Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01895

 

 

 

 

 

 

 

 

******* ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03730 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 81,921,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ТӨХК-аас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-тай ******* худалдах худалдан авах гэрээ байгуулсан. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөр 81,921,974 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь өмнөх 2023 онд гарсан шүүхийн шийдвэрээс тусдаа үлдэгдэл мөнгө юм. Тодруулбал, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн бөгөөд одоо 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт болон Зохицуулах хорооны албан бичгийн дагуу 2012 оноос 2023 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны өр төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийн дагуу нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь анх 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 338,796,816 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх 46,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 292,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. *******ноос 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэг худалдан авагчийн загварт шилжих 449 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолыг дагаад ******* бүх хувийн болон улсын орон сууцны конторуудад албан даалгавар байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1186 дугаар албан бичгээр нэг худалдан авалтын загварт шилжсэн. Энэ дагуу ******* ХХК нь ******* банкинд *******тоот мөнгөн урсгалын данс нээлгэн 2023 оны 01 сараас эхлэн мөрдсөн. Үндсэн данснаас 26,536,936 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар баталгаажиж байгаа. Харин 81,921,974 төгрөгийн нэхэмжлэл нь 2023 оны 02 сараас эхэлж тавигдсан төлбөр гэж үзэж байна. 2023 онд манай компани үйл ажиллагаа явуулах бүртээ 117,299,357 төгрөгийг ******* ТӨХК руу шилжүүлж байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 12,368,759 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,553,215 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,560 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 212,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1.Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байх тул дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү шийдвэрээр ******* ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үүссэн өр төлбөрийг шийдвэрлээгүй болно. Үүнтэй холбоотой манай компанийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гээд 2970, 3440, 3591, 2806, 2266 дугаартай гэрээнүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 19-өөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй юм.

2.Компаниас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны авлагын үлдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар талуудын тооцооны үлдэгдлийн баталгааны баримтуудыг гаргаж өгсөн. Уг тооцооны үлдэгдлийн баталгааны баримтуудад үндэслэн 4430 тоот гэрээний үүрэгт 957,679 төгрөг, 2970 дугаартай гэрээний үүрэгт 27,176,495 төгрөr 3047 дугаартай гэрээний үүрэгт 7,082,751 төгрөг, 3440 дугаартай гэрээний үүрэгт 37,029,460 төгрөг, 3591 дугаартай гэрээний үүрэгт 22,654,279 төгрөг, 3789 дугаартай гэрээний үүрэгт 2,789,353 төгрөг, 2806 дугаартай гэрээний үүрэгт 18,712,514 төгрөг, 2266 дугаартай гэрээний үүрэгт 256,064,631 төгрөг, 11632 дугаартай гэрээний үүрэгт 1,538,978 төгрөг, нийт 374,006,140 төгрөгийн төлбөрөөс 81,921,974 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 2970, 3440, 3591, 2806, 2266 дугаартай гэрээний үүрэгт ногдох төлбөрүүд нь *******хэрэглэсэн сар болгоны бичилт, төлөлтөөс шалтгаалан өөрчлөлт ордог болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: ******* ХХК нь ******* ТӨХК-тай 9 гэрээгээр хамтран ажилладаг. Нэхэмжлэгч тал 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тооцоо нийлсэн гэж үзээд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 81,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл тухайн 2 удаагийн хамрагдах хүрээ нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлбөр тооцоо нийлсэн актаар тооцогдсон. Эхний шүүх хуралдаанаар 338,000,000 төгрөгөөс 46,000,000 гаруй төгрөгийг хэрэгсэхгүй болгож 292,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжлэлийн 81,000,000 төгрөгийн шаардлагад гэрээний дугаарыг давхардуулсан, төлбөрөө давхар нэхэмжилсэн, өмнөх шүүхийн шийдвэрийг хассан буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийн дүнг нэмсэн байдаг. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг хянан үзэж нотлох баримт болон төлбөрийн тооцоо, банкны хуулга зэргийг үндэслээд 4 гэрээнд үүссэн төлбөр төлөгдөөгүйг тогтоож, нэхэмжлэл болох 81,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ТӨХК, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 81,921,974 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг төлбөр нь өмнөх шүүхийн шийдвэрээр шаардсан төлбөрт багтсан, нэг худалдан авагчийн загварт шилжсэнээр манайх 117 сая төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлж 374,011,053 төгрөгийн төлбөрөөс шүүхийн шийдвэрээр 292,089,062 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний үлдэгдэл төлбөр 81,921,974 төгрөгийг нэхэмжилсэн... гэж тодорхойлсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4178 дугаартай шийдвэрээр ******* ТӨХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ******* худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу талууд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 338,796,816 төгрөгийн төлбөртэй гарсан, мөн *******ны 2023 оны 7/231 тоот албан бичигт ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 292,089,063 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг ******* ТӨХК-д төлөх үүрэгтэйг тогтоосон үйл баримтыг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 292,089,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Мөн энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 338,796,816 төгрөгөөс 46,707,753 төгрөгийн шаардлагыг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасны дагуу зохигчийн хооронд үүссэн маргааныг ******* урьдчилан шийдвэрлэх журамтай, нэхэмжлэгч уг журмыг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүх 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны зохигчийн хооронд үүссэн дулааны эрчим хүчний төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй буюу тухайн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээг шийдвэрт тодорхой дурдсан байна.

