Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01293

 

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1399 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А Т Ү ТТӨҮГазарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.Агийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Авто тээврийн үйлчилгээний төвд 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот тушаалаар буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сахиул, үйлчлэгчээр ажилд орсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаар бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар намайг үйлчлэгчээр томилсон боловч би давхар сахиулын ажил гүйцэтгэдэг байсан. н.Түмэнжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ирж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надтай хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надад ажлаас халагдах мэдэгдэл өгөхдөө орон тоо цомхотголд орсон, хөлсөөр ажиллах гэрээ дууссан гэж хэлээд ямар ч тушаал шийдвэр өгөхгүй ажлаас халсан. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед н.Түмэнжаргал нь ажлын байран дээр согтуу ирж, агсан тавьж, хэл амаар доромжилж, миний цамцыг урж намайг зодсон. Манай нөхөр цагдаа дуудаж, эрүүлжүүлэхэд өгөхөд хэсгийн байцаагч н.Цэнднаран ЗХТХ-ийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалыг өнөөдөр харж байна. Надад албан ёсоор гардуулж өгөөгүй. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/76 тоот тушаал, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалууд нэг өдөр гарсан байгаа учраас эргэлзээтэй тушаал гэж үзэж байна. Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт орж, орон тоо цөөрүүлсэн, тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталж, ажлаас халсан гэдэг. Ажилтныг ажлаас халсан тушаалыг ХТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу өдөрт нь танилцуулж, гардуулж өгөх ёстой. Гэтэл орон тооны цомхотголын талаарх Б/76 тоот тушаал, өнөөдөр гаргаж өгсөн Б/189 тоот тушаалуудын хавсралтууд нь өөр байна. Цалингийн цэснээс харахад 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Г.А үндсэн ажилтнаар ажиллаж байгаад, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэдэг боловч цалин авдаг карт хэвээрээ, код нь хэвээрээ байдаг. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.Аг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм бол яагаад 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг юм. Энд эрх зүйн актын төөрөгдөл үүссэн, хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А Т Ү ТТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчтайлбартаа: А Т Ү ТТӨҮГ-ын захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 тоот тушаалаар Г.Аг Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгчээр томилсон, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчээр ажиллуулах шаардлагагүй гэж үзэн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн болно. Г.А нь үйлчлэгчийн орон тоог цомхотголд орсныг хүлээн зөвшөөрч албан өрөөнүүдийг цэвэрлэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй болсон тухай мэдэгдлийг өгч гэрээг цуцалсан. 2015 оны 04 дүгээр сард аймгуудын Тээвэр, авто тээврийн агентлагууд нэгдсэнтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Үүний дагуу 2015 оны 04 сарын 01-ний өдөр Б/83 дугаар тушаалаар нэгдсэн зохион байгуулалтад орж, орон тоо тус бүрийг хийсэн. 2015 оны 05 сарын 15-ны өдөр Б/176 дугаар тушаалаар дахин бүтэц хийгдэж, н.Лхасүрэн, н.Нямцэрэн нарын ажиллаж байсан орон тоо шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Харин үйлчлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулах боломжтой гэж үзэж орон тоо бүтцийг шинэчлэн зохион байгуулсан байдаг. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлт болон гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссантай холбоотой гэрээг дуусгавар болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хөлсөөр ажил гүйцэтгэх болон, хөлсөөр ажиллах гэрээтэй хүмүүсийн нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу ажил олгогч тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Агийн хариуцагч А Т Ү ТТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2. 41 дүгээр 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1399 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч Г.А нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Агийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.А би Говь-Алтай аймгийн тээвэр үйлчилгээний төвийн “Аптай” салбарт анх 2007.08.03-ны өдрийн салбарын даргын 13 тоот тушаал болон 08.01-ний өдрөөс эхлэн салбарын сахиул үйлчлэгчээр орж ажилласан. Эдгээр ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаж, сахилгын болон захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүй, ажлаа чин сэтгэлээсээ хийж харуул сахиулын ажлыг давхар цалингүйгээр гүйцэтгэж ажиллаж байлаа. Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2015.04.01-ний өдрийн Б/80, Б/83 тоот тушаалаар Алимаа намайг үйлчлэгчээр томилсон бол харин шүүх хурал дээр 2015.05.15-ны өдрийн Б/176-р тушаалаар Говь-Алтай аймгийн авто тээврийн төвд орон тоог цөөрүүлж үйлчлэгчийн орон тоогүй болсон гэлээ. Би энэ тушаалыг ажлын байран дээрээ байхдаа өөрийн биеэр гардаж аваагүй, мэдээгүй, зөвхөн шүүх хурал дээр анх удаа харж сонсож байна.

-Ажлаас халсан тушаал гаргасан бол Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д 30 хоногийн өмнө мэдэгдэж тэтгэмж олгох ёстой байсан.

- Ажлаас халсан тушаал гаргасан бол бас намайг яагаад ажлыг хийлгээд байсан гэдэг эргэлзээтэй байна.

-2015.05.15-ны өдрийн Б/176-р тушаалын дагуу ярьж байснаа 14 хоногийн дараа болсон шүүх хурал дээр 2015.05.15-ны өдрийн Б/189 тушаалын хавсралтаар шийдсэн гэж 2 янзаар зөрчилтэй мэдээлэл өгч байна.

-Мөн 2015.05.15-нд халсан тушаал гаргасан бол тушаалаа гаргах ёстой, 10 сар хүртэл үндсэн ажилчнаар ажиллуулсан. Энэ нь хуурамч тушаалаа гаргаж эрх хэмжээгээ ашиглаж нөхөж тушаал гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

-Хөлсөөр ажиллах гэрээ гэдгээр халхавчлан шууд халсан гэж надад ойлголт төрүүлэхгүйгээр намайг хохироосонд гомдолтой байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалд: Говь-Алтай аймгийн авто тээврийн төвийн орон тоог 13, үүнээс сахиулын орон тоог 1 гэж баталсан байх ба нэхэмжлэгчийн ажлын байр буюу үйлчлэгч гэсэн орон тоо хасагдсан тул гэжээ. Тэгвэл сахиул үйлчлэгч гэсэн орон тоонд хавсарч ажилладаг. Үйчлэгч гэсэн орон тоон дээр сахиулаа хавсарч 1 хүн хийдэг. Сахиул гэсэн орон тоон дээр одоо ч үйлчлэгчээ хавсарч хийдэг юм. Дарга эрх мэдэлтнүүд нийлэн хуйвалдаж жирийн иргэн миний эрх эрх чөлөөг боогдуулж дураараа авирлаж дуртай тушаалаа хуурамчаар үйлдэж байхад анхан шат болон давж заалдах шатны эрхэм шүүгч нар хэт нэг талыг барьж иргэн миний нэхэмжлэлийг шууд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн үнэнийг ялган салгаж өгөхийг хүсч хандаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

          Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А Т Ү ТТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Хоёр шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

          Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй нь буруу болжээ.     

          Нэхэмжлэгч Г.А нь 2007 оны 8 дугаар сараас эхлэн тухайн байгууллагад сахиул үйлчлэгчээр ажиллажээ. Байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай А Т Ү ТТӨҮГ-ын захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар Г.А нь үйлчлэгчээр томилогдож, Говь-Алтай аймгийн салбар Автотээврийн төвтэй 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.         

          Ийнхүү бүтэц, орон тоо өөрчлөн зохион байгуулснаас 1 сар 15 хоногийн дараа ажил олгогч нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “орон нутгийн төвүүдийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан” Б/176 тоот тушаалаар дахин бүтцийн өөрчлөлт хийжээ. Уг тушаалаар Говь-Алтай аймгийн автотээврийн төвийн орон тоог 13, үүнээс сахиулын орон тоог 1 гэж баталсан байх ба нэхэмжлэгчийн ажлын байр буюу үйлчлэгчийн орон тоо хасагдсан агуулгатай байна.

          Хариуцагчийн зүгээс Г.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот  тушаалыг шүүхэд гаргаж өгсөн ба уг тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй, одоо харж байна  гэжээ.       

           Ажил олгогч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын байр үгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан үйл баримт ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогдсон болохыг шүүх анхаараагүй нь буруу байна. Зохигчид хожим нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд хэлбэрийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа гүйцэтгэж, сар бүр цалин, хөлсөө авч, ээлжийн амралтыг эдэлж байснаас үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан гэж үзэхээр байна. Хариуцагч байгууллага 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалыг ажилтанд гардуулаагүй, шүүхэд мэтгэлцэх явцдаа нэхэмжлэгч уг тушаалыг мэджээ. Орон тоо бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “үйлчлэгчийн” орон тоо хасагдсан гэх боловч хариуцагч байгууллага тухайн үед хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар ажилтанд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн ажил үүргийг хэвээр, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон нөхцөлөөр үргэжлүүлэн гүйцэтгүүлж байсан байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн оронд одоо өөр хүн ажиллаж байгаа, орон нутгийн бусад адил байгууллагад үйлчлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэх  нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.        

          Иймд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69.1-д заасан зохицуулалтын дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 дугаар 01-нээс ажилд эгүүлэн тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцоход ажлын 280 хоног, нэхэмжлэгчийн авч байсан сүүлийн 3 сарын цалингаас сарын дундаж хэмжээг тогтооход 590 625 төгрөг, нэг өдрийн цалин 27 470 төгрөг нийт 7 691 600 төгрөгийн олговрыг гаргуулах үндэслэлтэй байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1399 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсгийг баримтлан Г.Аг А Т Ү ТТӨҮГазрын Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7 691 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Г.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дах заалтад “...дурьдсугай гэснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулин 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 138 015 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                      

                          ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА