Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 24

 

 

С.Чимэдсанд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Хохирогч: А.Цэцэгээ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Чимэдсанд холбогдох, эрүүгийн 201610000394 дугаартай, 2 хавтас, 280 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Ө.Мөнхнавчийн эсэргүүцэл, хохирогч А.Цэцгээгийн давж заалдсан гомдол зэргийг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг8 Данзанваанчигийн 7-36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Сэнгээгийн Чимэдсан /ЕЮ99061514/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсан нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 6 дугаар гудамжинд 30-43 ДГА улсын дугаартай Sanya маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 а, 2.3 в, 2.5 а, 2.5 в, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин 3 настай Э.Цэнгүүнбаярыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Сэнгээгийн Чимэдсанг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилээр хасч, 2 жил хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд оногдуулсан 3 жил хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсангийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй ялтан С.Чимэдсанд хяналт тавихыг түүний эцэг эхэд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсан нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.Нандинцэцэгээс 534924 төгрөг гаргуулж хохирогч А.Цэцэгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 234 655 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч А.Цэцгээ нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ... тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Ө.Мөнхнавч эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "... Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзвэл шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Ингэхдээ нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулна...” гэж заасан байхад насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанд ногдуулсан ялыг хойшлуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хойшлуулалгүй эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул нэмэгдэл ялыг мөн адил хойшлуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч А.Цэцгээ давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 36 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Уг хэргийн улмаас миний 3 настай хүү Цэнгүүнбаяр биедээ хүнд гэмтэл авсан, тархи толгойн яс нь цуурсан, биеийн эрүүл мэндийн хувьд хичнээн эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч сайжирсан зүйлгүй, маш хэцүүхэн байдалд байна. Эмчилгээний зардлыг Чимэдсан болон түүний хууль ёсны төлөөлөгч Нандинцэцэг нарын зүгээс бүрэн төлсөн зүйлгүй. Анхан шатны шүүх хурал дээр Нандинцэцэг мэдүүлэхдээ: .... Чимэдсанг 3, 4 дүгээр ангид байхаасаа л аав Наранбаатарынхаа мотоциклийг барьдаг байсан гэж мэдүүлдэг ба Наранбаатарын хувьд ч насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэн өгсөн нь тодорхой байсаар байхад үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулан зөвхөн Чимэдсанг хамааруулан шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Миний хүүхдийн биед учирсан гэмтэл нь цаашдаа амь насанд нь аюултай байхаар эмч нар зөвлөсөн, цуурсан тархи толгойн ясны зургийг харахаар ч нүд халтирам байдаг. Хүүхдийг маань ийм байдалтай болгочихоод эмчилгээний  зардал мөнгийг төлж барагдуулсан зүйлгүй, төлөх мөнгөгүй гэж хэлж байгаа, миний хүүхдийг гаргуунд нь орхисон. Чимэдсанд чин санаанаасаа гэмшсэн зүйл харагдахгүй байна. Шүүхээс С.Чимэдсанд хорих ял оногдуулсан тогтоолыг  биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсанд гомдолтой байна. Төлбөрийн хувьд огт төлөөгүй биш 200000 төгрөг авчирч өгч байсан. Хүүхдийн маань биед учирсан гэмтэл бэртэл бүрэн дүүрэн арилаагүй,  байнгын эмчилгээ сувилгаатай байгаа бөгөөд тархи толгойн хүнд гэмтэл нь цаашдаа хүүхдэд нөлөөлөхдөө унаж, татдаг болно гэсэн болохоор миний хувьд маш их гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянан үзэж өгнө үү гэв.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: С.Чимэдсан нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 6 дугаар гудамжинд 30-43 ДГА улсын дугаартай Sanya маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 а, 2.3 в, 2.5а, 2.5в, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин 3 настай Э.Цэнгүүнбаярыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан нь хавтаст хэргийн материалаар хангалттай нотлогдож байгаа. Чимэдсанд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг хойшлуулахгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж  шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд хохирогчид 534924 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Наранбаатараас мотоцикль унах зөвшөөрөл авах гэхэд гэртээ байгаагүй учраас зөвшөөрөл аваагүй байдаг, иймээс Наранбаатар энэ хэрэгт татагдах боломжгүй гэж үзэж байна. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Чимэдсан нь насанд хүрээгүй үедээ хойд эцэг Наранбаатарын өмчлөлийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гудамжинд ээжтэйгээ зогсож байсан 3 настай Э.Цэнгүүнбаярыг мөргөж түүний биед тархины зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал бүхий хүнд гэмтэл, тархины баруун талын гадна дээд ханын шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулсан,  зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хорих ял,  мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон хохирогч А.Цэцгээ нарын давж заалдсан гомдлын дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч С.Чимэдсанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Бямбажав, Б.Нарангоо нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр, хохирогч А.Цэнгүүнбаярын биед учирсан гэмтлийн талаар шүүхийн шинжилгээний албаны 28 тоот шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын талаарх Замын цагдаагийн 09 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж давж заалдах шатны шүүхээс үнэлж байна.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч С.Чимэдсанг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан боловч шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэвч түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялын нэгэн адил хойшлуулалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д нийцээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Энэ нөхцөл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх тул шүүгдэгчид оногдуулсан жолооны эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялын хамт мөн 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх ба энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Чимэдсангийн хойд эцэг Р.Наранбаатарыг насанд хүрээгүй С.Чимэдсанд жолоогоо шилжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, өөрийн дагавар хүүхэд С.Чимэдсанг зам тээврийн осол гаргаж хүн гэмтээсэн талаар мэдсэн байж зориуд худал мэдээлсэн буюу Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-д заасан гэмт хэргүүдэд сэжигтнээр тогтоож, байцаалт авсан боловч түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэсэн үндэслэлээр  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон байна.

Учир нь Р.Наранбаатар нь насанд хүрээгүй С.Чимэдсанд өөрөө жолоогоо санаатай болон болгоомжгүйгээр шилжүүлсэн нь хавтаст хэргийн материалаар тогтоогдоогүй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь  хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шунахайн болон хувийн бусад сэдэлтээр зориуд худал мэдээлсэн байхыг шаарддаг ба Р.Наранбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “ ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй тул түүнийг гэмт хэрэгт буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Чимэдсанд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нийтлэг зарчмыг баримтлаагүй гэх үндэслэл хэрэгт цугларсан нотох баримтаар тогтоогдоогүй ба хохирогч А.Цэцгээгийн давж заалдсан гомдолд дурдсанаар хохирол төлбөр төлөөгүй үндэслэлээр анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Хохирогч А.Цэцгээ нь шийтгэх тогтоолын дагуу олгогдохоор шийдвэрлэгдсэн 534.924 төгрөгийн хүүхдийн эмчилгээний зардлыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадан гаргуулж авах эрхтэй ба анхан шатны шүүхээс цаашид гаргах эмчилгээний зардлыг жичдээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул цаашдын хохирлоо шүүгдэгч болон түүний асран хамгаалагчаас нэхэмжилж авах боломжтой юм.

 

Эдгээр үндэслэлээр хохирогч А.Цэцгээгийн мотоциклийн өмчлөгч Р.Наранбаатарт хариуцлага тооцсонгүй гэх, хохирол төлөгдөөгүй байхад шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсанд гомдолтой гэх гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “... С.Чимэдсанд ... “ гэсний дараа “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах болон “ гэж нэмж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Прокурорын газрын улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, хохирогч А.Цэцгээгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

                                                                                        А.САЙНТӨГС