Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2016/00565

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дүгээр багт оршин суух, гар утас *****, ******, Бсариг овогт Ны Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв \захирал Р.Г\-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2773754 төгрөг, ажлын 25 хоногийн цалин 608275 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Ж Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 62 дугаар тушаалаар тус төвд Хүний нөөц,эрх зүй,гадаад харилцааны ажилтнаар ажилд орсон. Улмаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал солигдож шинээр томилогдсон Р.Г нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан ч тус шүүхийн 2016 оны 2-р сарын 91 дугаар шийдвэрээр ажилд минь эгүүлэн тогтоосон юм.Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул аргагүй эрхэнд захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б\13 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажилд маань томилсон. Би ажиллаад 1 сар болонгуут Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Г нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б\35 дугаар тушаалаар намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас минь халсан ба энэхүү тушаалд надад нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор болсон. Гэвч одоо болтол ажилласан хугацааны цалин болон ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоогүй учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний 2015 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин сарын үндсэн цалин 535286х5 сар 4 хоног =2773754төгрөг болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс \4 дүгээр сард ажлын 17 хоног\ 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл \5 дугаар сард ажлын 8 хоног\ ажилласан цалин 608275 төгрөг, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бшүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Н.Жын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгч Н.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Н.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай тушаалаар тус төвийн хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд орсон. Улмаар 2 сарын дараа тус төвийн захирал солигдоод шинээр ирсэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Р.Г нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Уг тушаалыг Н.Ж эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрт хариуцагч байгууллага давах гомдол гаргаагүй. Нэгэнт шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас хариуцагч Н.Жыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд томилсон. Н.Ж нь ажилдаа нэг сар ажилласан. Өглөө ажлын цагаар очдог. Буцахдаа ажлын цагаар дууссаны дараа таардаг байсан. Нэг сар ажиллахдаа хариуцагч Р.Г нь Н.Жт өмнө хийж байсан ажлыг хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд Н.Жын ажлаас халагдсан үеийн цалинг нэхэмжилж байгаа. Үүнд 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 10 дугаар сар 1-4 сар хүртэлх нийт цалин 2773754 төгрөг, нэг сар ажилласны хөлс 608279 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгож өгөхийг хүсье.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө тушаалдаа нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх нөхөн олговор буюу ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоно гэж заасан. Нэгэнт тушаал гарсан учраас тэр мөнгийг нэмж нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Жын нэхэмжлэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Ж нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж,анхан шатны шүүхийн 2016 оны 91 дүгээр шийдвэрийн дагуу захирлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б\13тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон юм. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм,бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А\30 дугаар тушаалаар Н.Жын эрхэлж байсан ажил, албан тушаал нь хасагдсан бөгөөд түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж уг хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр бүтэн 2 сарын дараа бичгийн хэлбэрээр гарсан ба үүнийг миний бие 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч 4 дүгээр сарын 06-ны өдөр Н.Жыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон болно. Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, ... хэргийн оролцогчид гардуулах гэсэн заалтыг зөрчиж шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй байна. Хэрэв шүүх шийдвэрийг хуулийн хугацаанд бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн бол нэхэмжлэгч Н.Жыг 2 дугаар сард ажилд нь эгүүлэн томилох байсан ба шүүхийн шийдвэрээс болоод хугацаа хожимдсон тул нэхэмжлэгчийн 2, 3 дугаар сарын цалин хөлсийг нөхөн төлөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.Ж нь хэдийгээр 4 дүгээр сарын 06-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон боловч түүний орон тоо 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хасагдсан байх тул тухайн өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх нь зүйтэй байна. Иймээс Н.Ж нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 3 сар 5 хоног ажилгүй байсан ба уг хугацааны цалин 535286х 3сар 5хоног = 1733300 \ нэг сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун\ төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч Н.Жыг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр урьдах ажилд эгүүлэн томилсон ба түүний ажил, албан тушаал цомхтгосон тул мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б\35 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Гэвч нэхэмжлэгч Н.Ж нь 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нэг ч удаа ажилдаа ирж байгаагүй тул түүний ажилласан хугацааны цалин гэх 608279 төгрөгийг төлөх боломжгүй байна. Учир нь, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр,цагаар,бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 49.5-д ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэж тодорхой хуульчилсан тул өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй ажилтанд цалин хөлс олгогдохгүй. Иймд Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.Жын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлдээ холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал өөрөө бичгээр тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн тайлбарыг миний бие дэмжиж байгаа бөгөөд хариуцагч Р.Г Н.Жын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд Н.Ж нь ажлаас халагдаад дараа нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Уг шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч ажилд нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар эгүүлэн томилсон. Гэхдээ тухайн үед Н.Ж шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх үед түүний орон тоо нь хасагдсан байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг Хөдөлмөрийн яам баталдаг. Хөдөлмөрийн яамны сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар тухайн ажлын байр хасагдсан учраас энэ хүртэлх цалингаа авах ёстой. Харин 5 дугаар сарын ажилласан цалин гэж хэллээ. 4 дүгээр сар ажилд томилогдоод ажилласан. Мэдээж ажлаа таслаагүй байсан бол цалингаа авах ёстой.Энэ хүн өөрөө ажил таслаад цалин аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэж байна.Шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон бол өмнөх гэрээгээр ажиллах ёстой. Түүнийг ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Гэхдээ өөрөө ажиллаагүй учраас ажилласан хугацааны цалинг олгох боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхээс зохих журмын дагуу гаргана. Иймд хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2773754 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

