Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 96

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт Х.Тт холбогдох эрүүгийн 1818008180062 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Х.Т /РД: /, Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Хьюндай Дэү маркийн 52-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Быг мөргөж зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Бын эрүүл мэндэд тархины дунд зэргийн няцрал, гавлын титэм заадасны баруун хэсгээс баруун нүдний ухархайн гадна ханаар доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун 5, 6 дугаар хавиргын битүү хугарал, зулай, баруун чихний шарх, нүүр, хэвлийн баруун хэсгийн зулгаралт хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Тын өгсөн: Замын нөхцөл байдлын талаар хэлэхэд өөдөөс ирж байсан машины гэрэл гялбасан, уг машин зөрж өнгөрөхөд л хүн ороод ирсэн. Яг тухайн мөчид, тухайн хэсэгт үзэгдэх орчин тааруу, гэрэлтүүлэгтэй зам байсан боловч хоёр шонгийн хооронд байсан учир гэрэлтүүлэг муутай байсан. Өөдөөс ирж байгаа машин байгаагүй бол хохирогчийг зам руу орж ирэхийг харах боломжтой байсан, өөдөөс ирж байгаа машины гэрэл өнгөрөхөд л хохирогчийг хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.700.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Бын өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Найз Ганболд гэртээ байна гэхээр нь би 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Би нэлээн согтуу байсан тул Ганболдынх руу явж байснаа санаж байгаагаас хаана, хэрхэн, яаж явж байгаад осолд орсноо санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Сувилагч надад та осолд орсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч Х.Тын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: Мангиртын Ховдын хорооллоос өөрийн эзэмшлийн 52-07 ДАР улсын дугаартай Дэү маркийн ачааны авто машинтай төв рүү орох зам дээр явж байхад 20:56 цагт нэг жижиг тэрэг зөрсөн. Тэгтэл уг авто машины хойд хэсгээс нэг согтуу хүн урдуур орж ирсэн. Би тормос гишгээд тэр хүнийг мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очтол авто машины урд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламж 103 болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Шинжээч С.Ганзоригийн өгсөн: ...ослын газарт хэмжилт хийхэд тухайн тээврийн хэрэгслийн тормосны мөр 12 метрийн урттай байсан. Тухайн тээврийн хэрэгслийн доогуур үзлэг хийхэд мөргүүлсэн гэх явган зорчигчийн үс тухайн тээврийн хэрэгслийн доор тээврийн хэрэгслийн гол орчмоос илэрсэн. Явган зорчигч анх мөргөгдсөн цэгийг тухайн үс унасан газар байх боломжтой гэж тооцоолсон. Жолооч Х.Таас “та явган зорчигчийг анх хаана мөргөсөн юм бэ?” гэж асуухад “энэ хавьд явган зорчигчийг анх мөргөсөн” гэж заан мэдүүлсэн газар нь тухайн үс унасан газар байсан. Тээврийн хэрэгслийн бүх жин, ослын газарт гарсан тормосны мөрийн урт, осол гарсан газрын замын онцлог, осол үйлдэгдэх үеийн цаг агаарын нөхцөл байдал зэргийг холбогдох томъёонд оруулж тухайн тээврийн хэрэгслийг 40 км цагийн хурдтай явж байсан гэж тогтоосон гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 8-14/,

Б.Б нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай яаралтай тусламжийн 20185836 дугаартай хуудас, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 6425, 6673 дугаартай өвчний түүх /хх-ийн 26-44/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай 13724 дугаартай өвчний түүх /хх-ийн 46-53/, Б.Бын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 54-56/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1140 дугаартай “Б.Бын биед тархины дунд зэргийн няцрал, гавлын титэм заадасны баруун хэсгээс баруун нүдний ухархайн гадна ханаар доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун 5, 6 дугаар хавиргын битүү хугарал, зулай, баруун чихний шарх, нүүр, хэвлийн баруун хэсгийн зулгаралт, хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед мөргөгдөх, цохигдох, хатуу гадарга дээр хүчтэй унах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлээс хамар ясны хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой бөгөөд бусад гэмтлүүд цөм тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Б гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Б.Б нь АII бүлгийн цустай байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Б гэж хаягласан цусанд 1.0 промилли этилийн спирт илэрсэн болно. Б.Б нь хөнгөн зэргийн согтолттой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай “Шинжилгээнд авсан Б.Б гэх цусны бүлэг нь АII байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Х.Тын жолоодож явсан 52-07 ДАР улсын дугаартай Хьюндай Дэү маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-106/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 39 дугаартай “Жолооч Х.Т нь Хьюндай Дэү маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9.г-д заасан “Явган зорчигчид өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Х.Т, явган зорчигч Б.Б нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан. Жолооч Х.Т нь жолоодох эрхийн 398555 дугаарын жолоочийн үнэмлэхтэй. 2005 оны 5 дугаар сард В ангиллын жолооч болсон. 2010 оны 6 дугаар сард С ангиллыг даруулсан ба ВС ангиллын хүчинтэй жолоочийн үнэмлэхтэй. Шинжилгээний явцад тээврийн хэрэгслийг хурдыг тогтооход жолооч Х.Т нь Хьюндай Дэү маркийн тээврийн хэрэгслийг 40 км цагийн хурдтай жолоодож явсан өөр ямар нэг зүйл илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Амаржаргал, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболд, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболд нарын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай “Х.Т нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Мангиртын замд Хьюндай Дэү маркийн 52-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. Х.Т нь Хьюндай Дэү маркийн 52-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1.а-д заасан заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдох боломжгүй байна. Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой явганаар замын хөдөлгөөнд оролцон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9.б-д заасан “Явган зорчигчид аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 3.9.г-д заасан “Явган зорчигчид өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтийг шинжлэн үзэхэд үндэслэлтэй байна” гэх дахин шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-119/,

  Хэргийн газраас илэрсэн хохирогч Б.Бын олон тооны үсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 122/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 783 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Бын гэх цус нь АВО системээр АII бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 784 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлж хураан авсан олон тооны үс мэт зүйлс нь хүний үс бөгөөд ДНХ-ийн тогтцоороо Б.Бын ДНХ-тэй тохирч байна. Б.Бын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учир цусны бүлгийг тогтоох шаардлагагүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Тын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Хьюндай Дэү маркийн 52-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Быг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хохирогч Б.Бын биед учирсан тархины дунд зэргийн няцрал, гавлын титэм заадасны баруун хэсгээс баруун нүдний ухархайн гадна ханаар доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун 5, 6 дугаар хавиргын битүү хугарал, зулай, баруун чихний шарх, нүүр, хэвлийн баруун хэсгийн зулгаралт бүхий хүнд хохиролтой шууд шалтгаантай холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Х.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.700.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бын бичсэн “...одоо Тт гомдол санал байхгүй, хохирол барагдсан...” гэх хүсэлт /хх-ийн 181/, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Х.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн ослын дараа эмнэлгийн түргэн тусламж дуудаж хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Бын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9.б, 3.9.г-д заасныг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Х.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч Х.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэргийн хамт ирүүлсэн 398555 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олон тооны үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Х.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Тт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн 398555 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР