Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0228

 

 

"З т н” ОНӨААТҮГ-ын

ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны

 дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Н.Т, өмгөөлөгч Д.Мөнхбат, гуравдагч этгээд “З т н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, С.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 15 дугаар зүйлийн 15.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “З т н” аж ахуйн тооцоот үйлдвэрийн захиргаа болон “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох, “З т н” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

“З т н” ОНӨААТҮГ-т гишүүдийнхээ хөдөлмөрлөх боон хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг хуулийн этгээдийн эрхтэй, тамга тэмдэгтэй. Нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, гуравдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэл, сүүлд байгуулагдсан “Э н” ажилтны үйлдвэрчний эвлэл зэрэг 5 үйлдвэрчний эвлэлтэй юм.

2017 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, гуравдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлүүд ямар ч хурал хийгээгүй, тамга тэмдэг нь дарагдаагүй. Мөн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчдийг сонгож батлаагүй юм.

Харин хэрэгт байх 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл нь ЗТН-ийн 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэмдэглэл гэсэн гарчигтай боловч манай үйлдвэрчний эвлэлийн хороо хуралдаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны хуйвалдаж хийсэн хурал юм. Уг нь 2017 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 26-ны өдрүүдийн хурлыг баазуудын дарга нар удирдсан хурал бөгөөд ажилчид оролцоогүй, захиргааны ажилчид оролцсон хурал байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг бүртгэсэн боловч 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлуудаар дахин дарга сонгоод батлаад байдаг хууль бус хурлууд юм. Энэ талаархи гаргаж маргаад байхад шүүхээс маргаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо хууль зөрчиж байгуулагдсан, хуралд ажилчид оролцоогүй, тухайн үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн биш хүчээр бүртгэсэн байна, хууль бус дордуулсан хамтын гэрээг байгуулсныг зогсоох 1-р баазын 6 хэсгийн ажилтны гарын үсэг бүхий улсын бүртгэлийн байгууллагад гаргасан шаардлага бүхий баримтыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчээс “...бусад үйлдвэрчний эвлэлүүд нь үйл ажиллагаа явуулах эрхгүй, үйлдвэр хорооны сонгуульт ажилчид нь ямар нэгэн цалин хөлсгүй, үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаагүй, ажиллах нөхцөл боломжгүй болсон учир энэ хамтын гэрээг хууль бусаар байгуулсан...” гэж тайлбарлан маргахаас гадна үүнээс илүү зөрчигдсөн эрх ашгийн талаар тухайлбал нийт ажилтнуудын цалин хөлс багассан, цалин хөлсний журам, хөдөлмөрийн дотоод журам, гэрээ зэргийг үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж, байгуулахгүйгээс бүх төрлийн тэтгэмж буурсан, 15 хувийн нэмэгдэл буурсан, үр дүнгийн шалгалт цалин олгогдохоо больсон зэрэг нийт ажилчдын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг нотлох баримтын хамт гаргаж тайлбарласан.

2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний үндэслэл нь гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлтэй ижил бөгөөд уг гэрээг 2019  оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн нь хууль зөрчсөн. Өмнөх хамтын гэрээний маргаан шүүхээр хэлэлцэгдэх явцад 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч энэхүү гэрээг бүртгэсэн тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-аас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “З т н” ОНӨААТҮГ болон “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох, “З т н” ОНӨААТҮГ, “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

“З т н” ОНӨААТҮГ, “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ” байгуулж[1], Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэхээр хүргүүлсэн байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус гэрээг бүртгэжээ[2].

Мөн “З т н” ОНӨААТҮГ, “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг[3] Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч “...хэд хэдэн үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулж байхад бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдээгүй, оролцоог хангахгүйгээр зөвхөн нэг үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь ажилчдын хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4-д “Хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ”, 15.4-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасан.

“З т н” ОНӨААТҮГ-т нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, гуравдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Э н”  ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З т н” ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 5 үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулж байх бөгөөд тус үйлдвэрчний эвлэлийн хороод 2017 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хуралдаж[4] “З т н” ОНӨААТҮГ-ын “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон тэргүүлэгчдийг сонгон баталжээ.

Дээрх хурлуудаас сонгогдсон дарга болон төлөөлөгчид нь “З т н” ОНӨААТҮГ, “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 болон 2018-2020 онуудад хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулахад оролцсон болох нь батлагдаж байх тул хамтын гэрээг байгуулахад ажилтны оролцоог хангаагүй зөвхөн нэг талын үйлдвэрчний эвлэлийн хороотой гэрээ байгуулсан гэж маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “З т н” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороодууд хэлэлцэж “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон төлөөлөгчдийг томилон тэдгээр нь захиргаатай хамтын гэрээ байгуулсныг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэжээ. Дээрх үйл баримтаас хариуцагч хамтын гэрээг хуульд нийцэж байгаа эсэхийг хянаагүй, ажилтны оролцоог хангаагүй бүртгэсэн гэх боломжгүй байх бөгөөд хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлуудыг хууль бус гэж маргаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар дээрх хурлуудыг хууль бус гэж маргаж байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй, нөгөө талаар хуульд зааснаар хуурамч баримт гаргахыг хуулиар хориглосон байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн гэж буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн” гэсний ард “тухай хуулийн” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 2 хавтас 110-116 хуудас

[2] 2 хавтас 109 хуудас

[3] 4 хавтас 126-134 хуудас

[4] 3 хавтас 152-176 хуудас