-нэхэмжлэгч Н.Жыг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Г нь ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч Н.Ж нь эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 91 дугаар шийдвэрээр түүнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц, эрх зүй гадаад харилцаа хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Н.Жыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаанд гардуулаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2, 3 дугаар сарын цалинг нөхөн олгох боломжгүй гэж маргасан байна.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болох нь түүний тус шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгч Н.Жыг ажилд эгүүлэн томилсон Б\13 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Жыг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 102 дугаар тушаалаар, түүнийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хүний нөөц эрх зүй гадаад харилцаа хариуцсан ажилтнаар эгүүлэн томилсон болох нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б\13 дугаар тушаалаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Н.Ж нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 5 сар 07 хоног ажилгүй байсан байна.

Нэхэмжлэгч Н.Жын сарын цалин 535286 төгрөг болох нь тус байгууллагын ерөнхий ня-бо Х.Бауыржаны тодорхойлолтоор нотлогдож байх тул түүний 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 5 сар 07 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Ж нь сард 535286 төгрөгийн цалинтай байсан талаарх тус байгууллагын ня-богийн цалингийн тодорхойлолтыг үндэслэж нэг өдрийн цалинг тооцоход 24331 (535286/22) төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч Н.Жын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нь 2676430 (535286х5сар) төгрөг, 170317 (24331х7хоног) төгрөг, бүгд 2846747 (2676430+170317) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2773754 төгрөг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг хариуцагч байгууллагын захиралд даалгах нь зүйтэй байна.

2. 2016 оны 4 дүгээр сарын 06-наас 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 608279 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч тал нэхэмжлэгч Н.Жыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон боловч тухайн өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилдаа нэг ч удаа ирээгүй тул түүний ажилласан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 608279 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Гэтэл Н.Ж нь 2016 оны 4 дүгээр сарын 06-наас 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаандаа ажилдаа нэг ч удаа ирээгүй, хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй талаарх хавтаст хэрэгт бичмэл нотлох баримт байхгүй байна.

Хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн уг шаардлагыг нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Н.Жыг тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг үндэслэж хүний нөөц, эрх зүй гадаад харилцаа хариуцсан ажилтнаар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б\13 дугаар тушаалаар томилж мөн оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б\35 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байх тул уг хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д зааснаар шаардах эрхтэй ба Н.Ж 2016 оны 4 дүгээр сарын 06-наас 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажлын нийт 25 хоног ажилласан байна.

Нэхэмжлэгч Н.Ж нь сард 535286 төгрөгийн цалинтай байсан талаарх тус байгууллагын ня-богийн цалингийн тодорхойлолтыг үндэслэж нэг өдрийн цалин нь 24331 (535286/22) төгрөг ба түүний 2016 оны 4 дүгээр сарын 06-наас 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажлын нийт 25 хоногт 608275 (24331х 25 хоног) төгрөг гарч байгаа ба уг мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

3.Ажлаас халагдсаны тэтгэмж 535286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

-нэхэмжлэгч Н.Жыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б\35 дугаар тушаалаар түүний орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тушаал гаргасан байх ба уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэл нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн ажлаас халагдсан тэтгэмж 535286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2773754 төгрөг, ажлын 25 хоногийн цалин хөлс 608275 төгрөг бүгд 3382029 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 535286 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 69062 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2773754 /хоёр сая долоон зуун далан гурван мянган долоон зуун тавин дөрвөн/ төгрөг, ажлын 25 хоногийн цалин хөлс болох 608275 /зургаан зуун найман мянган хоёр зуун далан таван/ төгрөг, бүгд 3382029 /гурван сая гурван зуун наян хоёр мянган хорин есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Жын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд даалгасугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Жын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс ажлаас халагдсаны тэтгэмж 535286 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 69062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