| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0934/З |
| Дугаар | 001/ХТ2026/0026 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2026/0026
Н.С, Ш.Е, “А” ГҮТББ нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0763 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2026/0075 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Н.С, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, Ө.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгч “А” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, Н.Н, Д.М нарыг оролцуулан хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгч “А” ГҮТББ нараас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай,
1.2.нэхэмжлэгч Ш.Е-оос нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон байна.
2.2.Мөн нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталжээ.
2.3.Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хэд хэд иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхэд халдсан, захиргааны байгууллагаас маргаан бүхий акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессын, зарчмын зөрчилтэй хэм хэмжээний акт гаргасан, шинээр худалдан авсан автомашиндаа зохих журмын дагуу улсын дугаар авахад хүндрэл үүссэн, улсын дугаарыг их хэмжээгээр авч хадгалсан хэсэг хүмүүсээс өндөр үнээр худалдан авахаар нөхцөл байдал үүссэн” гэж тус тус тодорхойлон маргажээ.
2.4.Хариуцагчаас “... нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах үндэслэлээр болон нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, холбогдох судалгаа, тооцооллыг хийж, хууль, дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрүүдийг гаргасан” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэрээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.5, 171.7-д тус тус заасныг баримтлан иргэн Н.С, Ш.Е, “А” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0763 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн..., 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” бол гэж тус тус заасны дагуу нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэжээ.
6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т “тогтоолын зорилго нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн байх бөгөөд хариуцагчаас дээрх хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д заасан нөлөөллийн шинжилгээ, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан саналыг авч, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн байна”, 1.4-т “дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь процессын хувьд зөрчилгүй, Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж, дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг НИТХ-д хуулиар олгосон байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна”.
6.2.Учир нь нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, борлуулалтын тухайд шууд үр дагавар үүсгэж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл дээрх тогтоол нь иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх ашигт чиглэсэн, нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
6.3.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 9-т “шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас 730.000 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох дээд хязгаарыг тогтоосон атлаа сонгуулийн өмнө Нийслэлийн авто тээврийн газраас нэмж 50.000 тээврийн хэрэгслийн дугаар олгосон боловч *** гаруй аж ахуйн нэгжүүдийн Япон улсаас татан авсан төрийн бус байгууллагын маргаж буй 37.000 авто машинд олгогдоогүй” гэж маргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “тодорхой мэдээлэл байхгүй учир хариу тайлбар хийх боломжгүй” гэсэн тул эдгээр үйл баримтын талаар тодруулах, тухайлбал ямар зорилго, зориулалтаар нэмж 50.000 тээврийн хэрэгслийн дугаар олгогдсон, энэ нь нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор маргаж буй тогтоол, захирамжтай холбоотой эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзжээ. НИТХ-ын 2024 оны *** дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоож өгсөн.
6.4.Мөн магадлалын хянавал хэсгийн 9-т дурдсан асуудлын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, энэ талаар холбогдох нотлох баримтууд хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл магадал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шүүхэд гаргахгүй” энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114 3 дахь хэсэгт заасан “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэсэн хуулийн дээрх заалтад заасан үүргээ биелүүлээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж байна.
Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
7.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2026/0075 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч нараас “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон” нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоол, “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлт баталсан” нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг эс зөвшөөрч маргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
11.Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд давж заалдах шатны тухайн дүгнэлтүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэлд нийцэхгүй байна.
12.Тодруулбал, “Маргаан бүхий хэм хэмжээний акт нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа бүртгэлийг зогсоож байгаа нь хүчин төгөлдөр шийдвэргүйгээр олон иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн эсэх, ...Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хоёр журмын биелэлт, аль нь хэрэгжих нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулж, талуудын маргаж буй дурдсан үндэслэл бүрд хууль зүйн дүгнэлт”-ийг, “нэхэмжлэгч төрийн бус байгууллагын маргаж буй 37,000 авто машин тус тооцоо, судалгаанд хамрагдсан эсэх, бодит байдал дээр эдгээр автомашинуудад дугаар олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх”, нэхэмжлэгч нараас маргасан маргаан бүхий актын улмаас импортолсон тээврийн хэрэгслээ эзэмшиж, ашиглах боломжгүй болсон, өмчлөх эрх зөрчигдсөн эсэх, мөн тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг хэрхэн тооцож, шинжилсэн эсэх” зэрэг асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 118 дугаар зүйлийн 118.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
13.Түүнчлэн, давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч талаас тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтын дээд хязгаарыг 730,000 гэж тогтоосон атлаа нэмэлтээр улсын дугаар олгосон, тодруулбал 50,000 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгосон, мөн импортолсон 37,000 тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “тодорхой мэдээлэл байхгүй учир хариу тайлбар хийх боломжгүй” гэх нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримт цуглуулах, мөн “хариуцагчаас шүүхэд гаргасан “...Эдгээр зохицуулалт нь хөдөлшгүй, өөрчлөгдөх боломжгүй хатуу журам биш. Авто замын нягтрал, түгжрэлийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” хэмээн тайлбарлан маргаж байгааг тодруулах” шаардлагатай гэжээ.
14.Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг болон хариуцагчийн гаргасан тайлбарыг тодруулах нь маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөд ямар ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатай талаарх үндэслэлийг магадлалд тусгаагүйгээс гадна тухайн дүгнэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэсэн заалтад нийцэхгүй байна.
15.Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
16.Дээрх нөхцөл байдлаас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, цугларсан нотлох баримтын хүрээнд маргаан бүхий актын зорилго, агуулга, хэрэгжилт, үр дагаврыг үнэлж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үзүүлсэн нөлөөлөлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
17.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0763 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР