Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 198

 

Л.Золзаяа Б.Цогбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Д.Булганцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар магадлалтай 201525031697 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Цогбаярын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Харагчин овогт Лхагвасүрэнгийн Золзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналтаас оргох” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 168 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар 168 цагийн албадан ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 102 цагийг 4 хоногийн хугацаагаар баривчлах ялаар сольсон, 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Боржигон овогт Баасандоржийн Цогбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналтаас оргох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Золзаяаг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Цогбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяаг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяагийн цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоног, шүүгдэгч Б.Цогбаярын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Золзаяагаас нийт 1.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Баярцэцэгт 1.100.000 төгрөгийг, хохирогч Б.Урантөгсд 750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Цогбаяраас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Урантөгсд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цогбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Цогбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Мөрдөн байцаагч нь миний өгсөн мэдүүлгийг гуйвуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс болж миний бие Б.Цогбаяр нь Л.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн хулгайн хэрэгт буруутгагдаж, хохирогчийн худал мэдүүлгээс болж 2 жил 1 сарын ял авсан. Л.Золзаяа анхны мэдүүлгээрээ хохирогч Урантөгсийн утсыг өөрөө хулгайлснаа хүлээн зөвшөөрч намайг энэ хэрэгт ямар ч хамаагүй гэдгийг удаа дараа хэлсэн боловч мөрдөн байцаагч Мөнхнасан хэргийг гуйвуулан намайг хэрэгтэн болгосон” гэжээ.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цогбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Л.Золзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Баярцэцэгийн халааснаас “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хулгайлж 1.100.000 төгрөгийн, Б.Цогбаяртай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Галакси Эс-6 голд” маркийн гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,

Б.Цогбаяр нь Л.Золзаяатай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Галакси Эс-6 голд” маркийн гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шууд заасан хохирогчийн мэдүүлэг, түүний мэдүүлгийн эх сурвалжийг баталсан гэрчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Цогбаяр нь бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн тухайн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.Золзаяа, Б.Цогбаяр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Цогбаярын “хулгайн гэмт хэргийг үйлдээгүй, дахин шалгаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 417 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цогбаярын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                              ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН