Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01894

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03701 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний үүрэгт ******* дүүргийн *******хороо, *******хороолол, ******* гудамж, *******орон сууцны ******* давхрын *******тоотын ******* болон ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай тус бүр 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, 2022.04.01-2025.03.17-ны өдрийн хугацааны алданги 31,014,827 төгрөг, хохирол, зардалд 64,962,444 төгрөгийг гаргуулах үндсэн,

Талуудын хооронд 2021.04.07-ны өдөр байгуулсан ******* дугаартай Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ХХК-тай 2021 оны 04 сарын 07-ны өдөр ******* болон ******* дугаартай Орон сууц захиалгаар барих хоёр гэрээ, мөн өдөр ******* тоот Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж *******дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт байх өөрийн эзэмшлийн ******* м.кв газраа чөлөөлж газрын эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн. ******* ХХК уг газарт баригдах ******* орон сууцны барилгын *******, ******* давхарт тус бүр ******* м.кв талбайтай 2 өрөө, 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх, мөн газрын зөрүүнд нэмж 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. ******* ХХК нь 100,000,000 төгрөг шилжүүлж, ******* газраа чөлөөлж өгсөн. Гэрээнд орон сууц ашиглалтад орох хугацааг 2022 оны 1-р улирал гэж заасан ч ашиглалтад ороогүй ба 2023 оны 4 сард барилгын явцтай танилцахаар очиход уг газарт 16 давхар барилга баригдаж дуусаад айлууд орчихсон, улсын комисс хүлээж авсан гэсэн мэдээлэл өгсөн. Захиралтай нь уулзахад үндэслэлгүйгээр нэмж мөнгө төлөхийг шаардсан ба төлөхгүй бол орон сууцнуудыг худалдан борлуулаад мөнгийг буцаан шилжүүлнэ гэсэн. Орон сууц захиалгаар барих гэрээний 1.4-т зааснаар орон сууцны нийт төлбөрийг газар худалдах, худалдах авах гэрээнд заасны дагуу бартераар 100 хувь төлнө гэж төлбөрийн нөхцөлөө тодорхой тусгасан байтал ийнхүү шаардсан нь үндэслэлгүй, ******* ХХК гэрээний үүргээ зөрчиж байна.

Иймд Орон сууц захиалгаар барих *******болон ******* дугаартай гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлж ******* дүүргийн ******* хороо, *******хороолол, ******* гудамж, ******* орон сууцны ******* давхрын ******* тоотын ******* болон ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай тус бүр 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Мөн ******* дугаартай Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 6.2-т зааснаар 25,845,689 төгрөгийн торгууль, мөн Орон сууц захиалгаар барих гэрээний 4.14-т зааснаар 5,169,138 төгрөгийн алданги нийт 31,014,827 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Түүнээс гадна Орон сууц захиалгаар барих гэрээний 4.9-т заасны дагуу барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 90 хоногийн дотор барилгыг захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэх үүргээ зөрчсөн учраас 2023.04.01-ээс 2025.03.17-ны өдрийг хүртэлх 21,5 сарын хугацааны хохирлыг түрээсийн төлбөрийн дунджаар тооцон 64,632,444 төгрөг, мөн ******* ХХК-аас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөг, нийт 95,947,271 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2024 оны 04 сарын 07-ны өдөр Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авч уг газрыг худалдан авахаар тохиролцсон. *******ын зүгээс газрыг шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд газар эзэмших эрхийг 2022 оны 3 сард *******д шилжүүлсэн. *******, ******* ХХК нь бие даасан этгээд ба *******гаас гэрээний үүргээ нэхэмжлэгч шаардах эрх нь нээлттэй. Иймд орон сууц захиалгын болон Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан 2021 оны 04 сарын 07-ны өдрийн ******* болон ******* дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээгээр манай компаниас тус бүр нь 70,745,500 төгрөг буюу 141,491,000 төгрөгийн үнэтэй орон сууцуудыг *******т борлуулсан. Гэрээний 1.5-д уг гэрээний нийт дүн НӨАТ-гүй хийгдсэнийг тодорхой тусгасан. ******* нь мөн өдөр Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягтай, нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв талбайтай газрыг нийт 241,491,000 төгрөгөөр борлуулсан. ******* газрыг шилжүүлээгүй ба 2022 оны 3 сард *******д шилжүүлсэн байсан. ******* нь ******* ХХК-аас тусдаа этгээд тул орон сууц захиалгын гэрээ нь хууль бус, ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь хүчингүй гэрээнд үндэлсэн хийгдсэн хүчин төгөлдөр бус юм.

Иймд талуудын хооронд 2021.04.07-ны өдөр байгуулсан ******* дугаартай Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* дүүргийн ******* хороонд баригдаж байгаа ******* орон сууцын барилгыг төлөөлж ******* ХХК-ийн захирал *******тай гэрээ байгуулсан. ******* нь энэ барилгын бүх процесст хамааралтай. Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 1-д 100,000,000 төгрөг 2 өрөө орон сууц өгнө гэдэгт ******* ХХК зөвшөөрсөн бөгөөд энэ мөнгийг шилжүүлсэн. Талуудын хүсэл зориг нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг чөлөөлүүлж, орон сууц барих зорилготой байсан. ******* газраа чөлөөлж, оронд нь орон сууцын нөхцөлөө сайжруулаад орон сууц авахаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж ******* Орон сууцны ******* давхрын, ******* тоот ******* м.кв талбайтай, 70,745,500 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууц, мөн ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай, 70,745,500 төгрөгийн үнэтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ХХК-аас 4,952,185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,995,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй байх тул 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 2021/04-07/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 04 сарын 07-ны өдрийн ******* дугаар, ******* дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******ын төлсөн 1,854,191 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 3,107,205 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,117,535 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "Орон сууцны захиалгаар барих гэрээний 4.14-т "Гүйцэтгэгч тал заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй тохиолдолд захиалагч талд төлөгдсөн үнийн дүнгийн 0.1 хувийг сар бүр алданги тооцож өгнө" гэж заасан ба 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 17-ны өдөр хуртэлх хугацааны алданги гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож сард 141,491 төгрөгийг 35 сараар тооцож 4,952,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй" гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй бөгөөд алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоодог.

Зохигчийн хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний агуулгаас үзвэл гүйцэтгэгч тал 1) гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний нийт үнийн дүнгээс, 2) хоног тутамд бус сар тутамд толохоор тохиролцсон нь энэхүү хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Харин мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д заасан торгуулийн зохицуулалтад хамаарч байх тул анхан шатны шүүхийн 35 сараар тооцож 4,952,185 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч "*******" ХХК-аас 4,952,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуульд бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд алдангийг олгоно гэж заасан байдаг. Сар тутам алданги тооцно гэдэг нь техникийн шинжтэй бөгөөд 1 сарыг 30 хоногт хувааж хоног тутам алданги тооцож болно. Орон сууц захиалгаар барих гэрээний 6-р зүйлд заасныг анхаарч үзнэ үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Тухайн гэрээнд захиалагч талд сар тутам 0,1 хувийн алданги тооцно гэж бичсэн боловч хариуцагч тал нь хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон байдаг. Түүнчлэн хариуцагч тал нь бизнес эрхлэгч этгээд учир энэ талаар өдөр тутмын харилцаанд ордог. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн амьдарч байсан газраа дахин төлөвлөлтөд өгснөөр амьдрах орон сууцаа авах гэж байгаа иргэн юм. Хариуцагч тал гэрээ хийсэн атлаа одоо гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* орон сууцны ******* давхрын ******* тоотын******* м.кв болон ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай тус бүр 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, 2022.04.01-2025.03.17-ны өдрийн хугацааны алданги 31,014,827 төгрөг, хохирол, зардалд 64,962,444 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талуудын хооронд 2021.04.07-ны өдөр байгуулсан 2021/04-07/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

3.Зохигчийн хооронд байгуулсан 2021 оны 04 сарын 07-ны өдрийн ******* болон ******* дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ээр худалдагч ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж ******* орон сууцны ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,745,500 төгрөгөөр, мөн ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,745,500 төгрөгөөр *******т худалдах, худалдан авагч ******* нь орон сууцнуудын төлбөрийг ******* тоот Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу бартераар 100 хувь төлснийг заасан. Худалдагч нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 90 хоногийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* орон сууцны ******* давхрын ******* тоотын ******* болон ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай тус бүр 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ.

Хариуцагчийн барьж буй, ашиглалтад ороогүй *******орон сууцны барилгаас нэхэмжлэгч маргааны зүйл болсон 2 ширхэг орон сууцыг арилжааны нөхцөлөөр худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Бэлэн болоогүй буюу ирээдүйд бий болох нийтийн зориулалттай орон сууцыг худалдан авахад тухайн барилгын ажил дууссан эсэхээс үл хамаарч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үйлчилнэ.

Худалдагчийн хувьд барилгын зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл, төсөв зэргээ шийдвэрлэж, ирээдүйд баригдаж бэлэн болох орон сууцыг худалдахаар сонирхогч этгээдтэй гэрээ байгуулсан нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх худалдан авагчид үүсэхгүй. Учир нь худалдан авагч тухайн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин тодорхой хэмжээ, тоот бүхий орон сууц худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь худалдан авагчийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна.

 

4.Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй 21.5 сарын хугацаанд орон сууцыг хөлслүүлсэн бол 64,632,444 төгрөгийн орлого олох байсан гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, уг шаардлагыг хохиролд тооцон нэхэмжилснийг шүүх анхаараагүй байна. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар дурдсан хугацаанд орон сууц хөлсөлсөн, энэ тухай гэрээ хэрэгт авагдаагүй гэж дүгнэн, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон боловч хариуцагч ийнхүү хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэхэмжлэгчид 63,632,444 төгрөгийг хохирол учирсан нь бодитой тогтоогдох учиртай бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, уг хохирлын хэмжээг тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна. Харин шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсны зэрэгцээ шийдвэрийн тогтоох хэсэгт хохирол гаргуулахаар шаардах эрхийг тодорхойлсон мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулан анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

5.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ. Харин хариуцагч ******* ХХК-аас алданги 4,952,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Зохигчийн хооронд байгуулсан ******* болон ******* дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний 4.14-т Гүйцэтгэгч тал заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй тохиолдолд захиалагч талд төлөгдсөн үнийн дүнгийн 0,1 хувийг сар бүр алданги тооцож өгнө гэж тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд талууд гэрээний хариуцлагын үр дагаврын талаар тохиролцож гэрээндээ тусгахдаа алданги төлөх нөхцөлийг сараар тооцохоор тодорхой заасан нь хуульд алдангийг хоног тутам байхаар зохицуулсантай нийцээгүй гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч гэрээний энэхүү заалтыг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон гэрээний заалт хуульд нийцээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 17-ны өдрийн хугацааны алдангид 31,014,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* орон сууцны ******* давхрын,******* тоотын *******м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 95,947,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03701 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* орон сууцны ******* давхрын, ******* тоотын ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн ******* давхрын ******* тоотын ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 95,947,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...1,117,535 төгрөг... гэснийг 70,200 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