Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 350

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч О.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О-н Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918000000402 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-н Г /регистрийн дугаар: /, 1976 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Механикийн инженер мэргэжилтэй, “БТЕГ” ХХК-д механикийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 18 дугаар байрны 09 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Б толгой тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

D:\2019on. shiitgeh togtool \Gankhuyag-11.6-2.docx

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Б толгой тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г өгсөн “..үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим манай хамаатны эгч Н Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас манай гэрт ирсэн юм. Н эгч надаар үсээ янзлуулна гээд бид хоёр манай гэрээс гарч яваад би ажил дээрээс очиж үсний багажаа аваад буцаж манай гэрт ирээд би Н эгчийн үсэнд хими хийж өгсөн юм. Тэгээд хороо гаргая гээд Н эгч бид хоёр гаднаас 2.5 литрийн 2 ширхэг пиво авч гэрт орж ирээд Г, Н эгч бид гурав хувааж уусан. Дараа нь манай нөхөр Г дэлгүүрээс дахиад 2.5 литрийн 2 ширхэг пиво авч орж ирээд хувааж уусан юм. Г Н эгч бид гурвыг сууж байхад манай нөхрийн 10 жилийн өмнө салсан эхнэр нь Г руу байн байн залгаад байхаар нь би уурлаад чи одоо болтол хуучин эхнэртэйгээ холбоотой байдаг юм уу гэж хэлээд Г бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь Г өөрийнхөө сууж байсан хуванцар ягаан сандлыг аваад миний нүүр лүү шидсэн тэгэхэд миний духны гол хэсэг рүү уг сандал нь оносон бөгөөд уг газраас нь цус гараад эхэлсэн тэгэхэд Г гэрээс гараад явсан. Н эгч түргэн дуудаад түргэний машинаар эмнэлэг дээр очоод 6 оёдол тавиулсан юм.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...бид 3 хоол цай идэж уугаад зүгээр инээж наргиад 2 пиво ууж дуусаад би тэр айлын бие засах өрөөнд ороод гараад ирсэн чинь чимээ шуугиан болоод хоорондоо маргалдаад Б дух орчмоо гараараа дараад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад намайг сандлаар энэ муу Г цохичихлоо гэсэн, сандал нь хагарсан байдалтай байсан. Б гараараа толгойгоо бариад байж байсан чинь гарынх нь доороос нүүрийг нь дагаад цус гарч байсан, нөхөр нь гэрээсээ гараад явсан юм, удалгүй цагдаа нар гаднаас ороод ирсэн.” гэх мэдүүлэг[3],

 

-Яаралтай тусламжийн хуудас[4],

 

-Шүүхийн шинжилгээний албаны “...Д.Б биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 721 дугаар шинжээчийн дүгнэлт[5],

 

-Аюулын зэргийн үнэлгээний маягт[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч О.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

         Хэрэгт шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт О-н Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 5-8 тал

[2] Хавтаст хэргийн 11-12 тал

[3] Хавтаст хэргийн 14 тал

[4] Хавтаст хэргийн 19-20 тал

[5] Хавтаст хэргийн 21-22 тал

[6] Хавтаст хэргийн 38-39 тал