын үр дүнгийн доголдлын талаар маргаж байгаа учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа огт хамаарахгүй. Фэйсбүүк чатанд үзлэг хийснээр манай компанийн удирдлагын зүгээс хариуцагч компанийн удирдлага******* гэх хүн рүү тоног төхөөрөмж болон үлдэгдэл төлбөрөө авахаар удаа дараа шаардсан нь нотлогдоно. Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 10 дугаар сар хүртэл нэхэмжлэгч тал ажлаа үргэлжлүүлэн хийж байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч тал нь үлдэгдэл санхүүжилтийг нь төлнө, нэг өнгөлгөө хийгээд өгчих гэсэн боловч төлбөрөө төлөхгүй байсан. Гэтэл хариуцагч тал нь өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон орон сууц, ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байгаа. Мөн хариуцагч тал нь анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлцсэн гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна гэж тайлбарладаг. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр талууд ажил хүлээлцсэн, хүлээлцээгүй эсэхээс үл хамааран хариуцагч талын хэлж байгаачлан нэхэмжлэгч тал алга болсон бол шүүхэд хандах, эсвэл нэхэмжлэгч талд шаардлага гаргах, албан тоот, бичгийг явуулах зэрэг үйлдлүүдийг хариуцагч талын зүгээс хийх боломжтой байсан. Энэ талаар нэхэмжлэгч талын зүгээс ямар нэгэн хориг саад хийсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 32,684,000 төгрөг, хариуцагчийн эзэмшилд байгаа 8 нэр төрлийн, 12 ширхэг тоног төхөөрөмжийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангид 16,342,000 төгрөг, тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохиролд 25,333,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 74,359,000 төгрөг шаарджээ.

 

2.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8 нэр төрлийн, 12 ширхэг тоног төхөөрөмжийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан байх ба гэрээнээс учирсан хохиролд 64,700,000 төгрөг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээг тогтоохдоо тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1. Талууд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах авто худалдааны төвийн 3,235 м.кв талбайтай мокайкан шалны цутгалт, өнгөлгөө хийх ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн чанарын шаардлага хангасан талбайг хүлээлгэн өгөх, захиалагч тал болох******* ХХК нь ажлын хөлсөнд 180,152,000 төгрөгийг хуваарийн дагуу гүйцэтгэгч талд төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. /1хх5-6/

4.2. Захиалагч тал буюу******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаанд 45,038,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 88,500,000 төгрөгт тооцон RX450 маркийн автомашин, дундын санхүүжилтэд 13,930,000 төгрөг, нийт 147,468,000 төгрөгийг гүйцэтгэгч тал буюу ******* ХХК-д төлсөн.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх ба дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Захиалагч буюу хариуцагчаас гэрээнд заасан ажлын хөлсөнд нийт 147,468,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Талууд гэрээгээр ажил эхлэх болон үргэлжлэх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэж тодорхойлсон боловч уг хугацааг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /2хх 10-11./

6.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ажил хүлээлцсэн акт, гэрч*******гийн ...Эцсийн байдлаар наадмаас өмнө хүлээлгэж өгсөн. 7 дугаар саран 10-ны үеэр дуусчихлаа гээд ярьсан. Гялалзуулагчаа түрхээд бүх юм дуусчихлаа гэж хэлсэн. Нягтлан нь байсан. Наадмын дараа орж ирэхэд дахиад бороо орсон байсан... гэсэн мэдүүлэг, гэрч*******гийн ...Ажил 7 дугаар сарын 29-нд дууссан... гэсэн мэдүүлэг, мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, вайбер зурвас болон фэйсбүүк хаягаар харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгнө гэсэн 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээлгэж өгсөн... гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. /1хх 9-12, 92-94, 107-109, 79-81, 110-139, 2хх 10-11/

6.2 Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь ажлыг хүлээн аваагүй байх тул анхан шатны шүүх ажлыг хүлээн авсанд тооцсон нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч нь мөн зүйлийн 351.1.2 дахь хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гүйцэтгэгч талаас захиалагч талд ажлаа хүлээлгэн өгөөгүй гэх гомдлыг хангахгүй.

 

7. Харин анхан шатны шүүх үлдэх төлбөрийн хэмжээг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж, хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 36,030,400 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх ...******* ХХК нийт 147,468,000 төгрөг, үүнд 90,076,000 төгрөгийг мөнгөөр, 54,045,600 төгрөгт автомашин оролцуулан хүлээн авсан, үлдэх 36,030,400 төгрөгийг хүлээн аваагүй... гэж хариуцагч******* ХХК-ийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг буруу тогтоожээ.

 

Тодруулбал, хариуцагч******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаанд 45,038,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 88,500,000 төгрөгт тооцон RX450 маркийн автомашин, дундын санхүүжилтэд 13,930,000 төгрөг, нийт 147,468,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 32,684,000 төгрөг гаргуулахаар шаардсан, мөн хариуцагч******* ХХК-ийн тодорхойлсон төлөгдсөн төлбөрийн хэмжээнд нэхэмжлэгч маргаагүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 32,684,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

8. Анхан шатны шүүх Талуудын байгуулсан гэрээний анзын хэлцэлд алдангийг аль үнийн дүнгээс тооцохыг тогтоогоогүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 16,342,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн уг шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацааг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах төлбөр буюу гэрээнээс учирсан хохиролд 64,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн дотор шаардлага гаргах эрхтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлын энэ агуулгаар гаргасан хэсгийг хангах нь зүйтэй.

9.1. Хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 64,700,000 төгрөгийн зардал гарах байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүйг зөвтгөнө.

10.1. Түүнчлэн, хариуцагч нь шүүх хуралдааны явцад түүний эзэмшилд байгаа нэхэмжлэгчийн 8 нэр төрлийн 12 ширхэг тоног төхөөрөмжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч******* ХХК-иас тухайн тоног төхөөрөмжүүдийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор тогтоосон нь буруу болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилнө.

10.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалттай холбоотой хуулийн зохицуулалтыг шүүх буруу баримталсан, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн нийт улсын тэмдэгтийн хураамжийн дүнг дутуу тодорхойлсныг тус тус залруулна.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 32,684,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,675,000 төгрөг гаргуулах хэсэг, нэхэмжлэгч ******* ХХК-иас 64,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч******* ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК нь түүний эзэмшилд байгаа нэхэмжлэгчийн 7.3 кВт өнгөлгөөний машин 2 ширхэг, нойтон бетон өнгөлөгч гипсэн өнгөлөгч 2 ширхэг, 11 кВт тоног төхөөрөмж 1 ширхэг, 220 кВт бетон зуурагч миксер 1 ширхэг, 3 хосолсон мотортой тоос соруулагч 1 ширхэг, хатсан бетон өнгөлөгч машин 1 ширхэг, бетон шалны өнгөлөгч бодис түрхэгч машин 1 ширхэг, 3 ширхэг кабелийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж оруулан,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн 915,845 төгрөг, хариуцагч******* ХХК-ийн 481,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 321,370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.МӨНХЦЭЦЭГ