| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0343/Э |
| Дугаар | 349 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.5.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 349
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Г.Э, П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Э, А овогт П.С нарт холбогдох эрүүгийн 1918005350400 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Г.Э /РД: /, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, геологич мэргэжилтэй, “..........................” ХХК-нд Хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, А овогт П.С /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Г.Э, П.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага хангаагүй, зориулалтын бус тоноглол бүхий Мицибуши фусо маркийн 00-00 УБЗ улсын дугаартай манипуляторт краныг “..........................” ХХК-д түрээсэлсэн, шүүгдэгч “..........................” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлж уг краныг зохих ёсоор шалгалгүйгээр уг кранаар үйл ажиллагаа явуулж байх үед краны сум хугарч тус компанийн ажилтнууд болох Б.А, Б.Б нар унаж, Б.Аын биед баруун шуу ясны битүү хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, доод эрүү, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Бийн биед сээрний 12 дугаар нугаламын шахагдсан хугарал, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...2019 оны 7 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа гараад Улаанбаатар хотоос краны пишки ирсэн гээд Б бид 2 өндөрт гарч ажиллахаар болсон. Эхлээд бид 2-ыг гарахаас өмнө манай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер Г.Э, Б.Б бид 3 краны сумыг сунгаж үзэж шалгасан. Тухайн үед бид хамгаалалтын малгай, бүс, хантааз өмсөөд краны сагсанд гараад дээшээ гарсан. Тэгээд ойролцоогоор 12 метрийн өндөрт гараад Б.Б бид 2-ын суусан краны сагс хажуу тийшээ налаад далийсан. Нэг мэдэхэд газарт уначихсан түргэн тусламж дуудсан. Бид 2-т өндөрт ажиллах зааварчилгаа өгсөн. Дээшээ гараад бүсээ их биедээ бэхлээрэй гэсэн. Гэхдээ ажил хийх хэсэгтээ очиж амжаагүй уначихсан юм. Миний бие гайгүй байгаа. Гэхдээ гүйцэд эдгэрэх болоогүй... гэх хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 7/,
- 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос краны пишки шинээр авчирсан байсан. Тэр нь өндөрт гарч ажил хийх зориулалттай техник юм. Тэгээд хамт ажилладаг Б.Аын хамт краны пишки дээр гараад дам нурууны холбоос холбох ажил хийх гээд өндөрт гараад ажлаа ч хийж амжаагүй байхад бид 2-ын зогсож байсан төмөр пишки нь сумтайгаа газарт уначихсан. Б.А бид 2 өндөрт гарч ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан. Одоо нуруу өвдөөд 2 таяг тулж явж байгаа. 1 сар орчим хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн... гэх хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- Би П.С гэх хүний эзэмшлийн 00-00 УБЗ улсын дугаартай цэнхэр өнгийн маяти кран авто машиныг жолооддог юм. 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт “..........................” ХХК-ийн барилга угсралт хийж талбай дээр ирсэн. Тэгээд ажил хийх газраа краны сум хүрч байгаа эсэхийг шалгаад тухайн компанийн 2 ажилтныг суулгаад дээш өргөсөн. Тэгээд 9-10 метр орчим сумаа сунгаад өргөж байхад краны сум хажуу тийш ханараад хазайгаад уначихсан. Тэгэхэд нөгөө хоёр ажилтан сул шороон дээр пишки дотроо уначихсан байсан. Краны сум тогтдог суурь хэсгийн нэг талын нугас ханзарч хугарсан байна лээ. Би сая П.Сос тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хэлсэн. Надад ямар нэгэн өргөгч кран, төхөөрөмж ажиллуулах үнэмлэх байхгүй... гэх гэрч Д.Тийн мэдүүлэг /хх-ийн 16/,
- ...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос түрээсээр авч ирсэн өргөгч кранаар барилгын төмөр карказын дам нуруу хийхээр Б.Б, Б.А нарыг суулгаад 14 метрийн өндөрт байрлах багана руу гаргах явцад кран суурь хэсгээрээ хугарсан. Тэгтэл Б.Б, Б.А нар барилгын сул шороо дээр унаж бэртсэн... Өргөгч кран ирэхэд ерөнхийд нь тойрч үзээд нэг удаа сумыг нь сунгаж ажиллуулж үзсэн. Яг нарийн техникийг нь үзэж харсан зүйл байхгүй... гэх шүүгдэгч Г.Эын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 113-114/,
- ...ингээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр рүү нэг хүн яриад “Дарханд 5 хоногийн кранаар хийх ажил байна” гэхээр нь жолооч руугаа яриад ажилд явуулсан. Тэгэхэд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай машины жолооч Түвшинбилэг яриад “краны сумны суурь хугараад пишка дээр байсан хоёр хүн краны сумтай хамт газарт унаж бэртээд эмнэлэгт байна” гэхээр нь би ирсэн. Миний эзэмшлийн 00-00 УБЗ улсын дугаартай автомашины өөрийнх нь краныг ашиглаж ганц нэг ажил гарахаар нь явдаг байсан. Түүнээс биш ямар нэгэн кран ашиглах эрх олгосон тусгай зөвшөөрөл байхгүй. Манай жолоочид эрхийн үнэмлэх, сертификат байхгүй... гэх шүүгдэгч П.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/,
- ...Хэрэг учрал болсон газарт 00-00 УБЗ улсын дугаартай ачааны, өөр дээрээ өргөгч крантай, краны сум нь 5- сунасан, сумны үзүүр хэсэгт 1.10х0.50 метр хэмжээтэй тавцантай байх ба хойд зүг рүү сунаж газарт унасан, краны сумны суурь хэсэг нь суурь хэсгээсээ хугарч гарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,
- Б.Бийн бүсэлхий орчим бага зэрэг хавдсан, зулгаралт үүссэн, их бие бага зэрэг шахагдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19-20/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 644 дугаартай “Б.Бийн биед сээрний 12 дугаар нугаламын шахагдсан хугарал, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл, мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 643 дугаартай “Б.Аын биед баруун шуу ясны битүү хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, доод эрүү, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл, мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Б.Аын эрүү дор бага зэрэг хавдсан, баруун гарын бугуйн үеэр мурийсан, баруун хөлийн гуяны гадна хэсэг зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /29-30/,
- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжингийн “Осол болох үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1.3, 5.2, 5.3, 5.4.1, 5.4.2, 5.4.4г заалтууд зөрчигдсөн. Дээр заасан эрх зүйн актуудыг “..........................” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Э, Мицибуши фусо маркийн 00-00 УБЗ дугаартай манипуляторт краны эзэмшигч П.С нар биелүүлэх үүрэгтэй байсан. Б.Б, Б.А нар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж гэмтсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,
- Автотээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай “Д.Тийн ажиллуулж байсан 00-00 УБЗ дугаарын Мицибуши фусо маркийн кран нь ачаа өргөн тээвэрлэх зориулалтын газраас удирдлагатай манипуляторт кран ба эзэмшигч нь сагстай өргүүрийн сагсыг краны суманд угсарч тоноглосон нь осол гарахад нөлөөлсөн байна. Техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага хангаагүй кранаар зориулалтын бус тоноглол ашиглаж үйл ажиллагаа явуулсан нь Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.5, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтууд, “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн заалтуудын зөрчсөн. 00-00 УБЗ дугаарын Мицибуши фусо маркийн краны ослоос хамгаалах хэрэгслүүд байхгүй, сумын тулгуурын түгжээний даруулга таг, боолтыг хийгээгүй, техникийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй нь осол гарах шалтгаан болсон” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-48/,
- Шүүгдэгч Г.Эыг хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал болон талбай хариуцсан даамлын албан тушаалд томилсон тухай “..........................” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн т/01 дугаартай тушаал /хх-ийн 54/,
- 00-00 УБЗ дугаарын Мицибуши фусо маркийн крантай холбоотой ослын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 60-62/,
- “..........................” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 64-65/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Э, П.С нар нь хохирогч Б.Б, Б.А нартай сайн дураар эвлэрсэн, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, Б.А нарын “эмчилгээний зардал болох 750.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэх бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 116-117/, хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан 412, 412 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 128-130/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Э, П.С нарын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас “..........................” ХХК-ийн барилгын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтнууд болох хохирогч Б.Аын биед баруун шуу ясны битүү хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, доод эрүү, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Бийн биед сээрний 12 дугаар нугаламын шахагдсан хугарал, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан гэж үзэх үндэслэлтэй ба тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Э, П.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Э, П.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Э, П.С нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдох бөгөөд шүүгдэгч Г.Э нь хүүгийн хамт амьдардаг, “..........................” ХХК-нд 2018 оны 4 сараас хойш ажиллаж байгаа нь түүний гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, “..........................” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн а/25 дугаартай албан бичиг /хх-ийн 74/, Эын Оргилын төрсний гэрчилгээ /хх-ийн 75/ зэргээр, шүүгдэгч П.С нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь Д.Чз, Д.Чб, Д.Чх нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98-100/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Э, П.С нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Э. П.С нарын ам бүлийн байдал, цалин хөлсний хэмжээ, бусад орлого олох боломжийг харгалзан үзээд Г.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр, П.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Э, А овогт П.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, П.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, П.С нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э, П.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР