Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2016/0000/И |
Дугаар | 130/ШШ2016/00569 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2016/00569
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын ** дугаар багт оршин суух, утас *****, Н овогт Ан Сын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: А.С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.С шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Ан С нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрсөн, 68 настай, ам бүл 9, нөхөр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие өнөөдрийг хүртэл цахим үнэмлэх авч чадаагүй байгаа. Урьд авсан иргэний үнэмлэх ***** регистрийн дугаартай байсан. Одоо иргэний үнэмлэх авахаар Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч таны материал улсын архивд байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд шүүхээр нас тогтоолгох шаардлагатай болсон тул миний бие А.С нь 1945 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хадам ээж болох А.С 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд бүх бичиг баримт нь тэрүүгээр явдаг. Улмаар 2013 онд иргэний цахим үнэмлэхэд шилжих үед архиваас материал нь гарахгүй иргэний үнэмлэх авч чадаагүй болно. Улмаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийг нь зогсоосон. Үүний дагуу Сум дундын 2 дугаар шүүхэд 2013 оны 10 дугаар сард нас тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Тус шүүхээс нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2000 оны хүн амын тооллогоор А.С нь 54 настай гэсэн лавлагаа гарч ирснээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаснаар хүсэлтийг хүлээн авсан. Иймд 2016 оны 09 дүгээр сард нас тогтоолгох шинжилгээ хийлгүүлсэн тул шинжээчийн дүгнэлт болон 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын бүртгэлийн лавлагаа, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн А.С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Сын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, хүсэлт гаргагч А.С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэх боловч 1956 оны хүн амын тооллогоор эцэг Ан ам бүлд нэр нь байхгүй болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4952 дугаартай архивын магадалгаагаар, мөн Улсын бүртгэлийн мэдээллийн нэрийн санд бүртгэлгүй, хувийн хэрэг нь иргэний архиваас гараагүй болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1191 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Сын насыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 442 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: 1.Ан С нь 1945 онд төрсөн буюу одоо 71 настай байх боломжтой. 2.Иргэн Ан Сын 4 ширхэг зураг, 1 ширхэг хуудас фото зургуудын шинжилгээ хариуг хавсаргав. 3. Шүүх эмнэлгээс нас тогтооход 10 жил хүртэл насны хэлбэлзэлтэйгээр тогтоож дүгнэлт гаргав гэсэн байна.
-2003 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олгосон ***** регистрийн дугаартай Монгол Улсын Иргэний үнэмлэхэд Н овогт Ан С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдал,
-Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн Засаг дарга Н.Еы 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олгосон тодорхойлолт, 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 16114 дугаартай Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, Иргэний шинэчилсэн бүртгэл зэрэг нотлох баримтад А.С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байдал,
-2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03-2/31 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 2412 дугаар хуудсанд: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн оршин суугч: өрхийн тэргүүн Уы М эрэгтэй 1950 оны 1 сард төрсөн, эхнэр Ан С 1945 оны 1 сард төрсөн гэсэн байна.
-Гэрч М.С, З.Х, Т.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.С нь Ан 2 дахь хүүхэд нь болж 1945 онд Ахгол суманд төрсөн нь үнэн. Ахгол сумын бага сургуулийг төгссөн. Бид Ахголд Атай хөрш айл байсан гэсэн бол З, К.Х, С.Ш нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод А.С нь бид нар нэг үеийн хүмүүс. Бид 40 жил хөрш айл байсан. Хамт зусаж, өвөлжиж ирсэн. С нь улсад олон жил ажилласан одоо 71 настай гэсэн байдал,
Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож, хүсэлт гаргагч А.С нь улсын тэмдэгтийн хураамжийг 2 удаа 70200 төгрөг буюу 140400 төгрөг төлсөн тул илүү төлсөн 70200 төгрөгийг өөрт нь буцааж, үлдсэн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Н овогт Ан С нь 1945 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг улсын орлого болгож, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас үлдсэн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч А.Сд буцаан олгосугай
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК