Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01896

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06285 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 78,078,105 төгрөг гаргуулж, *******улсын дугаартай, ******* маркийн ачааны тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь *******, ******* нартай 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот 50,000,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй. Зээлээ төлөн гэж удаа дараа амлалт өгсөн ч төлдөггүй. Иймд зээлдүүлэгч 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож үндсэн зээл 29,000,000 төгрөг, үндсэн хүүд 42,569,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,508,648.00 төгрөг, нийт 78,078,105.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан *******тоот Фидуцийн гэрээгээр *******улсын дугаартай, ******* маркийн ачааны тээврийн хэрэгслийг зээлдэгчийн эзэмшлээс гаргуулан зээлдүүлэгчид шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: *******-ийн авсан зээлд хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба зээл нь бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийнг төлж чадаагүй. ******* ХХК-ийн эрхийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *******-д 100 хувь шилжүүлсэн ба *******-ээс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тодорхой төлбөрүүд орж ирсэн. Үйлчилгээний талбайг худалдан борлуулж зээлдүүлэгчийн өрийг төлөхөөр тохирсон ч *******-той өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй. Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахад татгалзахгүй ба зээлийн төлбөрийг *******бүрэн хариуцна гэжээ.

 

3.Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: Би зээлийг хувьдаа ашиглаагүй ба бизнесийн зорилгоор авч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус компанийг *******д худалдсан бөгөөд фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгийг мөн *******д шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан ба гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тул 29,000,000 төгрөгийн үндсэн зээл, 42,569,457 төгрөгийн үндсэн хүү, 6,508,648 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзах эрхтэй. Мөн фидуцийн гэрээний 4.1-тҮүрэг хүлээгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангана. Мөн гэрээний 4.3-т ийнхүү хөрөнгийг борлуулахдаа үүрэг хүлээгчээс дахин ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлаггүй гэж заасан. Зээлдүүлэгч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө зээлдэгч үндсэн зээл, 4 жилийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна. ******* ХХК нь 2019-2020 онд манайхаас 40 сая төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 өрөө байр, ******* маркийн автомашин, мөн 27,448,000 төгрөгийн зээлд 2 өрөө байр, мөн 47 сая төгрөгийн зээлд 2 өрөө байр, мөн 16 сая төгрөгийн зээлд *******, ******* машин зэргийг авч байсан гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******нараас 55,505,776.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,572,328.2 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар *******улсын дугаартай, ******* марк ******* моделийн ачааны тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,540.6 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******, *******нараас 435,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Зээлийн гэрээг талууд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа, мөн 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь хариуцагч *******т 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл гардуулснаас хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргаснаар хариуцагч тал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзсан.

Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхдээ нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн. Хэргийн 158 талд авагдсан энэ захирамж нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээнд огт хамааралгүй, талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаар зээлийн гэрээтэй холбоотой гарсан захирамж байдаг. Иймд маргаан бүхий зээлд хамаарахгүй нотлох баримтыг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан нягталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гэрээний хугацаа сунгаагүй асуудлыг шүүхийн шийдвэрт дүгнээгүй. Хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Энэ зээлийн үүрэг гүйцэтгэгч нь *******, *******нар байдаг. *******нь зээл авснаас хойш санаатайгаар 3 жилийн хугацаанд алга болсныг шүүх хуралдаанд тайлбарласан. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс зээлээ төлөхийг шаардаж, *******хаана байгааг асууж байсныг шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2 үүрэг гүйцэтгэгчийн нэгнээс нь үүргээ гүйцэтгэхийг шаардсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно. Зээлийг шаардахад төлөх ёсгүй гэдгээ илэрхийлсэн *******ын тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Иймд зөвхөн *******оос шаардаагүйгээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэнтий аймгийн шүүхээс гаргасан захирамжийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан ч хариуцагч 3 жилийн хугацаанд санаатайгаар алга болсноос шалтгаалж тухайн гэрээний дагуу хариуцагчийн харьяаллаар нэхэмжлэл гаргасан ч хариуцагч хаягтаа байхгүй байсан. Нэхэмжлэгч нь *******ийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан ба хариуцагч олон төрлийн зээл авсан ба өмнөх зээлүүдээ хаасан төлбөрийг энэ хэргийн нэхэмжлэлтэй хольж, будилуулсан тайлбар гаргадаг. Бодит байдалд тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдсан, эсхүл зээлийн өр төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч төлбөрөө барагдуулж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас үүргээс татгалзах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй ба *******ийг эрэн сурвалжлуулж байж олсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч нарын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 78,078,105.00 төгрөг гаргуулах, *******улсын дугаартай, ******* маркийн ачааны тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг зээлийг хариуцахгүй, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтыг бодитой тогтоолгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийжээ Хариуцагч нар энэ агуулгаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч *******нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. Зээлдүүлэгч гэрээнд заасан хэмжээнээс өөр буюу 29,000,000 төгрөгийн зээл олгосон, нэхэмжлэгч энэ дүнгээс зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцон гэрээний үүргийг шаардсан талаар зохигч маргаагүй байна.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, JIDONG марк ******* моделийн ачааны тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тодорхойлжээ.

 

5. Зохигч зээлийн гэрээний хугацааг гэрээний 2.1.2-т зааснаар 12 сар гэж тохиролцсон, гэрээний хугацааг талууд сунгасан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир зээлийн гэрээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болжээ. Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх замаар үүргээ биелүүлсэн болон гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх өнгөрсөн гэж маргасан бол нэхэмжлэгчийн зүгээс зээл огт төлөгдөөгүй, хариуцагчаас гэрээний үүргийг шаардан 2023 онд нэхэмжлэл гаргаж байсан тул хугацаа өнгөрөөгүй гэж тус тус тайлбарлажээ.

Хариуцагч нар зээл төлөх үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгэж 12 зээлийн төлбөрт 4 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлан хэргийн 128-130 дахь талд авагдсан худалдах-худалдан авах гэрээг иш татсан ч тус гэрээгээр зохигчийн хооронд үүссэн ******* дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар тохиролцсон нь тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иймд хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зээл төлсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан учир хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс ******* дугаартай зээлийн гэрээний үүргийг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж зааснаар гэрээ дуусгавар болсон 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Нэхэмжлэгч талаас шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж байснаа нотлохоор ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг гаргажээ. Тус захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 102,407,424 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад, *******нь нэхэмжлэгчийн заасан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус захирамж болон ******* аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 05 сарын 16-ны өдрийн******* тоот албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч ******* ХХК нь *******той 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаартай, 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******оос шаардаж, нэхэмжлэлээ 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан болохыг дурджээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 29,000,000 төгрөгийн зээл олгосонтой холбоотой гэрээний үүрэг шаардсан байхад шүүх энэхүү маргаанд үл хамаарах зохигчийн хооронд тусдаа үүссэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай, 40,000,000 төгрөгийн хэмжээтэй зээлийн гэрээнд хамаарах асуудлаар гаргасан шүүгчийн захирамжийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй буюу үндэслэлгүй байна.

Хариуцагч нар зээл авсан хугацаанаас эхлэн гэрээний 3.1-д заасан Зээл, хүү төлөх график буюу зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн байхад нэхэмжлэгч гэрээний 5.1.2, 6.2, 6.2.1-д заасны дагуу зээлээ төлөхийг болон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлүүлэхээр шаардаж байгаагүй байна. Мөн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсноос хойш зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлүүлэх арга хэмжээ авч байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэнэ.

 

7. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 78,078,105 төгрөгийг шаардах эрхээ алдсаныг өмнө дүгнэсэн учир хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх агуулгаар өөрчилж, шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 78,078,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан тул ******* дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зохигчийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ******* дугаартай Фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******нараас 78,078,105 төгрөг гаргуулж, *******улсын дугаартай, ******* маркийн ачааны тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,479 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

Э.ЭНЭБИШ