Хариуцагч ******* ХХК-аас 81,921,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд нэхэмжлэгч нь дулааны эрчим хүчний төлбөр 81,921,974 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4178 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсонд зохигч маргаагүй байна. Тус шийдвэрээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг тогтоосон тул энэ талаар дахин дүгнэхгүй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ энэхүү дулааны эрчим хүчний төлбөрийн талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн, мөн энэ өр нь 2023 оны 02 сараас эхлэлж үүссэн ба *******ны шийдвэрээр нэг худалдан авагчийн загварт шилжсэний дагуу манай компани 117,299,357 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тодорхойлсон нь хэргийн байдалтай нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Хэргийн 52-60 дахь талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтаар талууд 4430, 2266, 3047, 3591, 3789, 2806, 3440, 11362, 2970 тоот дулааны эрчим хүч худалдан авах гэрээний төлбөрийн тооцоог 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлжээ. Энэхүү тооцоо нийлсэн баримтаар хариуцагч ******* ХХК нь 4430 тоот гэрээний төлбөрт 957,679 төгрөг, 2970 тоот гэрээний төлбөрт 27,176,495 төгрөг, 3047 тоот гэрээний төлбөрт 7,082,751 төгрөг, 3440 тоот гэрээний төлбөрт 37,029,460 төгрөг, 3591 тоот гэрээний төлбөрт 22,654,279 төгрөг, 3789 тоот гэрээний төлбөрт 2,789,353 төгрөг, 2806 тоот гэрээний төлбөрт 18,712,514 төгрөг, 2266 тоот гэрээний төлбөрт 256,064,631 төгрөг, 11362 тоот гэрээний төлбөрт 1,538,978 төгрөг, нийт 374,006,140 төгрөгийн мөнгөн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байна.

Мөн энэхүү тооцооллыг *******ны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07/308 тоот албан бичгээр ******* ХХК-ийн ашигласан дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 81,921,974 төгрөг болохыг баталгаажуулсныг хариуцагч эс зөвшөөрч зохих харьяаллын шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргасан үйл баримт тогтоогдоогүй, уг актын талаар гомдол гаргаагүй талаар хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаартай шийдвэрээр дээрх тооцоо нийлсэн актын хүрээнд хамаарах 374,006,140 төгрөгийн төлбөрөөс 292,089,063 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь үлдэх 81,917,077 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь зохигчийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ******* худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчээс худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөр 81,917,077 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

5.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас 81,917,077 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...12,368,759 төгрөг... гэснийг 81,917,077 төгрөг гэж, ... 69,553,215 төгрөг... гэснийг 4,897 төгрөг гэж өөрчлөн,

2 дахь заалтын ...212,650 төгрөг... гэснийг 567,535 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Э.ЭНЭБИШ