Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00571

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Мийн Ед холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгах тухай.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Халамж эмнэлэгт их эмчээр ажиллаж байхад Үйлдвэрчний эвлэлийн хороог анх үүсгэж байгуулсан ба 2010 онд өндөр насны тэтгэвэрт гарахдаа уг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүрэгт ажлыг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тус эмнэлгийн их эмч Д.Сд хүлээлгэж өгсөн юм. Түүнээс хойш уг үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааны болон төрийн байгууллагуудад гаргаж өгөх ёстой тайлан болон татварын асуудлыг би хариуцахгүй болсон ба уг асуудлыг Халамж эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад тавих нь зүйтэй гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус газрын нэхэмжлэлтэй иргэн М.Ед /Д.С/ холбогдох Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд тус хэргийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэлтэй, М.Ед холбогдох Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар 135.2.14-т тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Халамжийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК