Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 351

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунсүрэн,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ж.Шт холбогдох эрүүгийн 1918004800373 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Ш /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ж.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Ш нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын мах, ногоо, сүү зарах хэсэгт С.Бэтэй маргалдан цээж хэсэгт нь шилээр хатгаж эрүүл мэндэд нь цээжний баруун өмнө хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Шын өгсөн: ...Монгол архи уугаад Бэтэй маргалдсан. Маргалдаж байгаад эргээд харахад хагарсан архины шил харагдсан. Тэгээд тэр архины шилээр цохисон гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Бийн өгсөн: ...би тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд Ж.Штой нэрмэл архи хувааж ууж байхдаа түүнд хандаад “Чи хүн хутгалж шорон оронгоор явж байсан билүү? чаддаг юм бол намайг хутгалчхаач” гэж түүний шарыг малтаж улмаар маргалдсан. Тэгтэл Ж.Ш босоод миний цээж рүү цохих шиг болсон чинь миний баруун хөхний орчмоос цус гараад эхэлсэн. Тэгтэл хүмүүс “хутгачихлаа шүү дээ” гээд шуугилдаад байсан... Надад огт гомдол санал байхгүй. Найз Ж.Шоос нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө тухайн өдөр хэт их согтоод Ж.Шыг хүн хутгалдаг гэлүү гэх мэтээр доромжилсноос болж ийм асуудал үүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч О.Бны өгсөн: ...ажлын байр дээрээ байж байтал хоолны газар ажиллуулдаг Б гэх хүн “энд хүн хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд мах, сүү, ногоо зардаг хэсэг рүү очиход Мөнхболд, Н.А болон шар өнгийн футболкатай, цээж хэсэг нь цус болчихсон Бэ гэх хүмүүс байсан. Бэ гэх залуу цээжээ цамцаар дарж цус болчихсон сууж байсан. Юу болсон талаар асуухад “шилэн дээр уначихсан” гээд намайг ойртуулахгүй байсан. Харин Апажи гарынх нь долоовор хуруу цус болчихсон байсан. Гартаа хутга барьсан эсэхийг нь сайн хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Д.Цын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр лангууныхаа ард сууж байхад хүн хамгаалагч, цагдаа дууд гээд орилоод явчихсан. Тэгээд юу болсныг харахад Хоохноо гэж дууддаг нөхөр шар өнгийн футболкаар энгэрээ дарчихсан сууж байсан. Хажууд нь Апажи хутгалчихсан гээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Б.Бийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бэ цээжний баруун өмнөд хэсэгт хөхний толгой орчимд 6 сантиметр орчим зүсэгдсэн шархтай ирсэн. Шархыг шалгаж үзэхэд баруун суга чиглэлтэй суганы урд шугам орчимд нэвтэрч гарсан 0.5 миллиметр бүхий хутга мэс хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан /хх-ийн 23-24/,

Гэрч Н.Аын өгсөн: ...тухайн мөнгөөр нь архи авчхаад гарч явахад “хүүе ээ наадахыг чинь хутгалчихлаа шүү дээ” гээд тэр хавиар явж байсан хүмүүс орилоод байхаар нь би Бэ дээр очиход цээжээ дарчихсан сууж байсан. Түүний өмсөж явсан футболка нь цус болчихсон байдалтай, захын хоёр хамгаалагч болон хамгаалалтын албаны дарга Сэр-Од нар ирчихсэн зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын мах, сүү, ногоо зардаг хэсэг, ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цагаан өнгийн хаалгатай, цагаан цэнхэр өнгийн объектын булан байв... гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,

Үзлэгээр зүүн дээд буландаа монно лимет гэсэн бичиглэлтэй энгэр хэсэгтэй гурван ширхэг товчтой шар өнгийн футболка байх ба уг футболкын цээж хэсэг бор хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 5 сантиметр орчим урагдалттай байв... гэх хохирогч С.Бийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,

С.Бийн цээжний баруун талд хөхний толгой орчимд 6 сантиметр орчим зүсэгдсэн шархтай... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 олны 7 дугаар сарын 05-ны өдрийн 573 дугаартай “С.Бийн биед цээжний баруун өмнө хэсгийн зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Бийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,

С.Бийн цээжний баруун талд хөх орчимд 5 сантиметр орчим зүсэгдсэн шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн цамцны энгэр хэсэгт 3 товч бүхий задгай энгэрийн дор 4.5 сантиметрийн, доод товчны гол хэсгээс 7.5 сантиметрийн зайд бага зэргийн ташуу байрлалтай 3 сантиметрийн урттай шулуун зүсэлт цооролт байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн цамцанд байгаа цооролт зүсэлт нь хурц иртэй хатуу багаж зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн ул мөр байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Шын согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын мах, ногоо, сүү зарах хэсэгт С.Бэтэй маргалдан цээж хэсэгт нь шилээр хатгаж эрүүл мэндэд нь цээжний баруун өмнө хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ж.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бийн биед цээжний баруун өмнө хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч С.Бийн “...Надад огт гомдол санал байхгүй. Найз Ж.Шоос нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө тухайн өдөр хэт их согтоод Ж.Шыг хүн хутгалдаг гэлүү гэх мэтээр доромжилсноос болж ийм асуудал үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ж.Ш нь урьд 9 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч С.Бийн шүүгдэгч Ж.Шт хандан “Чи хүн хутгалж шорон оронгоор явж байсан билүү? чаддаг юм бол намайг хутгалчхаач” гэж маргалдсан зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ялын доод хэмжээ болох 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ж.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн, цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг футболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Шт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн, цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг футболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР